Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0059

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Эгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э

Нэхэмжлэгч: П.Э

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2025/0039 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2025/0020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Э нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2025/0039 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчаас маргаан бүхий акт болох 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 дугаар захирамжийг гаргахын өмнө Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан мэдэгдлийг өгч, түүний дараа гаргасан зөрчлөө арилгахгүй бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр зохицуулсан боловч Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан мэдэгдлийг буюу зөрчил арилгах хугацаатай албан даалгавар өгөөгүй, ямар нэгэн сонсох боломжоор хангаагүй болно. Орхон аймгийн Засаг даргын “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/466 дугаар захирамж 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Харин Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 428 дугаар мэдэгдэл 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, “Зөрчлийн үр дагаврыг арилгах” даалгавар, зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус гарсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “П.Э эзэмшил газраасаа илүү газарт сэндвичийн барилга барьсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн зөрчлийг түүнд мэдэгдэж, зөрчлөө арилгах даалгавар, шийтгэл ногдуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан зэргээс дүгнэхэд түүнд мэдэгдээгүй гэх үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн. Цаг хугацааны хувьд “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/466 дугаар захирамж гарахаас өмнө Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан мэдэгдэл хүргүүлэх буюу Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл захиргааны шийдвэр буюу “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/466 дугаар захирамж гарсны дараа мэдэгдлийг хүргүүлж, шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Орхон аймгийн Засаг даргын 2025 оны А/466 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчимтай зөрчилдөж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гэж тодорхойлсон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “ил тод байдал, тэгш байдал, иргэний оролцоог хангах” зарчмыг хуульчилсан. Гэвч хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд “ил тод байдал”, “тэгш байдал”, “иргэний оролцоог хангах” зарчмыг баримтлахгүйгээр иргэний оролцох эрхийг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү акт нь ямар нэгэн эрх зүйн зөрчилгүй буюу хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл маргаан бүхий акт нь Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчимтай зөрчилдсөн, зорилгодоо нийцээгүй, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 захирамжийн П.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Э нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/466 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захиргааны актын үйлчлэлийг түр зогсоохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 233 дугаар захирамжаар П.Эд Оюут баг, дутуу баригдсан барилгын ард гэх байршилд 450 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба мөн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт, өөрчлөх газар эзэмшүүлэх тухай” А/292 дугаар захирамжаар дээрх эзэмшил газрын хэмжээг 685 м.кв болгон өөрчлөн тогтоожээ.

3.2. Нэхэмжлэгч П.Э нь 2013 онд тухайн газартай залгаа орших газарт 7м:14м-ийн харьцаатай сендчивин барилгыг зохих этгээдийн зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан байх ба маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/466 дугаар захирамж гарснаар энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, газар дээр зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар чөлөөлөх мэдэгдэл өгч, биелүүлээгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргах нь түүнд хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарахаар байна.

4.3. Гэтэл нэхэмжлэгч П.Э нь өөрийн эзэмшилд хамаарахгүй газарт зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга, байгууламж барьсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

4.4. Нэгэнт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан үндэслэл бий болсон байх тул тус зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Газар чөлөөлж, албадан буулгах” тухай А/466 дугаар захирамж хуульд нийцсэн байх ба нэхэмжлэгч П.Эы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгчээс “тухайн газрын төлбөрийг төлсөн учир эзэмшлийг хуулийн дагуу надад олгож байна гэж үзсэн” гэж тайлбарлан маргах боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасанчлан газрыг бодитоор ашиглаж байсныхаа төлөө төлбөр төлөх нь зүй ёсны хэрэг бөгөөд ийнхүү газрын төлбөр төлсөн нь түүний эзэмшлийн бус газарт хууль зөрчиж барилга барьсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

5.1. Маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд иргэний хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох байдлаар шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явагдсан талаар “...П.Э нь хууль зөрчиж барилга барьсан буруугаа хүлээсэн. Улсын байцаагчаас тодорхой хугацаа өгч буулгах даалгавар өгсөн. Одоо хүртэл буулгаагүй...” гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгч П.Эы хувьд нэгэнт хууль зөрчиж, зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн газар дээр сэндвичэн барилга барьснаа мэдэж байсан, өөрөөр хэлбэл хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй тухайн тохиолдолд хууль ёсны эрх зөрчигдсөн, сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2025/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ