| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00409/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* Б.Э /РД: /
Хариуцагч: Налайх дүүргийн 7 дугаар хороо,******* тоотод оршин суух, ******* З.Н / /-д холбогдуулан гаргасан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би З.Нтэй 2001 онд танилцаж, *******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний дундаас *******-ны өдөр охин Н. төрсөн. Бид зан харьцааны хувьд таарахаа больсон шалтгаан нь З.Н архи уухаараа агсам тавьж, гар хүрэх болсонтой холбоотой. Иймд 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртлэх хугацаанд тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд охин Н. миний асрамжид байсан. Харин З.Н нэг дүүрэгт амьдарч байж хүүхэдтэйгээ уулзах гэж нэг ч удаа ирээгүй, ямар нэг тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Одоо охин Н. 17 нас хүрсэн ба эцгийнхээ талаар сайн мэдэхгүй. З.Н охинтойгоо уулзана гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Мөн би тэтгэлэг нэхэмжлээгүй ч өөрөө сайн дураар охиноо дэмжиж тусалж болно. Харин бид эвлэрч амьдрах боломжгүй байхгүй. Хэн хэн нь өөрийн гэсэн гэр бүл, үр хүүхэдтэй болсон тул гэрлэлийг цуцалж, охин Н.ийн асрамжийг шийдвэрлэж өгнө үү. Бид хамт амьдрах хугацаанд эд хөрөнгөтэй байгаагүй тул маргаан байхгүй гэв.
Хариуцагч З.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Этай *******-ны өдөр танилцан, хурим хийж гэр бүл болсон. *******-ны өдөр охин Н. төрсөн. Бид 6 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд хэрүүл маргаангүй сайхан байсан. Гэтэл Б.Э сүүлийн жил хажуу айлын хүнтэй хардаж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Б.Э 2008 оны 02 дугаар сард намайг малд яваад ирэх хооронд охиныг минь аваад аймаг явчихсан байсан. Би архи байнга ууж, зодож цохиж байгаагүй. Харин энэ хүний үндэслэлгүй хардалтаас болж нэг удаа гар хүрч байсан.
Үүнээс болж 2008 онд ээр орж, нэг удаа эвлэрч байсан. Гэвч Б.Э 2008 оны 6 дугаар сард охиныг маань аваад Улаанбаатар хор руу явсан. Би айлд малаа тавиад араас нь очиход Налайх дүүрэгт ахындаа амьдарч байсан. Би охинтойгоо уулзахаар очиход намайг хөөж туугаад уулзуулаагүй. 1 сарын турш өглөө ирж, орой явж хаалгыг нь сахисан боловч уулзаагүй. Тэгээд би 2009 онд Налайх дүүрэгт нүүн ирж эхнэр охин хоёртойгоо хамт амьдаръя гэж зөндөө гуйсан боловч зөвшөөрөөгүй.
Би 2010 онд одоо хамтран амьдарч байгаа эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүү Н., -ний өдөр охин Н. нар төрсөн. Одоо бид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй.
Харин би “” ХХК-д харуул хамгаалалтын албанд 400.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Гэхдээ энэ хугацаанд охиндоо мөнгөн хадгаламж нээсэн. Одоо 1.000.000 төгрөг болсон. Үүнийг насанд хүрэхээр нь Н.т өгнө. Би охиноо бага байхад нь их эрхлүүлдэг байсан ч эх нь уулзуулдаггүй байсан учир өнөөдрийг хүртэл уулзаагүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э хариуцагч З.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч З.Н нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч насанд хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.Э гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Б.Э хариуцагч З.Н нар 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас *******-ны өдөр охин Н. төрсөн. Охин Н. одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаарт гэрлэлт бүртгүүлсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Н.ийн 0000542819-0015 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээ болон Н.ийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 249 дугаартай “Н. нь тус сургуулийн А.Одончимэг багштай 112 ангид сурдаг нь үнэн” гэсэн албан бичиг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-8-10/
Нэхэмжлэгч Б.Э гэрлэлт цуцлуулах болсноо “...тус тусдаа амьдраад олон жил болсон. Хэн хэн нь өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэд төрүүлсэн...” гэж тайлбарласан, хариуцагч З.Н “бид тухайн үед үл ойлголцлоос болж салсан. Одоо тус тусдаа амьдралтай болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал тогтоогдов.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.Э, хариуцагч З.Н нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Б.Э үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг З.Нгээс илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ ээнэгшин дассан болон охин Н.ийн “...Ээж бол миний хэрэгтэй зүйлсийг хангалттай авч өгдөг, ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна, ... 2008 онд ээжтэйгээ Налайх дүүрэгт шилжин ирж байхад аавтайгаа нэг удаа уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй, уулзах сонирхол бараг байхгүй” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан *******-ны өдөр төрсөн охин Н.ийг эх Б.Эгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Б.Э хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч З.Н үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймээс хариуцагч З.Н үр хүүхдээ сайн дураар тэжээн тэтгэж байхыг дурдаж байна.
Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Нгээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Б.Э, ******* З.Н нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан *******-ны өдөр төрсөн охин Н.ийг эх Б.Эгийн асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Нгээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС