Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/

Гуравдагч этгээд: Т.Д, Л.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Оын газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0675 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч К.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0939/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Оаас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Оын газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0675 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 33 дугаар зүйлийн 33.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оаас хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-т  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0675 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Ч.Оын зүгээс Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгогдож байсан газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, уг газар дээр Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар барилга барихаар төлөвлөсөн байсан бөгөөд 2012 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд захиргааны хэргийн шүүхээр олон хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлсэн. Мөн шүүхийн бүхий л шийдвэрээр Ч.Оын газар эзэмших эрх болон барилга барих эрх сэргээж, хууль ёсны болохыг тогтоосон байтал шүүхийн ажиллагааны үеэр хариуцагчаар тодорхойлсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллагууд эсрэг шийдвэр үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн эрх сэргэгдэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн нотлох баримтаас зөрүүтэйгээр хийгдсэн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ газар эзэмшигч буюу нэхэмжлэгч Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар болон 2018 оны 03 дугаар сарын 14-ний 0162 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч.Оын газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ газрын эрхийг цуцалж шийдвэрлэснийг хууль бус гэж үзсэн байна. Шүүх уг нотлох баримтыг эсрэг байдлаар дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс газрын эрхийг сэргээж, гэрчилгээг олгохоор шийдвэрлэж байсан нөхцөл байдал болон 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд гуравдагч этгээд Т.Д нарын гомдлыг шүүхээр шийдвэрлэж дуусах хүртэл гэрчилгээ олгох асуудлыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал, Нийслэлийн газрын мэдээллийн санд Ч.Оын газар эзэмших эрх бүртгэлтэй байхад тухайн газар дээр төлөвлөлт хийсэн бөгөөд зөвлөлийн хурлын шийдвэрээр “иргэнтэй зөвшилцөх” шийдвэр гарсан байхад газрын албанаас хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хуульд нийцэхгүй байгааг, Цагдаагийн байгууллагын хувьд ч гомдлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хүлээж байсан нөхцөл байдлуудыг үнэлэхгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга барихгүй олон жил өнгөрүүлсэн агуулгаар захиргааны акт гарсан гэж үзэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт хамааруулж дүгнэсэн нь үндэслэлгүй зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах эрх, итгэл, захиалагчийн олон жил хүлээсэн, хөрөнгө мөнгөө зарцуулсан эрхийн эсрэг шийдвэр боллоо. Захиргааны байгууллага ийнхүү шүүхийн шийдвэрүүдийг үл тоож бид хохироод үлдэх нөхцлийг шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд бүрдүүлж байгаад гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.О нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Оын газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг зочид буудлын баруун талд байрлах 1,000 м.кв газрыг Ч.От шилжүүлж олгосон байх ба мөн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар уг газрыг орон сууцны зориулалтаар баталгаажуулж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууц барих зөвшөөрөл олгосны дагуу 83 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгджээ.

3.2. Үүнтэй холбоотой “Х” ХХК болон Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 16-р байрны оршин суугчдаас удаа дараа шүүхэд хандаж байсан ба нэхэмжлэл тус бүрд холбогдох захирамжуудыг хууль бус гэж маргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/625 дугаар захирамжаар Ч.От олгосон дээрх газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд үүнтэй холбоотой маргааныг мөн захиргааны хэргийн шүүх хянаад захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.4. Мөн иргэн Т.Доос 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан “иргэн Ч.От газар эзэмших эрх олгосон захирамж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.От барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүх хянаад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 640 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 156 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.5. Улмаар Ч.Оаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад хандахад, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-06/2491 тоот албан бичгээр дээрх газрыг тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөсөн хэмээн татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг өгчээ.

3.6. Нэхэмжлэгч Ч.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дугаар тушаалын хавсралтаар маргаан бүхий газарт төлөвлөгдсөн Ч.Оын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тул дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээр даалгах” шаардлагын тухайд:

4.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-06/2491 тоот алба бичгээр “... газрын хугацаа сунгуулах тухай хүсэлтийг “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн тус байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөгдсөн үндэслэлээр эс зөвшөөрсөн шийдвэр гарсныг мэдэгдэж байна” гэсэн хариуг нэхэмжлэгч Ч.От өгчээ.

4.2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж тус тус заасан.

4.3. Маргааны үйл баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг зочид буудлын баруун талд байрлах 1,000 м.кв газрыг Ч.От шилжүүлж олгосноос хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрийг цаашид хэвээр хадгалахаар тусгаснаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дээрх газарт явган зам, цэцгийн мандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж бүхий тохижилтыг төлөвлөж, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ХТХ2022/00-168 дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.

4.4. Дээрхээс үзвэл, Ч.Оын газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтэд Нийслэлийн Засаг даргаас татгалзсан хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн шийдвэр гэж үзэхээр байна.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх Ч.Оыг газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн” гэж тайлбарлах ба анхан шатны шүүхийн уг дүгнэлт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-06/2491 тоот алба бичгээр няцаагдаж байх боловч газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

5. “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалын Ч.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Захиргааны актыг цуцлах тухай” А/31 дүгээр тушаалаар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн хавсралтад заасан Архитектур төлөвлөлтийн 711 даалгаврыг” цуцалсан байх ба үүнд нэхэмжлэгч Ч.От олгосон даалгавар багтжээ.

5.2. Дээрх маргаан бүхий захиргааны акт нь энэхүү магадлалын 4.3-д дурдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэж гарсан байх ба Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно”, 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”, 24.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж тус тус заасантай нийцсэн, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

6. “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар Хот тохижилтын ажлын даалгавар зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

6.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хувьд маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан эсэхийг шалгах учиртай.

6.2. Нэхэмжлэгчээс “... Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар Хот тохижилтын ажлын даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт байна” хэмээн маргасан байна.

6.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

6.4. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/154 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадна талбайн нэгдсэн тохижилт хийх ажлын хүрээнд маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэцэг зочид буудал болон 16 дугаар байрны дунд төлөвлөгдсөн тохижилтын эскиз зураг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ХТХ2022/00-168 дугаар тохижилтын ажлын даалгаврыг баталжээ.

6.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны актуудыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэр, хот төлөвлөлтийн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба холбогдох хуульд заасан үндэслэл журмыг баримталсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

7.1. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ