Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* Б.Э /РД: /

 

Хариуцагч: Налайх дүүргийн *******,*******од оршин суух, , Ө.Б /РД: /-т холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ө.Бтай 2001 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин ******* төрсөн. Бид эхний хэдэн жил сайхан амьдарч байсан боловч нөхөр Ө.Бын архи ихээр ууж, ааш авир нь өөрчлөгдөж, гадуур хонож, хайр халамжгүй болсон. Тэрээр надад гар хүрдэггүй ч согтуу ирэх болгондоо агсам тавьж хөгшин авгайгаар нь дуудаж амгалан тайван амьдрах аргагүй болгосон. Би энэ бүхнийг дэвчиж алдааг нь засах гэж зөндөө хэлж ярьсан. Архинаас гаргах гэж олон янзаар үзсэн. Гэвч өөрчлөгдөөгүй. Сүүлдээ тэнэж байхаар гэртэй архиа уугаад байж бай гээд архи хүртэл авч өгч үзсэн. Гэвч гараад алга болчихдог. Гэсэн ч би түүнийг өөрчлөгдөх байх гэж итгэж хайрлаж байсан учир 45 настай ч 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Мөнгөнбаярыг төрүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.  

Гэвч Ө.Бын хувиа хичээсэн зан нь өөрчлөгдөөгүй. Хүүгээ аваад эмнэлэгээс гарч ирэхэд хүртэл аяга шөл хийж өгөөгүй алга болсон. Намайг хайрлахгүй байж болох ч хүүхдүүдээ хайрлаасай гэж боддог. Ер нь хүүхдүүдээ тэвэрч үзээгүй. Би түүнээс юу ч шаардаагүй. Хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн. Ө.Б хүүхэд өсгөх нь бүү хэл дургуй гэж хэлдэг. Энэ нь үнэн байх. Өмнөх эхнэрээс нь гарсан хоёр хүүхдээ тоодоггүй. Би санаа зовохдоо дуудаж Ө.Бтай уулзуулж, бэлэг авч өгч байсан.

Хариуцагч Ө.Б 2014 онд гэрээсээ явсан. Өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэж сонсогдсон. Гэхдээ би түүнийг хүрээд ир гэж олон удаа хэлсэн. Гэвч ирээгүй. Тусдаа амьдрах хугацаанд Ө.Б хоёр хүүхэдтэйгээ уулзаж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Бага хүү маань бага учир Ө.Быг эцгээ гэж мэдэхгүй. Би одоо хамтран амьдрагчтай болсон ба хүү түүнийг ааваа гэж дууддаг. Энэ хүн хүүхдүүдийг минь өөрийн хүүхэд шигээ хайрладаг. Би ч сэтгэл амар амгалан байх болсон. Одоо надад Ө.Быг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Иймд эвлэрч амьдрах ямар ч боломж байхгүй тул эвлэрүүлэн зуучлагч болон сэтгэл зүйчид хандахгүй. Шууд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг шаардахгүй. Энэ хүн хүүхдүүдээ харж хандах нь сэтгэлийн асуудал биз. Мөн бидний дунд хуваах эд хөрөнгө байхгүй тул шаардлага гаргаагүй гэв.

 

Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Этэй 2001 онд танилцаад, хамт амьдарсан. Бидний дундаас 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин *******, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Мөнгөнбаяр нар төрсөн. Бид 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.

Би Япон улс руу явж ирээд “Таван толгой” ХХК-д том машинаар нүүрс зөөдөг ажилд орсон. Иймд жилдээ нэг удаа гэртээ ирдэг байсан тул гэр бүлдээ анхаарал халамж тавьж чаддаггүй байсан. Гэхдээ би олсон бүх мөнгөө хүүхдүүддээ зарцуулдаг байсан.

Гэтэл манай найз “...танай эхнэр чинь өөр хүнтэй болсон” гэж хэлэхэд нь итгээгүй. Гэтэл ажлаасаа нэг өдөр ирэхэд эхнэр хамтран амьдрагчтай болсон байсан. Харин надад хамтран амьдрагч байхгүй. Би эхтэйгээ хамт амьдарч байгаа. Энэ хүн одоо намайг хайрлахгүй, өөр хүнтэй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ө.Б гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны болон насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.Эгийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүх хүлээн авсан болно.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ө.Б нар 2001 оноос эхлэн хамтран амьдарч, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин *******, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Мөнгөнбаяр нар төрсөн. Хүүхдүүд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь 0183374-09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин *******гийн 0027859-275 дугаар, хүү Б.Мөнгөнбаярын 0000838979-51 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн тодорхойлолт, Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...******* нь 10б ангид суралцдаг нь үнэн” гэсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 119 дүгээр  сургуулийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “...Б.Мөнгөнбаяр нь 12 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-12/

 

Нэхэмжлэгч Б.Э гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Ө.Б гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, хайр халамжгүй, архи их ууж, гадуур хонуутаар явж, ааш авир нь өөрчлөгдсөн. ...Ө.Быг архинаас гаргах гэж янз бүрээр үзсэн ч ухаарч ойлгоогүй. ...2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд түүнийг гэртээ хүрээд ир гэж зөндөө гуйсан. Одоо түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон тул эвлэрэхгүй” гэж тайлбарласан, хариуцагч Ө.Б “...Б.Э одоо хамтран амьдарчтай болсон... эвлэрэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

 

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй тул эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах зорилгоор эвлэрүүлэн зуучлагчид болон сэтгэл зүйчид хандах санал тавихад татгалзсан болно.

 

Харин зохигчид тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

 

 Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ө.Б нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Б.Э үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ө.Баас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин *******, хүү Б.Мөнгөнбаяр нарын “...ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Мөнгөнбаяр нарыг эх Б.Эгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Б.Э хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Ө.Б үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдаж байна.

 

Харин зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Баас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* Б.Э, хариуцагч ******* Ө.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ******* /РД:УД04252322/, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Мөнгөнбаяр /РД:УД13210719/ нарыг эх Б.Эгийн асрамжид байлгасугай.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Баас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС