Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

2023           10           12                                    2023/ШЦТ/88

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Д.З

Шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт М-ын Ш-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, .... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ХХК-нд .... ажилтай, ам бүл ...., ээжийн хамт амьдардаг, .... дүүргийн ..... хороо, Сургуулийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт М-ын Ш /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд суманд хохирогч А.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун хоншоор ясны өмнөд болон гадна хана, хацар яс, хацрын нум, баруун нүдний ухархайн гадна, доод хана хамарсан нийлмэл хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:     

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М-ын Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хотоос наашаа том тэрэгтэй ирсэн. Намайг ... дугаар сарын ...-ны өдөр хотоос ирэх гэж байхад Н намайг буудлаас ирээд авчих, би хэцүү байдалд байгаад байна, ирээд тус болооч гэж хэлсэн. Би очоод таксины мөнгө өгье би хот явах гээд байна гэхэд хамт явъя гээд надтай цуг ... ирсэн. Тухайн үед шартаад байна архи аваад өгөөч гэж шалгаагаад байсан. Би бас хэцүү байгаа юм байна гээд замдаа муудалцах маягтай байсан. Өөрөө агсам төрлийн араншин гаргаад байсан. Бид 12 жил гаруй хамт хамтарч амьдарсан. О гэх найз залуу нь утсаар яриад би чамайг ална гээд түүнээс нь болоод муудалцсан. Би сүртэй янз бүрийн зүйл хэлээгүй. Тэгээд миний хамар руу цохисон. Буугаад бие засаад сонин юм ярьсан. Чи тэрнээс долоон дор гэхээр нь уурандаа цохчихсон. Би Н цохисон талаараа согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Цохих шиг болсон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

Шүүгдэгч М.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд бид хоёр Замын-Үүд хотод байрлах Эрээн хот руу гардаг хаалтны наана байрладаг машины зогсоол дээр машин дотроо 75 граммын хэмжээтэй нэг шил архи хамт хувааж уусан. Н би нэлээн согтоод байхаар нь би Н-д бага өгөөд өөрөө ихэнхийг нь уугаад байсан чинь Н миний хамар луу цохисон. Би тэрийг бодохдоо архи нэхээд цохисон гэж ойлгосон, өөрөө болохоор намайг бэлгийн харьцаанд оръё гэхэд үгүй гээд цохисон гээд байгаа. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь машин дотор цусаа гаран дээрээ тосож байгаад нүүрийг нь цусаараа угаачихсан. Дараа нь би буугаад бие засаж ирэхэд Н нүүрээ угаагаад байж байхдаа нэг юм яриад байсан. Би тэр үед нь нэг алгадсан байх өөрөө болохоор намайг цохисон гээд байгаа. Тэгээд бид хоёр машиндаа ороод сууж байхад Н миний нүүр хавдаад байна гэхээр нь түргэн дуудаад бид хоёрыг аваад явсан. Очоод үзэхдээ эмч нь зөөлөн эдийн гэмтэл юм шиг байна хот руу очоод үзүүл гэсэн. Бид хоёр буцаад машин дээрээ ирээд байж байхад Н-ийн үерхдэг байсан О гэх залуу нь ...ийн цагдаад хэлчихсэн байсан. Тэгээд цагдаагаас над руу залгаад бид цуг очиж мэдүүлэг өгөхөд шаардлагатай бол араас чинь ярина гээд дахиж залгаагүй. Маргааш нь би Н суулгаад Улаанбаатар хот руу буцаасан гэжээ. /хх-ийн 51/

 Хохирогч  А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “... 2023 оны 06 сарын 22-ны өдөр бид ... ирсэн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бид хоёр машин дотор Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг хувааж ууж дуусгаад, дахин 0,75 литрийн хэмжээтэй архиа уугаад сууж байхад Ш надтай бэлгийн харьцаанд ормоор байна гээд байхаар нь би татгалзаад хамар руу нь баруун гараараа 1 удаа цохичихсон. Тухайн үед Ш нэлээн согтолттой байсан, харин би гайгүй байсан. Тэгсэн чинь Ш-ийн хамраас цус гараад Ш алган дээрээ цусаа тосож байгаад тэр цусаараа миний нүүрийг угаачихсан. Тэгэхээр нь би юм дуугарахгүй шууд машинаас буугаад нүүрээ угаасан. Тэр үед Ш бууж ирээд хажуугаар өнгөрөөд, хажууд шээж байгаа юм шиг харагдсан. Би Ш рүү эргээд хартал аль нэг гараараа миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхэд нь би хэд хэд өнхрөөд газар унасан. Тэр дороо миний баруун шанаа хавдчихсан. Би босоод шууд машин руу очоод жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Тэгэхэд Ш нөгөө талаар тойроод жолоочийн суудал дээр суусан. Би уйлаад, орилоод "Түргэн дуудаач ээ" гэсэн. Тэр үед Ш миний нүүр хавдсан байгааг Ш өөрөө хараад их сандраад түргэн дуудсан. Ш өөрөө хэлэхдээ тэр үед ухаан орсон гэж ярьдаг. Миний баруун шанааны овгор яс цөмрөлттэй, баруун нүдний доод яс нь хугаралттай байна гэсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тухайн гэмтэл нь Ш миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохисноос болж учирсан. Би 2023 оны 06 сарын 28-ны орой ...ээс вагонд суугаад 06 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн” гэжээ. /xx-ийн 28-29/

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 61-64/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

            Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 сарын 12-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Н-ийн биед баруун хоншоор ясны өмнөд болон гадна хана, хацар яс,

хацрын нум, баруун нүдний ухархайн гадна, доод хана хамарсан нийлмэл хугарал /subacute fracture/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М-ын Ш нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах ... хот гардаг том машины зогсоолд машин дотроо байрлаж байхдаа хохирогч А.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун хоншоор ясны өмнөд болон гадна хана, хацар яс, хацрын нум, баруун нүдний ухархайн гадна, доод хана хамарсан нийлмэл хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгч М.Ш-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч М.Ш-ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Ш рүү эргээд хартал аль нэг гараараа миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхэд нь би хэд хэд өнхрөөд газар унасан. Тэр дороо миний баруун шанаа хавдчихсан. Би босоод шууд машин руу очоод жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Тэгэхэд Ш- нөгөө талаар тойроод жолоочийн суудал дээр суусан. Би уйлаад, орилоод "Түргэн дуудаач ээ" гэсэн. Тэр үед Ш миний нүүр хавдсан байгааг Ш өөрөө хараад их сандраад түргэн дуудсан. Ш өөрөө хэлэхдээ тэр үед ухаан орсон гэж ярьдаг. Миний баруун шанааны овгор яс цөмрөлттэй, баруун нүдний доод яс нь хугаралттай байна гэсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тухайн гэмтэл нь Ш миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохисноос болж учирсан” гэх мэдүүлэг /xx-ийн 28-29/, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 сарын 12-ны өдрийн №.... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Шнь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.Ш нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

            Хохирогч А.Н нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 7,720,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэдэн төгрөгний ямар эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн, сэтгэл санаа нь хэрхэн яаж хохирсон талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч А.Н нь хийлгэсэн эмчилгээний зардал,  сэтгэл санаагаар хэрхэн хохирсон талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч М.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч М.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн зан төлөв зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ш-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт М-ын Ш /РД: .../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   М-ын Ш-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Ш- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч А.Н нь  хийлгэсэн эмчилгээний зардал, сэтгэл санаагаар хэрхэн хохиросон талаарх нотлох баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц