Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2017/0452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 264026 дугаар актаар ногдуулсан 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлэхийг даалгуулах, тус хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн татварын хэлтсээс манай компанийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийсэн.

Шалгалтаар нийт 1609604.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 419988.2 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, 419988,2 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 82580,8 мянган төгрөгийн хувийн хэрэглээний зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тооцож албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн, 65458,5 мянган төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг татвар ногдох орлогоос хасаж тооцож албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн, 9166,6 мянган төгрөгийн барилгын урсгал засварын зардлыг их засварын зардапд тооцолгүй аж ахуй нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд тооцож албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн, 82580,8 мянган төгрөгийн хувийн хэрэглээний бараа худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн, 2010-2012 онд балансад бүртгэж авсан 529841,8 мянган төгрөгийн үнэлгээ бүхий барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр 16093604,9 мянган төгрөгийн зөрчилд 117,403,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүү нийт 189618,9 мянган төгрөгийн төлбөрийн акт тавьсан юм.

Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манайд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн актаар тогтоосон хүү, торгууль, алдангийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу үндсэн татвараа төлсний дараа өршөөлд хамруулах боломжтой гэж хариу өгсөн.

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Татварын ерөнхий газраас 17 тоот тодруулга хүргүүлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиоадуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасны дагуу татварын албанд хүсэлт гарган актаар тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн нөхөн татварын төлсөн тохиолдолд хүү, торгууль, алдангийг хамруулан шийдвэрлэх боломжтой.

Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Хуулиар хуульчилсан байхад чиглэл өгсний дагуу гэж байгаа нь Б ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан.

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, 264026 дугаар актын 117403,6 мянган төгрөгөөс багасгаж торгууль 43620,7 төгрөг, алданги 28468,5 мянган төгрөг, хүү 126 мянган төгрөг нийт 72215,2 мянган төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Гааль, татварын ерөнхий газрын чиглэл өгөх тухай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3562, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807, Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 дугаар албан бичгүүдэд заасны дагуу татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс нөхөн татвараа төлсөн тохиолдолд хүү, торгууль, алдангийг дээрх хуульд хамруулан чөлөөлөхөөр заасан байна.

Иймд татвар төлөгч нөхөн татвараа төлсөн тохиолдолд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б ХХК-иас гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 264026 дугаар актаар ногдуулсан 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай /цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх/ хуульд заасны дагуу чөлөөлөхийг даалгуулах, тус хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох[1] тухай нэхэмжлэлийн шаардпагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, Я.Ц нар Б ХХК-ийн 2010-2012 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 264026 дугаар актаар 117403,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүү, нийт 189618,9 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.

Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр албан бичгээр ...татвар төлөгч та нөхөн татвараа төлсөн тохиолдолд дээрхи хуульд хамрагдах боломжтой..." гэсэн хариуг нэхэмжлэгч Б ХХК-д өгчээ.

Нэхэмжлэгч дээрх албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно. гэж заажээ. Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулж байгаа боловч илт хууль бус акт гэж үзэхгүй юм.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 221 дугаар зүйлийн 221. 1.1-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;", 221.1.2-т татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд татвар төлөгч Б ХХК-д татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэдээллээр хангах хүрээнд татварын алба дээрх хариуг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3044 дүгээр албан бичгийг илт хууль бус захиргааны акт гэж тооцох боломжгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ., 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд захиргааны хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн. 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1-д тус тус зааснаар торгууль, алданги, хүү нь нөхөн төлүүлэх татварт ногдуулж буй хариуцлага юм. Хариуцагч, "Б" ХХК-ийг нөхөн татвараа төлсний дараа хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд нийцээгүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанаас өмнө 2013 оны 10 дугаар 01-ний өдөр үйлдсэн, татварын улсын байцаагчийн 264026 дугаар актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийн тооцооллын хувьд маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийнг Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 264026 дугаар актаар ногдуулсан 43620,7 мянган төгрөгийн торгууль, 28468,5 мянган төгрөгийн алданги, 126,0 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч Баянгол дүүргийн Татварын албанд даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Татварын ерөнхий хуулийн 221 дугаар зүйлийн 221.1.1, 221.1.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, 1/3044 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж Б ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН