| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0114/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/112 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ц-д холбогдох 2316000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Х овогтой Д-ийн Ц.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын *** баг, ******** гэх газарт хохирогч Л.М-тай маргалдан зодолдож түүний зүүн ташаанд нэг удаа хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...М миний нүүр лүү мангастаад хойш нь түлхсэн тухайн үед бид хоёр машины арын суудалд хамт сууж явсан...Би М-д “...нагац ахынхаа биед хүрэх нь битгий хэл миний хажууд архи ч уух ёсгүй...” гэж хэлээд барилцаж аваад машины арын суудал дээр хоорондоо ноцолдоод би М-ийн дээр гараад буцаад миний дээр М гарахдаа “яая” гээд дуугарсан... Машин барьж явсан залуу “...ах дүү хоёр яагаад байгаа юм бэ...” гэж хэлээд “...М-ийн гуя хэсэгт мэс орчихсон байна болиоч...” гэсэн. М ёолоод бид хоёр салсан...Харсан чинь зүүн талын ташаан толгой хэсэгт шар иштэй жижгэвтэр хутга биед нь орсон байсныг аваад машин дотор шидсэн... М “...намайг хутгалчихлаа...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/
2. Хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хүмүүс том том дуугаар байхаар нь сэрээд хартал нагац ах Ц манай найз Б луу “...гуйлгачин минь...” гээд юм яриад байхаар нь Ц ах руу “...та настай хүн байж намбатай байгаач...” гэж хэлсэн чинь “...гуйлгачин минь дуугүй бай...” гэхээр нь би нүүр лүү нь мангастаад түлхсэн. Бид 2 арын суудалд нь хамт сууж явж байсан...Хоорондоо барилцаж аваад машины арын суудал дээр ноцолдсон... Цагаач ах миний дээр гарахаар нь би түлхээд дээр нь гараад дараад авсан чинь час хийгээд хутга орох шиг болсон... Манай найз Б чиний биед хутга зоогдчихсон байна гэж орилсон... Ах бид хоёр салсан ... Миний бие махбодод хохирол учирсан. Зүүн талын ташааны хэсэгт мэс орсон байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
3. Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, дадаагийн ахмад цолтой Д.Даваахүүгийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...1. Л.М-ийн биед зүүн ташаан толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Л.М-ийн биед учирсан гэмтэл нь шинжилгээнд хутгаар үүсгэгдсэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хүний өөрийнх нь тайлбарлаж байгаагаар үүсэх боломжгүй болно. 5. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно. 6. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт… /хавтаст хэргийн 32-33-р хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Л.М нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 150,000 төгрөгийн үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт “... Д.Ц нь хохирол барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 5 дугаар тал/-ийг бичгээр гаргасан байна. Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 79 дүгээр тал/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА