Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 11

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Б.Буянбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Буянбаатарт холбогдох 201617000350 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн харьяат, 1990 оны 06 дугаар сарын 10-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интериер дизайнер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт галчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 5-10 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЮ90061093 регистртэй, Дайчид овгийн Баяржаргалын Буянбаатар

   

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Буянбаатар нь 2016.11.09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Насанжаргалтай маргалдаж түүний эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан, мөн Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын хаалганы шилийг хагалж 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Буянбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016.11.09-ний орой Ус цаг уур орчны шинжилгээний газарт галчаар ээлжинд гарсан. Би зааланд тоглож байгаад 02 цагийн үед ажил дээрээ ирэхдээ пиво уучихаад ирсэн. Ажил дээр ирээд компьютер дээр тоглож байсан. Насанжаргал эгч зүүн талд орон дээр хэвтэж байсан. Над руу уурлаад байхаар нь би “за сүртэй юм” гэж хэлсэн чинь уурлаж босож ирээд над руу уурлаад дайраад байхаар нь “ чамд хамаагүй “ гэсэн чинь намайг мөргөсөн. Тэгэхээр нь би гарынхаа алгаар нүүр рүү нь түлхсэн, бид удаан маргасан. Тэр үед манай ажлын газрын Энхчимэг хамт байсан. Энхчимэг гаръя гээд би гарах гэж байтал “чамайг тамгалуулна” гэхээр нь буцаад очих гэтэл Энхчимэг гаръя гээд татаад байхаар нь уурандаа гараараа үүдний хаалганы шилийг зохиж хагалсан. Хаалга нь 18.000 төгрөгийн үнэтэй шилээр шиллэсэн байсан. Маргааш өглөө нь шиллэж, төлсөн. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа. Миний буруутай үйлдлээс болж Насанжаргал эгчид хохирол учирсан учраас намайг уучлаарай гэж хэлмээр байна. Миний ялыг тэнсэн харгалзаж өнгө үү гэж хүсэж байна.. гэв.

 

- Хохирогч М.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Э.Энхчимэгийн хамт ажил дээрээ гараатай байсан. Тэр орой Б.Буянбаатар нь галчаар гарч байгаад байгууллагын ажилчдын хамт зааланд тоглож байгаад орой 22 цаг 45 минутанд орж ирчихээд буцаад гарсан. Тэгээд 02 цаг 40 минутанд орж ирэхдээ архи согтууруулах ундааны хэрэглэсэн байсан. Би Буянбаатарт хандаж галаа түл гэсэн шаардлага тавихад хэл амаар доромжилсон, тэгэхээр нь чи цохилдоо гэтэл баруун гараараа миний нүүрэнд нэг удаа цохьсон. Үүнээс болж нүд гэмтсэн эмчилгээний зардалд 2.000.000 нэхэмжилнэ гомдолтой ...гэх мэдүүлэг /хх-15-18 /,

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө ээлжинд гарсан Насанжаргал, Буянбаатар хоёр хоорондоо маргалдаж байгаад Буянбаатар нь гадагшаа гарахдаа хаалганы  цонхыг хагалсан байсан. Харин маргааш нь гэр бүлийнхэн нь ирж хаалганы цонхыг хийж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-21-23/,  

 

- Гэрч Э.Энхчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 16 цагаас ээлжинд гарсан. Тэр үед оператор Насанжаргал эгч, галч Буянбаатар нарын хамт нэг ээлжинд гарсан. Буянбаатар ээлжээ хүлээн авчихаад 20 цагаас заал авч тоглоно гээд явсан. Тэгээд 22 цагийн үед ирж галаа түлчихээд эргэж яваад 02 цагт ганцаараа ирэхдээ бага зэргийн архи уучихаад ирээд компьютер дээр тоглоод сууж байхад Насанжаргал эгч ирээд Буянбаатарыг галаа түлэхгүй хаагуур яваад байгаа юм гэж шаардлага тавиад хооронд маргаад Насанжаргал эгч цагдаа дуудлаа шүү гээд Буянбаатарын нүүр ам руу гараараа цохиод байсан тэгээд би даргадаа утсаар хэлэх гээд гарчихаад ороод ирэхэд Насанжаргал эгч Буянбаатар намайг зодчихлоо гэж хэлсэн харин Буянбаатар нь гарахдаа уур хүрчихлээ гээд хаалганы цонхыг гараараа цохиод хагалчихаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-24/, 

 

           - Гэрч М.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.11.09-ний шөнө нөхөр бид хоёрыг гэртээ унтаж байхад гаднаас манай ажлын Буянбаатар гэдэг залуу хүрэн савтай пиво барьчихсан танайд сууж байгаад уучихъя гээд гуйхаар нь оруулсан юм. Тэр үед манай нөхөр унтаж байсан болохоор пивоноос нь уугаагүй. Тэгээд би Буянбаатар пивоо ганцаараа уучихаад ажилруугаа явлаа гэхэд нь би түүнээс чи яаж явах гэж байгаа юм гэхэд би машинтайгаа явж байгаа гэхээр нь би хүргээд өгье гээд түүнийг өөрийн машинаараа ажлын гадаа хүргэж өгөөд гэрлүүгээ буцсан. Маргааш өглөө нь намайг 09 цагт ажил дээр очиход урьд шөнө ээлжинд хоносон Насанжаргал эгч Буянбаатар хоёр маргалдаж муудалцсан талаар ажлынхаа хүмүүсээс сонссон... гэх мэдүүлэг /хх-25/,  

 

- Гэрч А.Шинэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.11.09-ний шөнө эхнэр хүүхэдтэйгээ гэрт унтаж байхад манай ажлын залуу Буянбаатар ганцаараа ирж нэг пиво уучихаад явсан талаар манай эхнэр маргааш өглөө нь ажил руу явах үед хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд манай ажлын дотор талын хаалганы шил хагарсан байсан. Юу болсон талаар асуухад урьд шөнө ээлжинд гарсан Буянбаатар Насанжаргал нар хоорондоо маргалдаж муудалцсан талаар ажлынхаа хүмүүсээс сонссон. Нанайг ажил хүлээлцэхэд Насанжаргал эгчийн аль нэг нүд хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-26/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 482 тоот дүгнэлтэнд: 1.С.Насанжаргалын биед тархи доргилт, баруун нүдний салстын цусан хураа, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл эь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 34/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 481 тоот дүгнэлт: 1. Б.Буянбаатарын биед баруун гарын сарвууны 1,2 дугаар хурууны шөрмөсний тасрал, сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг  гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-33-34/,  

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2016.12.21 /хх-09-12/

 

-  Сүхбаатар аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 2016.12.26-ны өдрийн 248 дугаартай албан бичиг /хх-20/

 

- Б.Буянбаатарын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 45/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016.12.07-ны өдрийн 6/774 дугаартай тодорхойлолт /хх-44 /

 

-   Б.Буянбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/

 

-    Эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 2017.01.02 /хх-56/

 

- Цагдаагийн ерөнхий газрын 2016.12.21-ний өдрийн 10б/406 дугаартай албан бичиг /хх-50/

 

-  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-48/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Б.Буянбаатар нь 2016.11.09-ний шөнийн 02.30 цагийн орчимд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын байранд байгууллагын ажилтан М.Насанжаргалтай албан үүрэгтэй холбоотойгоор маргалдан, улмаар толгойд нь цохиж “ тархи доргилт, баруун нүдний салстын цусан хураа, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд, баруун хацарт зөөлөн эдийн няцрал “ бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын хаалганы шилийг хагалж 35.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Буянбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Насанжаргал, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, гэрч Э.Энхчимэг, М.Золжаргал,  А.Шинэбаяр нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 481, 482 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Буянбаатар нь ажил үүрэгтэй холбоотойгоор шаардлага тавьсан байгууллагын ажилтан М.Насанжаргалтай маргаан эхлүүлсэн хийгээд М.Насанжаргалын өөрийг нь нүүр, ам руу цохьсон үйлдэлд дургүйцэн түүний толгойд нэг удаа цохьсон, мөн дээрх маргааны улмаас уурандаа байгууллагын хаалганы цонхыг гараараа цохиж хагалсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч М.Насанжаргалын “ Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Э.Энхчимэгийн хамт  ажил дээрээ гараатай байсан. Тэр орой Б.Буянбаатар нь галчаар гарч байгаад байгууллагын ажилчдын хамт зааланд тоглож байгаад орой 22 цаг 45 минутанд орж ирчихээд буцаад гарсан. Тэгээд 02 цаг 40 минутанд орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Буянбаатарт хандаж галаа түл гэсэн шаардлага тавихад хэл амаар доромжилсон, тэгэхээр нь чи цохилдоо гэтэл баруун гараараа миний нүүрэнд нэг удаа цохьсон” гэх, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн “ 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө ээлжинд гарсан Насанжаргал, Буянбаатар хоёр хоорондоо маргалдаж байгаад Буянбаатар нь гадагшаа гарахдаа хаалганы цонхыг хагалсан байсан “ гэх, гэрч Э.Энхчимэгийн “Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 16 цагаас ээлжинд гарсан. Тэр үед оператор Насанжаргал эгч, галч Буянбаатар нарын хамт нэг ээлжинд гарсан. Буянбаатар 02 цагт ирэхдээ бага зэргийн архи уучихаад ирээд компьютер дээр тоглоод сууж байхад Насанжаргал эгч ирээд Буянбаатарыг галаа түлэхгүй хаагуур яваад байгаа юм гэж шаардлага тавиад хоорондоо маргаад Насанжаргал эгч цагдаа дуудлаа шүү гээд Буянбаатарын нүүр ам руу гараараа цохиод байсан. Тэгээд би даргадаа утсаар хэлэх гээд гарчихаад ороод ирэхэд Насанжаргал эгч Буянбаатар намайг зодчихлоо гэж хэлсэн. Харин Буянбаатар нь гарахдаа уур хүрчихлээ гээд хаалганы цонхыг гараараа цохиод хагалчихаад гараад явсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.  

 

Б.Буянбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хувийн, тодорхой сэдэлттэйгээр буюу ажил үүргийн холбоотойгоор бусадтай маргалдах явцдаа, мөн бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг дээрх маргаанаас үүдэлтэйгээр тус тус шууд санаатайгаар үйлджээ.

 

Шүүгдэгч Б.Буянбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Б.Буянбаатарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх, ба харин гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болно.

Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь хохирогч М.Насанжаргал, гэрч Э.Энхчимэг, М.Золжаргал,  А.Шинэбаяр нарын мэдүүлгүүдээр нотлогдоно.

Шүүгдэгч Б.Буянбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

 

Хохирогч М.Насанжаргал мөрдөн байцаалтын шатанд Б.Буянбаатараас 2 сая төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч эмчилгээ болон замын зардал, гэм хорын хохиролтой холбоотойгоор ямар нэгэн нотлох баримт гаргаагүй тул шүүгдэгч Б.Буянбаатарыг энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Харин хохирогч нь эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан 35.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу хаалганы шил засварлагдсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн “ 2016 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө ээлжинд гарсан Насанжаргал, Буянбаатар хоёр хоорондоо маргалдаж байгаад Буянбаатар нь гадагшаа гарахдаа хаалганы цонхыг хагалсан байсан. Харин маргааш нь гэр бүлийнхэн нь ирж хаалганы цонхыг хийж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгээр тогтоогдоно. Дээрх хагарсан цонхны шилийг Баруун- Урт сумын Үнэлгээний комиссоос 35.000 төгрөгөөр үнэлжээ/ хх-56/. 

 

Шүүгдэгч Б.Буянбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан 35.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг үндэслэвэл түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Б.Буянбаатар нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байна. Дээрх хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүйд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгогдсон болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2016.12.21-ний өдрийн 10б /406 тоот албан бичгээр тогтоогдох ба иймд түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  286, 293 дугаар зүйлийн 293.2, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дайчид овгийн Баяржаргалын Буянбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийн санаатайгаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Буянбаатарыг 02 / хоёр/ сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Б.Буянбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар баривчлах ялыг, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялын хүнд ялд багтааж, нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-г журамлан  ялтан Б.Буянбаатарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Б.Буянбаатарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Буянбаатарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

 

7. Ялтан Б.Буянбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн хохирогч М.Насанжаргал гэмт хэргийн улмаас шууд учирсан эмчилгээний болон бусад зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Буянбаатарт урьд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН