Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Э.*******

Шүүгдэгч Ц.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******       

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2223002340123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн задгайд оршин суух хаягтай,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгийн торгох ялаар,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, овогт ийн *******, /регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдсон 2223002340123 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ш.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Ш. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн тоотод  Д.ын гэрт хохирогч Ш.тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой хэсэгт дэвссэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа  шууд тусган мэдүүлсэн хохирогч Ш.ын  “... тай хамт явж байгаад, ******* руу зээлсэн мөнгөө буцааж авах гээд залгасан. Тухайн үед ******* архи уусан байсан. ...Би өөрөө тухайн үед жоохон юм уучихсан байсан. ...гаднаас эхнэр маань орж ирсэн. Бид хэсэг сууж байгаад эхнэр маань намайг гэрээс аваад гарахад, ******* миний зүүн суганаас татаад миний толгой руу цохисон. Тэгээд би газарт унасан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн "...Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд ...хойд хашаанд байдаг нөхрийн найз ынд хүн дуугараад байхаар нь хашаа руу нь ортол, манай нөхөр ыг ******* нь зүүн суганаас нь татаад нүүрэн хэсэг рүү гараараа цохиод газарт унагаасан, газар унахад нь дээрээс нь толгойн арын хэсэг рүү нь 1 хөлөөрөө дэвссэн. ...би гүйж очоод болиулаад цагдаа дуудсан. ...Маргааш өглөө нь манай нөхөр хий огиод бөөлжөөд, ухаан алдаад уначихаар нь түргэн дуудаж үзүүлээд эмнэлэгт дөрөв хоног ухаангүй сахиуртай хэвтсэн...” гэсэн мэдүүлгээр,

Насанд хүрээгүй гэрч Ш.ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед ...гэртээ байж байгаад ээжтэй хамт аавыг авах гээд гэх айл руу явсан. ..., ******* мөн аав нар нэлээд согтуу *******, аав 2 юунаас болсныг мэдэхгүй муудалцах маяг орсон байхаар нь ээж бид 2 аавыг аваад гэрээс гарсан. Гэрээс дөнгөж гарах үед ******* аавын араас нь гараараа аавын толгой руу нэг удаа цохиод, тэгэхэд аав газар уначихсан. Газар унасны дараа аавын толгой дээр хөлөөрөө хэд хэд удаа дэвссэн. ...би аавыг босгох гээд очоод *******т та болиоч гэж хэлэхэд дахиад нүүр лүү нь 2-3 удаа цохиод чамайг ч гэсэн ална шүү гэж хэлж байсан. ...Гэрт орох үед аавын нүүр хамар нь шарх, сорви болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ш.ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 585 дугаартай шинжээчийн “...1.Ш.ын биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, дунд бүрдлийн зайн аалзан хальсан доорх цус харвалт, доод уруулын салстад шарх, дух, зүүн хөмсөг, хамрын зүүн угалзны доод хэсэг, зүүн завжинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна 4.Ш.ын гавал, тархинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.23.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод уруулын салстад шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь нийлээд болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн №589 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ш.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг  хангажээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан, хүч хэрэглэсэн, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

                                          Хохирлын  талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх  үүрэгтэй ба шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ш.т эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь  тэдний  мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                         2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/  жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 305.555 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр 305.555 төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ  тогтоолоор түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА