Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Хүрээ Г.А /РД: /

 

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Буурал Ш.Э /РД: /-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 02-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, өмгөөлөгч С.Батзаяа, хариуцагч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш.Этэй 2008 онд танилцаж, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Би Ш.Этэй танилцахаас өмнө нэг хүүхэдтэй байсан. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Эрдэнэбат, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн.

Нөхөр Ш.Э байнга архи ууж, ааш авир нь өөрчлөгдсөн. Миний дагавар хүүхэдтэй байнга муудалцан элдэв янзаар хэлэх болсон. Ер нь Ш.Э манай эцэг, эхийг хүндэлдэггүй. Мөн намайг гэрээс хөөсөн учир бид 2017 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Би хүүхдүүдээ тэжээж, сарын 2.000.000 төгрөгийн зээл төлөхийн тулд  Хятад улс руу явж наймаа хийдэг. Гэртээ 2 сар болоод ирдэг. Өөр хүнтэй болсон асуудал байхгүй. Харин Ш.Э ажил хийдэггүй. Гэртээ хамтран амьдрагчтайгаа хамт амьдарч байгаа. Энэ хоёр нийлээд байнга архи уудаг. Намайг гэртээ очиход тэр хүүхэн нь согтуу байсан. Надад гар хүрсэн учир цагдаа дээр шалгагдаж байгаа. Би 3 хүүхдээ аваад эцэг, эхийндээ амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид хэвээр үлдээхийг хүсэж байна. Ш.Э эд хөрөнгөө хүүхдүүддээ өгөх учир маргахгүй гэж бичиг хийж өгсөн. Иймд маргаагүй гэв.

 

Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Атай 2008 онд танилцаад, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Эрдэнэбат, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн. Би дагавар хүүхэддээ эцэг хүний хувьд хандаж үг хэлэхээр ад үзлээ гэдэг. Эх нь хэт эрхлүүлээд хүмүүжилгүй болгож байгаа. Бид энэ амьдралыг босгохын тулд хамтдаа наймаа хийж зүтгэж байсан. Мөн уурхайд ажиллаж байгаад гэмтсэн учир хүнд ажил хийж чадахгүй болсон. Г.А намайг ажил хийлгүй гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа, өөрөө наймаа хийгээд сард 200.000 төгрөг өгч байя гэсэн. Би хүүхдүүдээ өнөөдрийг хүртэл асарч хандсан. Харин Г.А сүүлд хүүхдүүдээ өөр дээрээ авч сална гэсэн. Ингэх болсон шалтгаан нь тэндээ өөр хүнтэй болсон гэж сонссон. Өөрийнх нь талын хүн энэ талаар хэлсэн. Харин би сүүлийн хэдэн сар өөр хүнтэй хамтран амьдарч байгаа нь үнэн. Энэ талаар Г.А мэдэж байсан. Тэгээд хамт амьдарч байхыг зөвшөөрсөн. Харин мөнгө зээлдэг хүн юм бол 20.000.000 төгрөг зээлнэ гэсэн. Гэтэл сүүлд ирээд хэрүүл маргаан хийсэн. Би энэ хүнтэй амьдраад явна гэж бодохгүй байгаа. Харин үр хүүхэдтэйгээ хамт баймаар байна. Би архинд хэт их орсон нь үнэн. Гэхдээ Г.Ад гар хүрч байгаагүй. Би Г.Аын байдлаас болж архи их уух болсон. Мөн сэтгэл санаагаар унаж амиа хоролмоор санагдах болсон. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа ч Г.А шийдсэн учир зөвшөөрч байна. Эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хүүхдүүддээ өгөх учир маргах зүйлгүй. Би хувцасаа аваад л энэ гэрээс гарах юм. Иймд  маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А хариуцагч Ш.Э гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй тул нэхэмжлэгч Г.Аын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүх хүлээн авсан болно.

 

Шүүх нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Г.А хариуцагч Ш.Э нар 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Эрдэнэбат, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Эрхэс нар төрсөн. Хүүхдүүд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 1113000029 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Э.Эрдэнэбатын 0000926934-331 дугаар, хүү Э.Эрхэсийн 1113000525 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 119 дүгээр  сургуулийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...Э.Эрдэнэбат нь 43 ангид суралцдаг нь үнэн” гэсэн, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...Э.Эрхэс нь тус цэцэрлэгийн О.Маузаран багштай дунд бүлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-10/

 

Нэхэмжлэгч Г.А гэрлэлт цуцлуулах болсоноо “...архи их ууж, ааш авир нь өөрчлөгдсөн...хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дурайлал болж байгаа... мөн миний дагавар хүүхдийг ад үздэг...2017 оноос хойш тул тусдаа амьдарч байна. Ш.Э одоо хамтран амьдарчтай болсон...эвлэрэхгүй” гэж тайлбарласан, хариуцагч Ш.Э “...Г.А хоёр хүүхэдтэй маань хаяад олон сараар яваад өгдөг. Би хоёр хүүхдээ өнөөдрийг хүртэл харсан. Одоо хүүхдүүдийг маань аваад яваад өгсөн болохоор сэтгэл санаа тогтохгүй болсон. Би сүүлийн 4 сар хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа Г.А өөрөө зөвшөөрсөн... эвлэрэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

 

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал тогтоогдож байна.

 

 Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ш.Э нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Г.А үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ш.Ээс илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү Э.Эрдэнэбатын “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбат, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг эх Г.Аын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Г.А хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Ш.Э үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймээс хариуцагч Ш.Э үр хүүхдээ сайн дураар тэжээн тэтгэж байхыг дурдаж байна.

 

Харин зохигчид эд хөрөнгөө өөрсдөө тохироод шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Хүрээ Г.А, хариуцагч Буурал Ш.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбат, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс нарыг эх Г.Аын асрамжид байлгасугай.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС