Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 120

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, З*******г Ц.Н /РД: /,

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, Боржигон О.Н /РД: /-т холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч О.Н, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би О.Нтой 2009 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Н.Энх-Эрдэнэ нар төрсөн. Би О.Нт гэрлэлтээ батлуулах талаар хэлж байсан ч дараа болъё гэсээр өнөөдрийг хүрсэн. Учир нь О.Н гэр бүлийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй байгаатай  холбоотой байх.

Бид тус тусдаа амьдрах болсон гол шалтгаан нь О.Н гэр бүлдээ хайр халамжгүй, байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсонтой холбоотой. Бид хамт амьдарсан цагаас хойш О.Н хөдөө ажиллах нэрээр гадуур хонож, гэр бүлээс гадуур харьцаанд орж байсан. Бид энэ асуудлаас болоод тус тусдаа амьдрах үе байсан. Гэхдээ би үр хүүхдээ бодоод уучилдаг байсан.

Гэтэл О.Н энэ бүхнийг ухаарч ойлгохгүй улам дордож байна. Найз нөхөд нь архи ууя гэвэл хүүхдээ өвчтэй байхад нь хүртэл хаяад явчихдаг. Эм авна гэж гараад алга болчихдог болсон.

Би ганцаараа 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна. О.Н ажил хийсэн ч цалингаа өгөхөө больсон. Би энэ хүнтэй суусан цагаас хойш шинэ хувцас өмссөнгүй. Хүүхдүүддээ хүмүүсээс авсан хуучин хувцас өмсгөж байна. Гэтэл энэ хүн ганцаараа ажил хийж биднийг тэжээгээд байгаа юм шиг ханддаг. Эцэг, эх нь ч тэгэж боддог. О.Н биднийг ямар ч мөнгөгүй орхиод хэдэн сараар алга болдог. Харин би зүгээр суудаггүй. Хүүхдүүдээ тэжээхийн тулд янз бүрийн ажил гололгүй хийдэг. Одоо гэртээ гараар гурил бэлдээд зардаг.

Харин О.Нтой хамт амьдрахад улам хэцүү болж байгаа. Тэрээр согтуу ирэх болгондоо агсам тавьж, түүний өмнөөс хүүхдүүдийг нь тэжээж байгаа эцэг, эхийг маань ална гэж янз бүрээр доромжилж,  ааш зан нь их өөрчлөгдсөн. Би түүний энэ байдлаас болж уур уцаартай болсон.  Бидний энэ харилцаа хүүхдүүдэд маань муугаар нөлөөлж байгаа тул тусдаа амьдрахаар шийдсэн. Иймд О.Ноос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч О.Н хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Н.Энх-Эрдэнэ нар төрсөн. Миний хүүхдүүд мөн.

Бидний харилцаа ийм байдалд хүрэхэд миний буруу байсан байх. Гэхдээ Ц.Н маргах болгондоо миний эцэг, эхийг янз бүрээр хэлдэг. Би хүний үр болсон хойно эцэг, эхээ өмөөрөөд хэрүүл маргаан үүсдэг байсан. Ц.Н хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн гэж байна. Гэтэл би гэр бүлээ тэжээхийн тулд зун хөдөө, өвөл Налайхын уурхайд ажилладаг. Хааяа найз нартайгаа уулзаж архи уудаг нь үнэн. Одоо Ц.Н надаас салахаар шийдэж байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдийн асрамжийн талаар маргахгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч О.Нт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар  нэхэмжилсэн.

 

Хариуцагч О.Н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Эрдэнэ нарын эцэг мөн эсэх болон хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

 

Зохигчид хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээ, төлөлтийн талаар сайн дураар эвлэрэн тохиролцсон зүйл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ц.Нгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч учир тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч О.Ноос хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй болно.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч О.Н нар 2009 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Н.Энх-Эрдэнэ нар төрж эцэг О.Нын овог, нэрийг авсан байна.

 

Одоо хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нар эх Ц.Нгийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарын №0000876444-335, 1113000934, 1113000212 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” АЭМТөвийн тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-11/

 

Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч О.Н нар гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч О.Н нар хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон О.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулж тус бүрийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хариуцагч О.Н нь бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Ц.Н нь хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдүүдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч О.Н зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШЗ2020/00261 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамж 77.705 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Өлзий, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.Сумъяа, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Энх-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Н.Энх-Өлзий, хүү Н.Сумъяа, хүү Н.Энх-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон О.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулж тус бүрийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч О.Ноос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамж 77.705 /далан долоон мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС