Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МТЗҮЭХнд холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сонинбайгаль

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтөгс, Б.Алтанхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхбаяр нь 1981 оны 07 дугаар сарын 01-нээс Салхит өртөөнд дагалдан вагон холбогчоор ажилд орж, тус өртөөний найруулагч, өртөөний жижүүр, Рашаант өртөөний дарга, Багахангай өртөөний дарга, Эрдэнэт өртөөний дарга, Туул зөрлөгийн дарга, Хонхор өртөөний дарга, хэсгийн байцаагч, Улаанбаатар 2 өртөөний даргаар ажиллаж байгаад өвчний учир группт гарсан.

2017 онд Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад нэр дэвшиж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бүх гишүүдийн хурлын олонхийн саналаар сонгогдсон. МТЗҮЭХны дарга нарын зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр томилсон.

Гэтэл намайг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар тус хорооны даргын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргажээ. Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо хурал хийхдээ илээр санал хурааж, дарга нарын зүгээс ажилчдаа дарамталж санал авч намайг огцруулах шийдвэр гаргасан. Намайг ажилд авахдаа групптэй хүн ажилд авахгүй гэж дарга илт дургүйцлээ илэрхийлж байсан.

Иймд Д.Мөнхбаяр намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхбаяр нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 1 тоот тогтоолоор хуралд оролцсон гишүүдийн 27.3 хувийн саналаар тус хорооны даргаар сонгогдсоноор Д.Мөнхбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Дарга нарын зөвлөгөөний 118 дугаар тогтоолоор Шинээр томилогдсон үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарын ажил шалган туслах үзлэгийн удирдамжийг баталсан. Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаярын ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шалгасан. Шалгалтаар Д.Мөнхбаяр нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаандаа албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хийдэггүй, ажлын төлөвлөгөө байхгүй, үйлдвэрчний эвлэлийн хорооны идэвхтэн, сонгуультнуудыг чиглэлээр хангаж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлаа хангалтгүй биелүүлж, санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасан байдаг. Мөн Д.Мөнхбаярын талаар ажилчидаас бичгээр болон амаар өргөдөл гомдол удаа дараа ирүүлсэн байдаг.

МТЗҮЭХны дүрмийн 15.5-д заасныг үндэслэн МТЗҮЭХноос Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчдийн хуралд дээрх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай талаар шийдвэрээ танилцуулсан.

Улмаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүх гишүүдийн хурлаа хийж, тус хорооны дарга Д.Мөнхбаяр нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж 88.9 хувийн саналаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалаас Д.Мөнхбаярыг огцруулах шийдвэр гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 2 тоот тогтоолоор огцруулсан. Энэ шийдвэрийг үндэслэж МТЗҮЭХны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мөнхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Мөнхбаярын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн гэрээний 2.2-т Үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан сонгуулийн болон бүх гишүүдийн хурлаас ажил, албан тушаалыг өөрчлөх огцруулах шийдвэр гаргасныг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан боловч тухайн ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэх ёстой.

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тухайн зөрчлийг шалган тогтоолгүйгээр, ажилтныг үндэслэлгүйгээр огцруулах шийдвэр гаргаж болохгүй. Д.Мөнхбаярыг ажлаас халах болсон 2 үндэслэл байдаг. Шинээр сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын ажил шалган туслах үзлэгээр сонгуульт үүргээ хангалтгүй биелүүлсэн байсан гэжээ. Тус шалган туслах үзлэгийн зорилго нь 2017 онд шинээр сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын ажлыг шалган арга зүйн зөвлөгөө, тусламж, дүгнэлт өгөх зорилготой байсан. Ажил шалган туслах үзлэгийн илтгэх хуудсанд дурдсанаар Улаанбаатар төмер замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Мөнхбаярт анхаарах 11 асуудал байх бөгөөд цаашид хэрхэн, юуг анхаарч ажиллах талаар тодорхой бичсэн байдаг.

Түүнээс Д.Мөнхбаярыг ажлаас халах, тухайн эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй, сонгуульт үүргээ хангалттай биелүүлээгүй талаар шалтгаан нөхцөл тусгагдаагүй байна.

Д.Мөнхбаяр нь ажилдаа томилогдоод 3 сар болсон бөгөөд тодорхой хэмжээний алдаа дутагдал гаргасан байсан ч тухайн алдаа дутагдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцож, ажлаас шууд халах алдаа дутагдал биш юм. Хэрэв алдаа дутагдал гарсан гэж үзэж байгаа бол түүнд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуулинд нийцүүлж арга хэмжээ авах боломжтой.

Мөн тухайн шалган туслах үзлэгийн удирдамж болон илтгэх хуудсанд "үзлэгийн дүнг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны дотор ажил олгогч буюу МТЗҮЭХны дарга нарын зөвлөгөөнд танилцуулна" гэсэн байна. Ажил олгогч нь дээрх илтгэх хуудсыг үндэслэж сонгуульт үүргийг, буюу ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Гэтэл Д.Мөнхбаяртай 2 дахь хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын хугацаа дуусаад хугацаагүйгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 18-нд буюу шалган туслах үзлэгийн илтгэх   хуудастай танилцснаас хойш 3 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан байна. Шалган туслах үзлэгтэй танилцаж, түүний дараа хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилтныг цаашид ажил үүргээ биелүүлэх боломжтой гэж үзсэн атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө үзлэгээр илэрсэн алдаа дутагдал байна гэж ажилтныг халсан нь үндэслэлгүй байна.

Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийи дүрмийн 17.1 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйлдвэрлэлийн зарчмаар сайн дурын үндсэн дээр байгуулагдах бегөөд үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. 17.2 дахь хэсэгт үйлдвэрчний эвлэлийн хороо нь бүтэц, зохион байгуулалтын асуудлаа бие дааж шийдвэрлэнэ гэж заасан байдаг боловч Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 10 дутаар сарын 02-ны өдрийн хуралд МТЗҮЭХны дарга Б.Баяраа болон хуулийн зөвлөх н.Энхтөгс оролцсон байдаг.

Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын

02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад хуулийн зөвлөх Б.Энхтөгс шалган туслах үзлэгийн илтгэх хуудас болон үйлдвэрчний эвлэлийн 5 гишүүдээс ирсэн өргөдлийг танилцуулсан бөгөөд шалган туслах үзлэгийн илтгэх хуудсыг танилцуулахдаа тухайн илтгэх хуудсанд бичигдсэн зүйлсийг буруу ташаа танилцуулсан зүйлс харагддаг.

Үүнд Шалган туслах үзлэгийн илтгэх хуудсын 4-т "2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр "Улаанбаатар ертөөний ҮЭ-ийн хорооны даргын ажлын төлөвлөгөө" гаргаж тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна гэсэн боловч Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны хуралд танилцуулахдаа "Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга оролсноос хойш ажлын төлевлөгөөгүй" гэж илт худлаа зүйлсийг гишүүдэд танилцуулсан байна.

Түүнчлэн Д.Мөнхбаяр ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээ нэр бүхий ажилчидаас ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг, ёс зүйн зөрчилтэй гэсэн өргөдөл ирсэн гэж тайлбарладаг, хэргийн материалд тухайн хүмүүсийн өргөдөл авагдсан байдаг. Тухайн өргөдөл бичсэн ажилчидыг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авахад гэрч Л.Пагмаа нь мэдүүлэхдээ: "Миний өргөдөлд бичсэн зүйлс болоогүй, Д.Мөнхбаяр надад бэлгийн дарамт учруулаагүй, Улаанбаатар өртөөний хүний нөөцийн менежер Н.Баттуяа намайг туршилтын хугацаанд ажиллаж байгаа учраас би чамайг жинхэлж ажиллуулна, ингээд биччих гэсний дагуу бичсэн талаар мэдүүлсэн". Бэлгийн дарамт учруулсан, ёс зүйн зөрчил гаргасан хүмүүсийн өргөдөл үндэслэлгүй, тухайн ажилтныг гүтгэсэн шинжтэй байхад Д.Мөнхбаярыг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мөнхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь хариуцагч МТЗҮЭХнд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Бүх гишүүдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2 тоот тогтоолоор тус хорооны даргаар сонгогдож, уг тогтоолыг үндэслэж МТЗҮЭХны дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 69 тоот тогтоолоор түүнийг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалд томилж, Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Бүх гишүүдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2 тоот тогтоолоор түүнийг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэснийг үндэслэж МТЗҮЭХны дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 132 дугаар тогтоолоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар тогтоол, хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

 

МТЗҮЭХны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.5-д Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон дарга нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах ба үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн, сонгосон хамт олныхоо итгэлийг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан хорооны даргыг огцруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаяр нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн нь шалган туслах үзлэг болон тус өртөөний үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс ирүүлсэн өргөдлөөр тогтоогдсон гэж үзэж Д.Мөнхбаярыг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас огцруулах саналыг тус хорооны Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр МТЗҮЭХны даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1 тоот шийдвэр гарсан, уг шийдвэр гарсан үндэслэл болох ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Улмаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бүх гишүүдийн хурлаа хийж тус хорооны дарга Д.Мөнхбаяр нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж хуралд оролцсон гишүүдийн 88.9 хувийн саналаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалаас Д.Мөнхбаярыг огцруулах шийдвэр гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоор огцруулсан нь хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба МТЗҮЭХны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мөнхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүх дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА