Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/601

 

 

 

 

 

 

 

  2023        09          20                                    2023/ШЦТ/601

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч М.М  /цахимаар/,

шүүгдэгч Э.Р  нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 1132 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э-ын Р /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,  хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Р  нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн гадна  байрлуулсан бусдын эд хөрөнгө болох хохирогч М.М ийн өмчлөлийн Тоёото Кроун 214 маркийн 00-00 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч М.М ийн мэдүүлэг,  Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 937 хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Э.Р ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М  мэдүүлэхдээ: “Би ээжийнхээ гэр рүү явж байхад миний машиныг шүүгдэгч Э.Р  зурсан. Тухайн газрын хажууд байсан CU дэлгүүрийн камерын бичлэгээс харж байгаад Э.Р ийг олсон. Би машинаа засуулаад гарсан төлбөрөө нэхэмжлэхээр цагдаад баримтаа гаргаж өгнө гэж хэлсэн. VIP car wash гэх авто засварын газарт би машинаа засуулаад нэхэмжлэх гаргуулсан байгаа. Би удахгүй машинаа засуулчихаад хөдөө явна, тэгээд миний мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл Ашид Билгүүн ХХК хөрөнгийн үнэлгээний газраас гарсан дүгнэлт буюу 1,750,000 төгрөгийг өгч чадна. 10,300,000 төгрөгийг өгч чадахгүй гээд байсан. Гэтэл одоо тухайн үед болсон зүйлсийг санахгүй байна гэж хэлээд байна. Согтуугаар хүний эд, хөрөнгө болох машинд халдаж намайг цаг хугацаа, эдийн засгаар хохироож байна. Би шүүхийн шийдвэрийг хүлээж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Р  мэдүүлэхдээ: “Миний эрхэлдэг ажлын санхүүжилт нь Солонгос улсаас орж ирдэг. 8 хоногийн дараа санхүүжилтээ аваад хохирол, төлбөрөө төлнө.” гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Р  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Э.Р  нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн гадна байрлуулсан бусдын эд хөрөнгө болох хохирогч М.М ийн өмчлөлийн Тоёото Кроун 214 маркийн 00-00 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талыг ир үзүүртэй зүйлээр зурж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч М.М  мэдүүлсэн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 3 цагийн орчимд өөрийнхөө ажлаас гараад өөрийн ээж болох Хишигжаргалын гар рүү /Зурагтад байдаг/ явж байх замдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СU сүлжээ дэлгүүрээс электрон тамхиндаа под авах гээд ороод гарч ирэхэд миний машин болох 00-00 УБВ улсын дугаартай Toyota Majesta Crown 215 маркийн автомашиныг хурц иртэй зүйлээр бүтэн тойруулаад зурчихсан байсан. 8 деталь зураас гарсан байсан. Тухайн үед би хүмүүстэй хэрэлдээгүй СU сүлжээ дэлгүүрийн гадна зогсоол байхгүй байсан, тэгээд цагаан өнгийн Приус 00 УАУ улсын дугаартай/ байхаар нь би тэр машиныг урагшлуулчих юм бол машин тавих зай гчрих юм шиг санагдаад жоохон урагшлаад өгөөч гэсэн чинь юм дугараагүй жолооч нь буугаад яваад өгсөн тэгэхээр нь би сигналдаад жоохон урагшлаад өгчих гэсэн чинь жолоочийн хажуу талаас нэг залуу амандаа үглээд бууж ирээд өөрийнхөө Приус 30 машинаа урагшлуулж өгсөн. Тэгээд би СU рүү орчихоод гараад ирсэн чинь миний машиныг бүтэн тойруулаад иртэй зүйлээр зурчихсан байсан. Дараа нь цагдаа нартай СU дэлгүүрийн хяналтын камщрыг шүүж үзэхэд миний урагшлаад өгөөч гэсэн Приус 30 дотор сууж байсан залуу миний машиныг зурж байсан нь бичлэгт гарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 937 хөрөнгийн үнэлгээний “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.735.000 төгрөг.” (хавтаст хэргийн 37-39 дэх тал) гэх тайлан,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

Шүүгдэгч Э.Р  яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дамбадаржаад байдаг найз болох З ын гэрт очоод бид хоёр 0.75 литрийн экс нэртэй 2 шил архи, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёрыг тус тус уусан. Бид хоёр ууж дуусаад байж байтал миний төрсөн эмэгтэй дүү болох Б нь Эх нялхаст хийсвэрт орж төрөхөөр боллоо гэж над руу ярьсан, тэгээд би согтуу болохоор машин барьж болохгүй юм чинь гээд хадам дүү Д ыг дуудсан. ахыгаа ирээд эх нялхас оруулаад өгөөч гэтэл за гээд манай хадам дүү манай найз З ын гэрт ирсэн. Тэгээд хадам дүү бид хоёр эх нялхас явж байх замдаа Баянбүрдийн ойролцоогоос зүс таних эмэгтэй болох Д гэж дууддаг тухайн өдөр н ад руу чатт биччихсэн байсан тэгээд би найз З ын гэрээс гарахдаа холбоо бариад замаасаа авсан юм шиг байна лээ /болсон явдлыг сайн санахгүй байгаа/. Тэгээд Эх нялхас дээр очиход манай хамаатны эгч болох Ц чи архиа гаргаад, гоймон идээд халуун юм уучихаад хүрээд ир гэж хэлсэн байна лээ би тэгж хэлсэнг нь санахгүй байгаа эрүүл болоод эгчээсээ сонссон, тэгээд манай хадам дүү миний архийг гаргах гээд CU дэлгүүрээс 2 гоймон авч гарч ирэх хооронд нь би хүний машиныг зурж сэвтээсэн байсан. Энэ үйл явдлыг маргааш нь эрүүл болоод архи гарсны дараа эхнэрээсээ мэдсэн. Д гээд байгаа зүс таних танил маань машинд суухад эрүүл байсан гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор тийм сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгч Э.Р  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Э.Р ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Р ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч М.М д гэмт хэргийн улмаас нийт 1.735.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Хэдийгээр хавтаст хэрэгт Эм Жи Эл Ви Ай Пи групп ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 10.300.000 төгрөгийн нэхэмжлэх авагдсан хохирогч М.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт VIP Car wash авто засварын газарт 10.300.000 төгрөгөөр өөрийн автомашиныг засуулсан боловч одоо шүүгдэгчээс 1.735.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Э.Р  нь хохирол төлөх хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/1273 захирамжаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд Э.Р  нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.735.000 нэг сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг хохирогч М.М ийн 54........ тоот дансанд тушааж холбогдох санхүүгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Р  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Р ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Э.Р  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Р ид ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Э.Р  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Р ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Р ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Р /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Р ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р ид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Р ид сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Э.Р  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Р ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР