Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 116/2016/0018/з |
Дугаар | 221/МА2016/0715 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2016/0715
Н.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Н.*******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, нэхэмжлэгч Н.*******ын “Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 2008 онд шинэчлэн олгосон 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.******* давж заалдах гомдолдоо: “Н.******* миний бие 1998 онд Ж.*******раас бэлэглэлийн гэрээгээр 9-р багийн нутаг дэвсгэр дээр байгаа 7 байшингийн 26 тоот 29 м.км бүхий 2 өрөө байрыг 2 хүний хамтын өмч гэсэн 289/До тоот гэрчилгээг авсан. Харин 1998 оны Ж.Болормааг хамтран өмчлөгч гэсэн эд хөрөнгийн мэдүүлгийг бичүүлж байгаагүй. Бид 1998 онд гэр бүл болоогүй байсан.
Учир нь ах Н.******* удаан хугацаагаар гадагш явсан тул материал бүрдээгүй учраас гэрчилгээнд нэр нь ороогүй юм. Байрны гэрчилгээ болон бэлэглэлийн гэрээнд хамтран өмчлөгчийн нэр байхгүй байхад хамтран өмчлөгч гэсэн мэдүүлэгийг 1998 оны материал болгож хийсэн байсан.
Үүнийг би бичээгүй, миний гарын үсэг биш гэхэд захиргааны шүүх гарын үсгийг минь хянуулж миний гарын үсэг биш гэдгийг тогтоож өгсөн.
Шүүгч С.Оюунтунгалаг шүүх хуралд дээр “Энэ мэдүүлэг 1998 онд байсан байна. Бичсэн он, сар таарч байна. 2 удаа банкнаас зээл авсан нь харагдаж байна” гэж тайлбарлаж байгаа мөртлөө 1998 онд эд хөрөнгийн мэдүүлэг болон ганц мэдүүлгээр хамтран өмчлөгчийг оруулах эрхтэй эсэх талаар хууль зүйн дүн шинжилгээ хийж өгөөгүй. Учир нь Ж.Болормаа үл хөдлөх хөрөнгийн байцаагчтай эвлэрч 1998 онд бичсэн ба эд хөрөнгийн мэдүүлгийг хуурамчаар гаргаж 2008 оны гэрчилгээн дээр Ж.Болормааг хамтран өмчлөгч болгодог нь миний өмч хөрөнгийг хууль бус аргаар луйвардан авсан хэрэг гэж үзэж байна.
Н.******* миний “Хамтран өмчлөгч оруулж өгнө үү” гэсэн хүсэлт мэдүүлэг гаргаагүй байхад ганц мэдүүлгээр хамтран өмчлөгч болж болдог мэтээр тайлбарлаж хууль зөрчиж байна. Өмчлөгчийн гаргасан “Байрны гэрчилгээ засвартай тул засаж өгнө үү” гэсэн хүсэлтээр хамтран өмчлөгчийн нэрийг байрны гэрчилгээн дээр бичсэн нь буруугүй юм шиг ярьж хууль зөрчиж байна.
Банкны баримт гэдэг нь зээл авсан хүний ойр дотны одоо ажилтай хүнээр зээлийн гэрч болгож гарын үсэг зуруулдаг банкны дүрэм журам байдаг.
Үүнийг шууд байрны хамтран өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй байхад өмгөөлөгч М.Энхтуяатай ам нийлэн тайлбарлаж, иргэн миний өмчлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
1998 оны эд хөрөнгийн мэдүүлгийг 2008 онд нөхөн нэмж бичиж хийсэн гэж би үзэж байна. Хурал эхлэхийн өмнө /худал хэлж болохгүй, буруу ярьж болохгүй хуулийн дагуу ярилцана/ гэж хууль тайлбарлаж өгөөд дараа нь өөрсдөө хуулиа зөрчиж байна.
Эдгээр асуудлуудад хууль зүйн дүн шинжилгээ хийж иргэн надад хуулийн дагуу зөв шударга хариу өгнө үү.
1998 оны “Гэрчилгээ засвартай тул сольж өгнө үү” гэж өөрийн нэр дээр хүсэлтээ ганцаараа бичиж үл хөдлөх хөрөнгийн газарт өгсөн Ж.Болормаа нь үл хөдлөх хөрөнгийн газарт надтай хамт очоогүй. Би хөдөө тээвэрт явдаг тул замд гарсан байсан.
Хөдөөнөөс ирэхэд Ж.Болормаа байрны гэрчилгээг солиулаад өөрийн нэрээ хамтран өмчлөгч болгож байрны гэрчилгээн дээр бичүүлсэн байлаа.
Бид 2 “Миний зөвшөөрөлгүй нэрээ яагаад оруулсан юм” гэж маргалддаг байсан. Нэрээ оруулсан энэ байдлаа Ж.Болормаа өөрөө хүлээн зөвшөөрдөг мөртлөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж нэрээ хасуулж өгөхгүй одоог хүрээд байна.
Өмчлөгчийн эзгүйд “Засвартай гэрчилгээг сольж өгнө үү” гэсэн мэдүүлгийг ашиглаж Ж.Болормаагаар адил мэдүүлэг гаргуулж хамтран өмчлөгчийн нэрийг байрны гэрчилгээн дээр бичиж өгдөг нь 2008 онд ажиллаж байсан улсын бүртгэлийн байцаагч авилгалын уршигаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.
Энэ асуудлуудыг хуулийн дагуу дахин хянан үзэж 1998 онд хамтран өмчлөгч Ж.Болормаа гэсэн мэдүүлэг байх үндэслэлгүй гэдгийг хууль дүрмийн дагуу тогтоож өгнө үү.
Ах Н.*******г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.
Энэ гомдол хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэн зөвийг олж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нар давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг гаргахдаа шүүгч нь “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо” гэсэн атлаа нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.******* “Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь 1998 онд 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтуудад үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээнд “2 хүний хамтын өмч” гэж тэмдэглэн Н.*******од олгосон боловч дээрх 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт зурагдсан гарын үсэг Н.*******ынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг дээрх гарын үсэг Н.*******ынх биш боловч 1998 оноос Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Болормаа бүртгэлтэй байсан төдийгүй 2006, 2008 онуудад тус орон сууцыг барьцаалж, банкнаас зээл авахад барьцааны гэрээнүүдэд хамтран өмчлөгчийн хувиар Ж.Болормаа гарын үсэг зурж, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хамтран өмчлөгчийн зөвшөөрөл өгч байсан[1], тэрчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 онд солиулж авахад Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Н.*******, Ж.Болормаа нарын тус тусдаа гаргасан өргөдөл нь нэг өдөр, нэг нотариатчаар, нэг дугаарт тэмдэглэгдэн гэрчлэгдсэн[2] байна.
Дээрхээс үзвэл Ж.Болормааг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй болохыг Н.******* эртнээс мэдэж байсан боловч энэ талаар маргаагүй, түүнийг хамтран өмчлөгчөөс хасуулахаар холбогдох байгууллагад болон шүүхэд хандаж байгаагүй тул Н.******* нь Ж.Болормааг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг агуулж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Мөн Н.*******, Ж.Болормаа нар нь 1992 онд гэр бүл болж, гэрлэсний бүртгэлд 2001 онд бүртгүүлснийг[3] дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээг солиулах тухай Ж.Болормаа, Н.******* нарын өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 000067342 тоот гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасантай нийцжээ.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн боловч баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Эд өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.5-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН