Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 201

 

О.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 1730000480068 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бичсэн 5/07 дугаар эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6-д заасан “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хоёр, түүнээс олон хүнийг алах”, 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Г-ыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6-д зааснаар 12 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 15 жил 6 сар хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Г-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бичсэн 5/07 дугаар эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автомашин, гэр, майхан зэргийг дайрч бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан байж болзошгүй байхад нотолбол зохих гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч Ж.Б, “Старекс” загварын тээврийн хэрэгслийн жолооч, мөн гэрийн эзэн У.Д нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч тэдгээр нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэсэн зүйл ангиар дахин шалгах талаар магадлалд дурдаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь ялтан О.Г нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 03 цагийн үед бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх санаа зорилго агуулаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.Б, У.Д нар нь өөрт учирсан хохирлын талаар маргаагүй, шүүгдэгч О.Г-аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж хохирол, хор уршиг, бодит хохирол гаргаагүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирлын хэмжээ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан байхад давж заалдах шатны шүүхээс заавал хохирол тогтоолгох гэж зааж өгсөн нь үндэслэлгүй байна.

Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 тоот дүгнэлтийн үнэн зөв эсэхэд эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийжээ. Замын цагдаагийн шинжээчээс 00-96 СҮЭ улсын дугаартай “Старекс” загварын авто машиныг жолоодон явсан О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд зам тээврийн ослын талаар Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгагдсан болно. Тухайлбал “Зам"-тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. "Замын хөдөлгөөн"-нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж журамлаж өгсөн бөгөөд О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодсон гэх газарт тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар буюу зам байхгүй, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалд хохирол учраагүй, нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжүүлэх үйл ажиллагаа явагдаагүй, хөдөө хээр болсон асуудал болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь эргэлзээтэй байгаа болохыг тодорхой тусгалгүй, хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эсэргүүцлээ дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Хохирогч нар хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй талаар дурдсаар байтал хохирлын асуудлыг тогтоолгох үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг нийтийн хэрэгцээний зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь биед аюултай үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж 4 ханатай гэр, майхан, автобус дайрсан нь санаатай гэмт хэргийн шинжтэй байна. Мөн 2 хүнийг санаатай алсан, 2 хүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй тул хэргийн зүйлчлэлийг анхаарах нь зүйтэй” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй байх үндсэн зарчмыг хангасан байна. Шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүх хуралдааны үед маргасан. Шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэж гэм буруутайд тооцож байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй байхад уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр маргасан. Хэргийн зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчийн үйлдлийг харахаар тухайн хохирогчтой маргалдсан зүйл байхгүй, өс хонзон санасан, санаатай алах санаа агуулаагүй байдаг. Хэдийгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа боловч зам дээр гараагүй. Анхан шатны шүүх гэм буруугийн холимог шинжээр гэмт хэргийг зүйлчилж хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл байгаа учраас хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгөхийг хүсье. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх ёстой гэсэн агуулгыг агуулж байгаа учраас шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бичсэн 5/07 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэх газарт 00-96 СҮЭ улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийг жолоодож олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар майханд унтаж байсан Ш.О, Ш.Э, Б.О, Ж.Э нарыг дайрч Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироон, хохирогч Б.О-ын эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, өвдөлтийн шок, цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн сул цус хуралт, дэлүү зүүн бөөрний няцарсан урагдалт, хэвлийн зүүн тал,  зүүн түнх орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл, Ж.Э-н эрүүл мэндэд цээжний хөндийн цус, хий хуралт, зүүн 5-8 дугаар хавирганы хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийн тухайд гэмт хэрэг гарсан газрыг тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар буюу замд хамааруулж, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон мэтээр үзэж тээврийн хэрэгслийн ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүний амь нас хохироох хор уршигт зориуд хүргэхдээ тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зэвсэг, хэрэгсэл болгон ашигласан  нь хөдөлбөргүй нотлогдсон байна.  

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг мөрдөн байцаалт явуулж дахин тогтоох шаардлагагүйн дээр  хохирогчоор тогтоогдсон этгээдүүд эд хөрөнгийн нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг мөрдөн байцаалт явуулах замаар дахин шалгаж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж хохирлын хэмжээг тогтоолгох тухай давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан анхан шатны шүүхийн доорх алдааг хяналтын шатны шүүх залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч О.Г-г гэм буруутайд тооцохдоо прокуророос ялласан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг орхигдуулж, зөвхөн үндсэн бүрэлдэхүүн буюу “хүнийг алах”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэм буруутайд тооцсон алдааг зөвтгөн залруулахаар шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж энэхүү гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой хэмээн О.Г-ын хүний амь нас хохироосон үйлдлийн санаа зорилго, сэдэлтийг үгүйсгэсэн мэт ойлгогдохоор буруу дүгнэлт хийснийг тэмдэглэх шаардлагатай байна.

Мөн хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхдээ болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн талаарх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт няцаалт өгөхийн оронд тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэхээр дүгнэлт хийсэн зэрэг зөрчил гаргасан тул цаашид анхаарвал зохино.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч О.Г-ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хоёр, түүнээс олон хүнийг алах, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.  

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН