Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0715

 

Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох, нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын “Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоотын 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 2008 онд шинэчлэн олгосон 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од давж заалдах гомдолдоо: “Н.Гэрэлт-Од миний бие 1998 онд Ж.Сүхбаатараас бэлэглэлийн гэрээгээр 9-р багийн нутаг дэвсгэр дээр байгаа 7 байшингийн 26 тоот 29 м.км бүхий 2 өрөө байрыг 2 хүний хамтын өмч гэсэн 289/До тоот гэрчилгээг авсан. Харин 1998 оны Ж.Болормааг хамтран өмчлөгч гэсэн эд хөрөнгийн мэдүүлгийг бичүүлж байгаагүй. Бид 1998 онд гэр бүл болоогүй байсан.

Учир нь ах Н.Юра удаан хугацаагаар гадагш явсан тул материал бүрдээгүй учраас гэрчилгээнд нэр нь ороогүй юм. Байрны гэрчилгээ болон бэлэглэлийн гэрээнд хамтран өмчлөгчийн нэр байхгүй байхад хамтран өмчлөгч гэсэн мэдүүлэгийг 1998 оны материал болгож хийсэн байсан.

Үүнийг би бичээгүй, миний гарын үсэг биш гэхэд захиргааны шүүх гарын үсгийг минь хянуулж миний гарын үсэг биш гэдгийг тогтоож өгсөн.

Шүүгч С.Оюунтунгалаг шүүх хуралд дээр “Энэ мэдүүлэг 1998 онд байсан байна. Бичсэн он, сар таарч байна. 2 удаа банкнаас зээл авсан нь харагдаж байна” гэж тайлбарлаж байгаа мөртлөө 1998 онд эд хөрөнгийн мэдүүлэг болон ганц мэдүүлгээр хамтран өмчлөгчийг оруулах эрхтэй эсэх талаар хууль зүйн дүн шинжилгээ хийж өгөөгүй. Учир нь Ж.Болормаа үл хөдлөх хөрөнгийн байцаагчтай эвлэрч 1998 онд бичсэн ба эд хөрөнгийн мэдүүлгийг хуурамчаар гаргаж 2008 оны гэрчилгээн дээр Ж.Болормааг хамтран өмчлөгч болгодог нь миний өмч хөрөнгийг хууль бус аргаар луйвардан авсан хэрэг гэж үзэж байна.

Н.Гэрэлт-Од миний “Хамтран өмчлөгч оруулж өгнө үү” гэсэн хүсэлт мэдүүлэг гаргаагүй байхад ганц мэдүүлгээр хамтран өмчлөгч болж болдог мэтээр тайлбарлаж хууль зөрчиж байна. Өмчлөгчийн гаргасан “Байрны гэрчилгээ засвартай тул засаж өгнө үү” гэсэн хүсэлтээр хамтран өмчлөгчийн нэрийг байрны гэрчилгээн дээр бичсэн нь буруугүй юм шиг ярьж хууль зөрчиж байна.

Банкны баримт гэдэг нь зээл авсан хүний ойр дотны одоо ажилтай хүнээр зээлийн гэрч болгож гарын үсэг зуруулдаг банкны дүрэм журам байдаг.

Үүнийг шууд байрны хамтран өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй байхад өмгөөлөгч М.Энхтуяатай ам нийлэн тайлбарлаж, иргэн миний өмчлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

1998 оны эд хөрөнгийн мэдүүлгийг 2008 онд нөхөн нэмж бичиж хийсэн гэж би үзэж байна. Хурал эхлэхийн өмнө /худал хэлж болохгүй, буруу ярьж болохгүй хуулийн дагуу ярилцана/ гэж хууль тайлбарлаж өгөөд дараа нь өөрсдөө хуулиа зөрчиж байна.

Эдгээр асуудлуудад хууль зүйн дүн шинжилгээ хийж иргэн надад хуулийн дагуу зөв шударга хариу өгнө үү.

1998 оны “Гэрчилгээ засвартай тул сольж өгнө үү” гэж өөрийн нэр дээр хүсэлтээ ганцаараа бичиж үл хөдлөх хөрөнгийн газарт өгсөн Ж.Болормаа нь үл хөдлөх хөрөнгийн газарт надтай хамт очоогүй. Би хөдөө тээвэрт явдаг тул замд гарсан байсан.

Хөдөөнөөс ирэхэд Ж.Болормаа байрны гэрчилгээг солиулаад өөрийн нэрээ хамтран өмчлөгч болгож байрны гэрчилгээн дээр бичүүлсэн байлаа.

Бид 2 “Миний зөвшөөрөлгүй нэрээ яагаад оруулсан юм” гэж маргалддаг байсан. Нэрээ оруулсан энэ байдлаа Ж.Болормаа өөрөө хүлээн зөвшөөрдөг мөртлөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж нэрээ хасуулж өгөхгүй одоог хүрээд байна.

Өмчлөгчийн эзгүйд “Засвартай гэрчилгээг сольж өгнө үү” гэсэн мэдүүлгийг ашиглаж Ж.Болормаагаар адил мэдүүлэг гаргуулж хамтран өмчлөгчийн нэрийг байрны гэрчилгээн дээр бичиж өгдөг нь 2008 онд ажиллаж байсан улсын бүртгэлийн байцаагч авилгалын уршигаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Энэ асуудлуудыг хуулийн дагуу дахин хянан үзэж 1998 онд хамтран өмчлөгч Ж.Болормаа гэсэн мэдүүлэг байх үндэслэлгүй гэдгийг хууль дүрмийн дагуу тогтоож өгнө үү.

Ах Н.Юраг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.

Энэ гомдол хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэн зөвийг олж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мядагбадам нар давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг гаргахдаа шүүгч нь “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо” гэсэн атлаа нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тухайн өдрийн 1380 тоот Ж.Сүхбаатар, Н.Гэрэлт-Од нарын “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл”-ийн мэдүүлгүүд, орон сууц бэлэглэлийн гэрээг нэг хүн бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Түүнчлэн 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгч мэдүүлэг гаргагчаар Н.Гэрэлт-Од, хамтран өмчлөгчөөр Ж.Болормаагийн нэрийг тус тус бичсэн байна. Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 156 тоот дүгнэлтээр 1998 оны 1380 тоот мэдүүлэгч “Н.Гэрэлт-Од” гэж бичсэн нь нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын гарын үсэг биш гэж тогтоогдсон. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “Н.Гэрэлт-Од бичиг үсгийн чадвар муу болоод л тэр үү Ж.Болормаа болон хамт явсан хүмүүсээрээ аливаа баримт бичигт бичилт хийлгэдэг” гэсэн тайлбараас үзэхэд Н.Гэрэлт-Одыг 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үед хамт явсан хүнээр бичүүлсэн гэж үзлээ. 1998 оны 1380 тоот мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1998 оны 289/До тоот гэрчилгээг Н.Гэрэлт-Одын нэр дээр олгожээ. Энэ гэрчилгээнд тухайн орон сууцыг “2 хүний хамтын өмч” гэж бичсэн байх бөгөөд хамтран өмчлөгчийн нэр гэрчилгээнд бичигдээгүй байна. Нэхэмжлэгч уул орон сууцны хамтран өмчлөгч нь “миний төрсөн ах” гэх боловч үүнийг нь нотлох баримт байхгүй байна. Харин 1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгчөөр Ж.Болормаагийн нэрийг бичсэн, 1997 оноос эхлэн Ж.Болормаа, Н.Гэрэлт-Од нар нь хамтран амьдарч байсан зэргийг дүгнэж үзэхэд 289/До тоот гэрчилгээнд бичигдсэн хамтран өмчлөгчийг Ж.Болормааг гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь “1998 оны мэдүүлгийг би өөрөө бичээгүй, Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл, зориг илэрхийлээгүй” гэдэг асуудлыг тууштай ярьдаг. Тиймээс ч гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт өөр ямар нэгэн бичгийн хэв, гарын үсэг шинжилсэн дүгнэлт байхгүй байгаа. Гэтэл шүүх Н.Гэрэлт-Одын гарын үсэг биш гэж тогтоогдсон гэж үндэслэх хэсэгтээ бичсэн атлаа уг нотлох баримтыг буруу үнэлж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн “1998 оны 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үед хамт явсан хүнээр бичүүлсэн байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл мэдүүлэг гаргагч нь өөрөө мэдүүлгийг бөглөөгүй, хэн нэгнээр төлөөлүүлэн бөглүүлсэн асуудал байхгүй /бөглүүлсэн байсан ч гарын үсэг нь өөрийнх нь байх ёстой/. Ж.Болормааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт сонирхол илэрхийлээгүй гэдгээ тайлбарладаг тэр нь нотлох баримтаар нотлогдсоор байтал дээрх байдлаар дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Мөн 1997 оноос эхлэн Ж.Болормаа, Н.Гэрэлт-Од нар нь хамтран амьдарч байсан гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн үндэслэл болохгүй болно. 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэн, хуулийн этгээд эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана”, 9.2-д “дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна” гэж тус тус заажээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Н.Гэрэлт-Одод байр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ л байдаг. Харин Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарын бичсэн мэдүүлэг болоод хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх бичгээр гаргасан зөвшөөрөл зэрэг нотлох баримт байхгүй байгааг шүүх үнэлж дүгнэсэнгүй. Харин Н.Гэрэлт-Одын бөглөөгүй гэж нотлогдсон 1380 тоот мэдүүргийг үнэлсэн нь ойлгомжгүй байна.
  2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээг засвартай байсан гэж солиулахаар улсын бүртгэлийн газарт 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хандаж өргөдөл, мэдүүлэг гаргахад нь хамтран өмчлөгч Ж.Болормаа нь Н.Гэрэлт-Одын нэгэн адил өргөдөл, мэдүүлэг гаргасан байна. Тэдний өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 7 дугаар байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарыг бүртгэж 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 000067342 дугаартай гэрчилгээг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “иргэн хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.3-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна” гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь “Гэрчилгээг солиулахыг хүссэн тухайн өдөр би өөрөө ганцаараа улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө аваачиж өгсөн. Ж.Болормаа нь намайг хөдөө ажлаар явсан хойгуур өргөдөл мэдүүлэг бичиж өгсөн байсан” гэж тайлбартаа хэлдэг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр 2008 оны мэдүүлгийг Ж.Болормаа бичсэн байх ба тухайн мэдүүлэгт Н.Гэрэлт-Одын гарын үсэг зурагдаагүй байгаагаар нотлогдож байна. Иймээс гэрчилгээ солиулахыг хүссэн Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарын өргөдлийг үндэслэн бүртгэж, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 000067342 дугаартай гэрчилгээг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь өөрөө үндэслэлгүй байна.
  3. Мөн үндэслэх хэсэгт “Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны хайнга, хариуцлагагүй байдлаас шалтгаалан 1998 оны бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй, 1998 оны 1380 тоот мэдүүлэгч Н.Гэрэлт-Од гарын үсэг зураагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь гуравдагч этгээд Ж.Болормааг хамтран өмчлөгчөөс хасуулах үндэслэл болохгүй юм” гэжээ. 1998 оны улсын бүртгэл, 2008 оны улсын бүртгэл нь аль аль нь дээрх байдлаар хууль зөрчиж хийгдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүх өөрөө захиргааны байгууллага албан тушаалтны хайнга хариуцлагагүй байдал тогтоогдож байгааг үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од  “Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Ж.Болормаагийн нэрийг хасуулж, 000067342 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч нь 1998 онд 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтуудад үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээнд “2 хүний хамтын өмч” гэж тэмдэглэн Н.Гэрэлт-Одод олгосон боловч дээрх 1380 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт зурагдсан гарын үсэг Н.Гэрэлт-Одынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

            Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг дээрх гарын үсэг Н.Гэрэлт-Одынх биш боловч 1998 оноос Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг дахь 7 дугаар байрны 26 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Ж.Болормаа бүртгэлтэй байсан төдийгүй 2006, 2008 онуудад тус орон сууцыг барьцаалж, банкнаас зээл авахад барьцааны гэрээнүүдэд хамтран өмчлөгчийн хувиар Ж.Болормаа гарын үсэг зурж, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хамтран өмчлөгчийн зөвшөөрөл өгч байсан[1], тэрчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 онд солиулж авахад Дорнод аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст хандан Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нарын тус тусдаа гаргасан өргөдөл нь нэг өдөр, нэг нотариатчаар, нэг дугаарт тэмдэглэгдэн гэрчлэгдсэн[2] байна.

            Дээрхээс үзвэл Ж.Болормааг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй болохыг Н.Гэрэлт-Од эртнээс мэдэж байсан боловч энэ талаар маргаагүй, түүнийг хамтран өмчлөгчөөс хасуулахаар холбогдох байгууллагад болон шүүхэд хандаж байгаагүй тул Н.Гэрэлт-Од нь Ж.Болормааг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг агуулж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

            Мөн Н.Гэрэлт-Од, Ж.Болормаа нар нь 1992 онд гэр бүл болж, гэрлэсний бүртгэлд 2001 онд бүртгүүлснийг[3] дурдах нь зүйтэй.

            Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 289/До тоот гэрчилгээг солиулах тухай Ж.Болормаа, Н.Гэрэлт-Од нарын өргөдөл, мэдүүлгийг үндэслэн 000067342 тоот гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн боловч баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Эд өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.5-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН