Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ч-д холбогдох 2316000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ж овогт Г-ын Ч.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Г.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 14-өөс 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт хохирогч Ч.О-ийг зодож биед нь хамрын нуруу, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанааг хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруу, баруун дал, ууц баруун тохой зүүн өвдөгт зулгаралт, зүүн дал баруун шилбэнд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ***** караокед таараад 12-ны 23 цагт найзтайгаа явж байна гэхээр нь би 2 шил архи авч өгөөд хамт ширээнд нь сууж архи уусан. Найзтай нь танилцаад байж байтал бүгд хамт гарахаар тохироод тал руу гарсан. Тэнд архи ууж байгаад согтсон байсан. Ч.О эгч намайг “...чи ахынхаа өшөөг авах гэж байна уу...” гээд үсдээд байсан... Би нүүр лүү нь хоёр удаа алгадсан…” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

2. Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 08-р сарын 12-оос 13-ны шилжих шөнө би найзын хамт **** караокед сууж байхад 02 цаг өнгөрч байсан миний утас дугараад авахад Б байна гэж хэлсэн тэгээд та хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлээд өгсөн тэгэхэд хүрээд ирсэн би найздаа хэлээд манай дүү ийм сайхан сэтгэлтэй гэж танилцуулсан. Б нь эгчдээ юм авч өгнө гээд нэг шил архи авсан тэгээд ууж байгаад тарах болохоор нь бид хэд гараад манай найзыг хүргэж өгөөд манайх руу явж байгаад нэг мэдэхэд харанхуй газар явж байсан. Ч эгч байж бай энэ тал шил юмыг ууя гээд явсан. Машинаа зогсоосон. Ч надад  архи хийж өгсөн би уухгүй гэсэн. Тэгээд над руу шахаад байхаар нь уугаад өгсөн. Намайг Ч цохиж авсан би ахынхаа өшөөг авч байна би чамайг ална энд оршуулна гэсэн чи охиндоо хэлнэ гэдэг юм байна лээ гэсэн би охиндоо хэлэхгүй гэж гуйсан тэгээд намайг машинаас буулгаж зодох гэхээр нь би буухгүй намайг эндээ зод гэж хэлсэн. Тэгээд намайг машин дотор зодсон. Ч миний нүд рүү гараараа 2-3 удаа цохисон тэгээд машинаас буулгаад газар дээр чирээд байсан. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/

3. Гэрч  А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023.08.12-ны орой найз Ч-ын хамт ***** караокед 22 цагийн үед орсон. Тэнд О эгчтэй таарсан би хавьд уулзаагүй гээд караокеноос 2 шил архи авч өгсөн тэгээд шөнө хааж байна гэхээр нь бид нар гараад Б гэх хүнийг хүргэж өгөөд хамт явсан хоёр залуу нь гэртээ буусан. Тэгээд Ч бид 2 О эгчийг хүргэж өгөх гэж явж байгаад би замдаа тасарсан байсан. Нэг мэдэхэд өглөө 08 цагийн үед сэрэхэд тал дээр Ч О эгч хоёр маргалдаж байсан. О эгчийн өрөөсөн нүд хавдсан байсан. Ч-ийн амнаас нь цус гарсан байсан тэгээд би юу болж байгаа юм гээд хоёуланг нь гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед бид гурав л байсан…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

4. Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай “...Ч.О-ийн биед хамрын нуруу, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанааг хамарсан цус хуралт, зүүн мөр, нуруу, баруун дал, ууц баруун тохой зүүн өвдөгт зулгаралт, зүүн дал баруун шилбэнд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо...” Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, хавтаст хэргийн материалтай танилцаад “... Г.Ч нь миний хохирлыг бүрэн барагдуулсан гомдол саналгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/   гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогт Г-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ч-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА