| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2020/0003/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 13.10.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 15
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой, С.Б-д холбогдох эрүүгийн 1735001660204 дугаартай, 2 хавтас хэрэгт шүүгдэгч С.Баярмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 2 хүүхэд, өөрийн асран хамгаалалтанд байгаа бүтэн өнчин 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй С.Б.
Шүүгдэгч Д С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт тус аймаг дахь Төрийн банкны салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Монгол банкны Зээлийн мэдээллийн сангаас хохирогч Ц.Б болон “Х А” ХХК-ийн зээлийн данстай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ТС.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Б-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Шүүдэгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь :
С.Б миний бие нь 2010 онд Төрийн банкинд эдийн засагчаар ажилд орсон. Эдийн засагчаар ажиллаж байгаад 2017 ооны 11 сарын 1-нээс эхлэн мэдээлэл судалгааны эдийн засагчийн ажлыг хүлээн авсан. Тухайн ажлыг хүлээн авсны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Батболд болон “Х А” ХХК-ийн зээлийн мэдээлэл фейсбүк орчинд цацагдсан. Гэтэл намайг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэж үзээд Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б би Төрийн банкны захирал, харилцааны менежерүүд болон 21 сумын эдийн засагч нарт тэдний хүсэлтийн дагуу мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй. Өдөрт 200-300 хүний мэдээлэл гаргаж өгдөг. Дээрхи мэдээллийг хүмүүс авахдаа надад овог нэр өгдөггүй, зөвхөн регистрийн дугаараар тухайн хүний мэдээлэл гардаг. Миний ажлын байрны тодорхойлолтонд салбарын түвшинд удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй байдаг. Тэр үед захирал тухайн мэдээллийг гаргуулж авсан бол би үүргийнхээ дагуу тухайн мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Үүнийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн мэдээллийг ямар журмаар олж авч, дамжуулсан гэдэг нь нотлогдоогүй байхад намайг хувь хүний нууцад халдах, хуульд заасан үндэслэл журам зөрчсөн гэж үзэж шүүхээс ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Ц.Б болон гэрч П нарын өгсөн удаа дараагийн мэдүүлэгт: төрийн банкны захирал Т.О Улаанбаатар хотод шинэ жилд орж байхдаа “Б ахаа та намайг уучлаарай, таны мэдээллийг би тараасан. Та дахин шинэ компани байгуулчихвал танд хөнгөлттэй зээл гаргаж өгнө. Та гомдлоо буцаагаад авчих гэх мэдүүлэг өгсөн байгаа. Түүнээс хойш хохирогч Ц.Б нь энэ хэргээ хаалгах саналтай байна гэх мэдүүлэг 2 удаа өгсөнөөс үзэхэд тухайн мэдээлэл тараасан хүн тодорхой байхад надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2 -д зааснаар ял оногдуулж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03- ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Б болон “Х А” ХХК-ийн зээлийн мэдээллийг ямар журмаар олж авч, дамжуулсан гэдэг нь нотлогдоогүй, мөн ажил үүргийн хувьд бусдад мэдээллийг өгдөг тул гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа учраас С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв дүгнэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03- ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
У вс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1735001660204 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
С.Б нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарт мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрхээ ашиглан иргэн Ц.Б-ын зээлийн талаарх мэдээллийг хууль бусаар авч, бусдад дамжуулан хувь хүний нууцад халдах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.
Харин прокуророос С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хувь хүний нууцад халдах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохироогүй ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд заасан заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэгт заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн тайлбарт: Энэ бүлэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан” гэж хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий хүнийг ойлгоно гэж заасан бөгөөд С.Баярмаа нь энэ бүлэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан” буюу тусгай субъектэд хамаарахгүй байна.
Иймд прокуророос С.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан бөгөөд С.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх“–ээр заасан нь дээрхи хуулийн заалтад хамаарч байна.
С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүнийг прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1735001660204 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /хх-ийн 135 дугаар тал/
С.Б нь дээрхи гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил арван нэгэн сарын хугацаа өнгөрсний дараа буюу энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу С.Баярмаа-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын “Ц.Б болон “Х А” ХХК-ийн зээлийн мэдээллийг ямар журмаар олж авч, дамжуулсан гэдэг нь нотлогдоогүй, мөн ажил үүргийн хувьд би бусдад мэдээллийг өгдөг тул гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх утга агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 49 минут 51 секундээс 10 цаг 52 минут 24 секундын хооронд Төрийн банкны Увс салбарын “сib 1700010 ni 11 кодоор Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтэрч хохирогч Ц.Б болон түүний эхнэр С.П-ийн эзэмшлийн “Х А “ ХХК-ийн Хас банкны Увс аймаг дахь салбараас 2017 оны 3 дугаар сард авсан зээлийн талаархи мэдээллийг PDF файл хэлбэрээр татан авсан, уг мэдээлэл нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цахим орчин буюу Facebook.com нийтийн цахим хуудасны Увсын амьдрал, Увсын цэнхэр хязгаар, Увсын нэгдсэн группт Б.Ц гэсэн цахим хаягнаас нийтлэгдсэн болох нь Монгол банкны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-17/526 дугаартай “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00:32 цагаас 15:13:59 цагийн хооронд Зээлийн мэдээллийн санд Төрийн банкны сib 1700010 ni11 кодтой хэрэглэгч 202.131.225.153 IP хаягаас хандалт хийсэн байна” гэх албан тоот,
Монгол Банкны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-1а/1331 дугаартай “Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Х А” ХХК, түүний гүйцэтгэх захиралтай холбоотой мэдээллийг Төрийн банкны сib 1700010 ni11 кодтой хэрэглэгч 2 удаа хайж, холбогдох лавлагааг авсан байна. Эхний удаа “Х А” ХХК-ийн захирлын мэдээллийг иргэний регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 49 минут 51 секундэд хайсан, 10 цаг 49 минут 56 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна.Хоёрдох хайлт буюу “Х А” ХХК-ийн мэдээллийг байгууллагын регистрийн дугаараар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цаг 52 минут 22 секундэд хайсан, 10 цаг 52 минут 52 секундэд лавлагааг PDF файл хэлбэрээр авсан байна” гэх албан тоот,
Төрийн банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 02а/3104 дугаартай “Төрийн банкны сib 1700010 ni11 кодтой Монгол банкны Зээлийн санд нэвтрэх эрхтэй хэрэглэгч Төрийн банкны Увс салбарт бүртгэлтэй байна гэх албан тоотууд болон уг татаж авсан мэдээлэл нь олон нийтийн цахим орчинд тавигдсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Батболд, гэрч С.П, Б.Б нарын мэдүүлгээр нотлогдсон байна.
Мөн шүүгдэгч С.Б нь тухайн цаг хугацаанд Төрийн банкны Увс салбарын мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажиллаж байсан, Монгол банкны мэдээллийн санд нэвтрэх Төрийн банкны Увс салбарын сib 1700010 ni 11 кодыг эзэмшиж байсан, уг кодыг С.Б-аас өөр хэн нэгэн этгээд ашиглах боломжгүй зэрэг нь
-Төрийн банкны Увс салбарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 36/544 дугаартай” сib 1700010 ni 11 код нь Төрийн банкны Увс салбарын Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх код бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мэдээлэл судалгааны эдийн засагч С.Б ашиглаж байсан болно” гэх албан тоот / хх-ийн 214-р тал,
-Гэрч Т.О /Төрийн банкны Увс салбарын захирал/-ын “ ...Төрийн банкны Увс салбарын мэдээлэл судалгааны эдийн засагчаар С.Б 2017 оны 9 дүгээр сараас хойш тасралтгүй, ээлжийн амралт, чөлөө авахгүйгээр ажиллаж байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд С.Б ганцаараа нэвтрэх эрхтэй.Уг санд нэвтрэх нэр, нууц үгийг зөвхөн С.Б-аас өөр хүн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Д /Төрийн банкны Увс салбарын мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн/-ийн : “...Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан дурын интернет орчноос холбогдох боломжгүй. Зөвхөн Төрийн банкны дотоод сүлжээнд холбогдсон компьютерээс ордог. Манайд зөвхөн мэдээлэл судалгааны эдийн засагчийн компьютерээс ордог болсон” гэх мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн С.Б-ийн хувийн хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нотлох баримтуудыг няцаах, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын “ гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү “ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг баримтлан Прокуророос С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- Тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж,
- Тогтоолын тогтоох хэсгийн 2,3,7,8,9,10 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.