Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 299

 

“А ү к” ХХК, “Б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0429 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0476 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “А ү к” ХХК, “Б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А ү к” ХХК, “Б б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг даалгаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил”, “Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0476 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн 2017 оны төсөвт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, автозамын, зураг төсөл, угсралтын ажилд тухайн ондоо 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн бөгөөд 2016 онд сонгон шалгаруулалт зарласан ажлыг 2017 онд санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан заалтыг зөрчин нийслэлийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтэст гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх санхүүгийн эх үүсвэргүй, гэрээ байгуулах боломжгүй гэсэн атлаа дахин тендер шалгаруулахаар зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчиж байна гэж дүгнэсэн.

Гэтэл Төсвийн тухай хуулийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан байдаг.

Энэ заалтын дагуу 2016 оны төсвийн жил дуусгавар болж, үлдсэн санхүүжилтийг Сангийн яам татсаны дараа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэрээ баталгаажуулахаар албан бичиг ирүүлсэн.

Энэ нь Санхүү төрийн сангийн хэлтсээс үл хамаарах шалтгаанаар тухайн төсвийн жил дуусгавар болсонтой холбоотойгоор төрийн санд үлдсэн мөнгийг Сангийн яам татсан, эх үүсвэргүй гэрээг байгуулаагүй үйлдлийг шүүх хууль бус үйлдэл хэмээн үзэж, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 онд төсөвлөсөн мөнгийг 2016 онд л зарцуулах эрхтэй  он дамжуулан зарцуулах эрх төсвийн бүх шатны захирагчид Төсвийн тухай хуулиар эрх олгогдоогүй, харин ч бүр эсрэгээрээ шүүх 2016 онд төсөвлөгдсөн мөнгийг 2017 онд зарцуулахаар даалгаж шийдвэрлэж байгаа нь Төсвийн тухай хуулийг шууд зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.

Мөн дахин тендер шалгаруулахаар зарласан байдлыг шүүх нягталж дүгнээгүй, 2017 оны төсөв батлагдсантай холбоотойгоор Сангийн яамнаас дахин маргаан бүхий санхүүжилтийг төсвийн жилд баталсан. Үүний дагуу 2016 онд байгуулагдаагүй гэрээг он дамжуулан шууд 2017 онд зарцуулах эрх төсвийн захирагчид олгогдоогүй байх тул дахин тендер зарлах байдал бий болсныг шүүх харгалзаж үзсэнгүй.

Маргаан бүхий НХААГ-16/0158/ дугаартай гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан Захиргааны байгууллагаас нийтийн эрхзүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох зохицуулалтыг агуулаагүй бөгөөд тус гэрээ нь хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулиар зохицуулагдах эрх зүйн маргааныг зөрчин хууль бус шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А ү к” ХХК, “Б б” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг  батлахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу дахин тендер зарласан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд зарласан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч хуулийн этгээдүүд тус тусдаа оролцон шалгарч, Үнэлгээний хорооны шийдвэрээр гэрээ байгуулах эрхийг олгожээ.

Ийнхүү захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гэрээ байгуулахыг зөвшөөрсөн боловч Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс “санхүүжилтийн эх үүсвэргүй” гэсэн үндэслэлээр гэрээг батлаагүй байна.  Хариуцагчаас ийнхүү татгалзсан үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар санхүүжилтийг зогсоосон” гэж тодорхойлж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар төсвийн асуудал хариуцсан захиргааны байгууллага нь төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад хариуцлагатай байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх учиртай.

Гэтэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/50 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулж, тендерийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нээсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт зааснаар тендер хүчинтэй байх 45 хоногийн хугацаа дуусаагүй буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл тендер хүчинтэй байсан, захиргааны байгууллага нь “төсвийн жил” 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохыг мэдсээр байж, хугацаа тулгаж тендерийг зарласан үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах, улмаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн бараа, ажил үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралтай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төсвийг он дамжуулан зарцуулах эрхгүй” тухай гомдол үндэслэлгүй, захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцах ёстой.

Хариуцагчаас “хугацааг бид тогтоогоогүй, Худалдан авах ажиллагааны газар тогтоосон” гэж тайлбарлаж байгаа боловч  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг нь хариуцагч төсвийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

2016 оны төсөвт маргаан бүхий тендерийн ажлын зардал тусгагдсан, холбогдох санхүүгийн эх үүсвэр нь нэгэнт батлагдсан байхад захиргааны байгууллагаас “төсвийн жил” дууссан гэж, улмаар 2017 онд дахин уг тендерийг зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг ноцтой зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хувийн эрх зүйн маргааныг шийдсэн, захиргааны гэрээ биш” гэх гомдлын хувьд Ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил, бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажлын гэрээний зорилго нь хувийн эд хөрөнгийн эрх үүсгэхэд чиглээгүй, нийтийн сайн сайхны төлөө буюу нийтийн эрх ашигтай холбоотой, захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд зарлагдсан тендерийн үр дүнд байгуулагдах захиргааны гэрээ байна. Нөгөө талаас энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь “шалгарсан тендертэй гэрээ байгуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй эс үйлдэхүйтэй” холбогдуулан гэрээг баталгаажуулахыг даалгах шаардлага болохоос гэрээний биелэлт, гэрээнээс үүсэх шаардах эрхтэй холбоотой маргаан биш байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан мөн байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0429 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0476 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                 М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ