Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч Н.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

шүүгдэгч Т.Цэрэндаваа, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тар боржигон овогт Тавхайжамцын Цэрэндаваад холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201625012707 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тар боржигон овогт Тавхайжамцын Цэрэндаваа, 1963 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд өрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 6-152 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 79 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж 2 жил тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, УГ63020917 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Т.Цэрэндаваа нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэртээ найз Н.Гомбосүрэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, архины шилээр цохиж, Н.Гомбосүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Цэрэндаваа шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч Гомбосүрэнгийн надтай хамт явж дэлгүүрээс архи авсан гэдэг нь худлаа. Өөрөө над дээр 1 шил архи барьж ирсэн. Үдээс өмнө би утсаар ярьсан нь үнэн. Баяр наадам дөхөж байна, тав арван төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Хохирогч манайд ирэхдээ өөрөө согтуу ирсэн. Архины шилээр би цохиогүй, харин хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулъя гэж хэлсэн. Надаас их мөнгө үндэслэлгүй нэхээд байсан” гэв,

Хохирогч Н.Гомбосүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т.Цэрэндаваа нь утсаар над руу залгаад “...ах нь шартаад байна. Чамд боломж юу байна.” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Дүүд нь 20.000 төгрөг байна.” гэж хэлсэн. Тэгтэл “... чи манай гэрт хүрээд ирээч гэж” шүүгдэгч хэлсэн. Би гэрт нь 20.000 төгрөг бариад очоод гэрийнх нь урд  гудамжны буланд байдаг дэлгүүрээс “Хараа” нэртэй архи нэг шилийг авсан. Худалдагч авгай “Т.Цэрэндаваа чи одоо болох юм биш үү “гэж хэлтэл Т.Цэрэндаваа “би зүгээр” гэж хэлээд гарсан. Гэрт нь орж архиа ууж сууж байхд ерөөсөө мөнгөний талаар нэг ч юм яриагүй. Бид хоёр бөх, морь хоёр л ярьсан. Би эрүүл очсон. Бид хоёр архинаасаа жоохон жоохон уугаад сууж байтал оройтоод Т.Цэрэндаа намайг “манайд хоноод яв” гэхээр нь би эхнэр рүүгээ оройн 21-ээс 22 цагийн хооронд яриад “Би Т.Цэрэндаваа ахынд хонолоо” гэж хэлсэн. Бид хоёр ярьж сууж байгаад 23 цагаас хойш архины шилээр шууд баруун нүд рүү цохьсон. Би тухайн үед ухаан алдаад унасан байсан. Юу болсон талаар мэдэхгүй. Сэргэтэл намайг энд тэнд баахан өшиглөсөн байсан. Босоод ирэхэд толгой дээр юм хөдлөж байхаар нь авсан чинь сэрээ зоолттой байсан. Би Т.Цэрэндаваа ахаа би гаръя гэхэд чамайг ална гээд хаалгаа алдалж зогсочихоод гаргахгүй байсан. Би ноцолдсоор байгаад хөл нүцгэн богино өмдтэйгөө зугтсан. Замдаа “сансар худалдааны төв”-ийн тэнд нэг хүүхдээс утсыг нь гуйж цагдаа, түргэн хоёр дуудсан. Түрүүлээд цагдаа ирсэн. Тэгээд байж байгаад би түргэн рүү явсан. Хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа шүүх эмнэлэгт очсон. Очоод чих шуугиж байна гэж хэлж байсан. Одоо миний чих бүр сонсголгүй болсон гэж эмнэлгийн магадлагаа гарсан. Би чихэндээ аппарат авна үнэ нь 1.5 саяаас 4 сая төгрөг байдаг гэсэн. Хамар хугарсан хагалгаа хийлгэхэд 3.5 сая төгрөг байдаг, өмсөж явсан хувцасны үнэ 850.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хувцас, пүүз, утас, нүдний шил зэргийг үнэлүүлээд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа” гэв,

Хохирогч Н.Гомбосүрэн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш Цэрэндаваа утсаар ярьж ах нь шартаад үхэх гээд байна нэг юм аваад ирээч гэхээр нь би 20.000 төгрөг аваад Баянзүрх дүүргийн 12 хороонд байдаг гэрт нь очсон. Бид хоёр хамт гараад хажуу талын хүнсний дэлгүүрт орж 0.75 литрийн Хараа архи 1 шилийг авсан. Худалдагч нь нэг эмээ байсан бөгөөд тэр эмээ Цэрэндаваа одоо чи болох юм бишүү гэж хэлээд архи өгсөн. “...Бид хоёр архиа аваад гэрт нь ороход ямар нэгэн хүн байгаагүй. Хоёулаа архиа уугаад эхэлж байтал чи оройтчихлоо манайд хоноод яв гэхээр нь 20 цагийн үед эхнэр Ундармаа руу ярьж хонохоор  болсоноо хэлсэн. “...Хоёулаа архиа ууж, бөх, морь  яриад байж байтал Цэрэндаваа ах гэнэт архины шилээр цохьсон бөгөөд би ухаан алдсан. Сэрэхэд сэрээгээр ар дагз руу 2, дух руу сэрээ зоосон хөдөлж байхаар нь сэрээг нь сугалж аваад гарах гэхэд гэрээсээ гаргахгүй гэрийн хаалгаа хашаад чамайг ална гээд  байхаар нь түлхэж гараад хөл нүцгэн, цээжин биеэрээ хувцасгүй, шоорттой гараад гүйж байгаад Сансар худалдааны төвийн үүдэнд нэг танихгүй залуутай таарч утсаар яриулаач гэж гуйгаад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгүүлж, эхнэр рүүгээ яриулсан...” гэсэн мэдүүлэг. /хх37-39/,

Яллагдагч Т.Цэрэндаваа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс үдээс хойш 16 цагийн үед найз Гомбосүрэнгийн 9668**** дугаар руу залгаж  яриад уулзахаар болсон. Удалгүй найз маань нилээн согтуу 1 шил барьчихсан хүрч ирээд би архинаас нь ууж, өмнө надад 4 сая төгрөгийн өртэй байсан учир 2016 оны 8 дугаар сарын эхээр уг мөнгөө авъя гэж ярилцсан ба Гомбосүрэн зөвшөөрч өгөхөөр болсон. “...Архи ууж байгаад бид хоёр мөнгөнөөс болж маргалдсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Учирсан хохирлыг бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №9691 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Хохирогч Н.Гомбосүрэнгийн биед тархины доргилт, хуйхны няцарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алим, баруун хацар, доод эрүү, цээж, 2 гарын шуу, 2 өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Хохирогч Н.Гомбосүрэнгийн гомдол /хх-3/, шинжээчийн №9691 дугаартай дүгнэлт /хх-7/, ял шалгах хуудас /хх-19/, хохирогч Н.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хх37-39/, гэрч Ц.Цэрэнсодномын мэдүүлэг /хх-40/, сэжигтэн Т.Цэрэндаваагийн мэдүүлэг /хх-43/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Т.Цэрэндаваагийн үйлдсэн гэмт хэрэг нь хувийн сэдэлттэйгээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэрэг биш танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү” гэж мэтгэлцсэн бөгөөд шүүх хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Цэрэндаваа нь иргэн Н.Гомбосүрэнтэй өөрийн гэртээ хоёулахнаа байхдаа архи уун согтуурч хоорондоо өмнө нь өгч авалцаж байсан мөнгө, өр, зээлийн талаар ярилцсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн талаарх баримт хавтаст хэрэгт нотлогдож тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн хохирогч Н.Гомбосүрэн нь шүүгдэгч нь намайг архины шилээр цохьсон, толгойд сэрээгээр хоёроос гурван удаа зоосон гэж байгаа нь шүүх эмнэлгийн шинжээчийн ¹9691 дугаартай дүгнэлтээр тогтоогдохгүй байна. Тухайлбал хохирогч Н.Гомбосүрэнгийн биед учирсан гэмтлийг авч үзвэл түүнд ир үзүүртэй зүйлээр зүсэгдэж, хатгагдсан гэмтлийн талаар дурьдаагүй тул шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Т.Цэрэндаваа нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэртээ найз Н.Гомбосүрэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж Н.Гомбосүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Цэрэндаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Цэрэндавааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Гомбосүрэн нь чихний сонсгол буурсан тул сонсголын аппаратны мөнгө 1.5 саяаас 4 сая төгрөг, хамар хугарсан хагалгаа хийлгэхэд 3.5 сая төгрөг, өмсөж явсан хувцасны үнэ 850.000 төгрөг, эмчилгээний зардал 850.000 төгрөгийг нэхэмжилж байна, нотлох баримтаар нийт 17 хуудас баримт гаргаж өгч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Шүүх хохирогчийн дээрх нэхэмжилж буй баримтыг авч үзвэл эмийн жор дээр эм авсан гэж дүн бичсэн, хуулбар баримтууд, мөн шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурьдаагүй чихний сонсгол буурсан гэж ямар эмнэлгийн хэзээ олгогдсон эсэх нь тодорхойгүй баримтуудыг гаргаж өгсний үндэслэлгүй, мөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул шүүхийн хэлэлцүүлэгт дээрх 16 хуудас баримтыг өөрт нь буцаан өгсөн болохыг дурьдаж байна. Харин шүүгдэгчээс нэхэмжилж буй хувцасны талаарх өргөдлийг хэрэгт хавсаргав.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Н.Гомбосүрэнд 153.000 төгрөгийн баримт байх тул уг үнийг шүүгдэгч Т.Цэрэндаваагаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Н.Гомбосүрэн нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

 

Шүүгдэгч Т.Цэрэндаваа нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр Т.Цэрэндавааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тар Боржигон овогт Тавхайжамцын Цэрэндавааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Цэрэндаваа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Цэрэндаваагаас 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гомбосүрэнд олгосугай.

4. Хохирогч Н.Гомбосүрэн нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Т.Цэрэндаваад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Цэрэндаваад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР