| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0117/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/114 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-д холбогдох 2316000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймаг ***** сумд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** сургуулийн 1-р дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймаг ******* сумын ****** багийн ******* хороолол ****-р байр 41 тоотод оршин түр оршин суудаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Ж овогт Ж-ны Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн ********* сумд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр О.Н-ийн таксинд орхиж буусан нэг хайрцагтай тээшийг завшиж 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай ******* сумд ***** хотоос ирж ********* дээр бууж такси барьж явахад цуг 2 хүн явж байгаад би хамгийн сүүлд буучхаад мөнгө өгөх гээд сууж байхад миний ачааг таксины ах буулгасан юм. Тэгээд буугаад ачаагаа харахад өөр хүний нэг ачаа байхаар нь таксины ахад хэлэх гэсэн боловч хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд эмээгийнд байж байтал таксины жолооч ах нэг эгчтэй ирээд “...энд нэг хайрцагтай юм үлдээсэн үү...” гэхэд нь би “...үлдээгээгүй...” гэж хэлээд өөрийнхөө юмыг үзүүлсэн юм. Тэгээд 14 цагийн үед нөгөө эгч “...юмаа үлдээсэн хүн байна цуг такси барьсан хүмүүсийн гэрээр орж ачаагаа хайж байна...” гэхээр нь би “...завгүй байна орой үзүүлж болох уу...” гэхэд цагдаагийн хүмүүстэй явж байна гэхээр очиход хайрцагтай юмыг олсон байсан… Д гэсэн бичигтэй цаасан хайрцаг байсан. Би ганцаараа хайрцгийг нээж үзэхэд чихэр, гутал, куртик, улаан цүнх байсан. Тэгэхээр нь нэг хайрцагтай “бон бонг” аваад идчихсэн байсан. Тэгээд эд зүйлсийг буцааж эзэнд нь өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/
2. Хохирогч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай бэр дүү Ц гар утсаар нь Д гэх охинтой ярихад “...өглөө үзүүлээд байхгүй гэж хэлсэн биз дээ, гадуур ажилтай байна гэртээ очиж чадахгүй, би өөрийнхөө ачаанаас өөр хүний ачаа авч буугаагүй, надад өөр ачаа байхгүй...” гэх зэргээр хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгтэл нэг настай эмэгтэй хүн гарч ирээд гэрийн түлхүүр гаргаж өгсөн. Тухайн айлын залуутай хамт хажуу талын гэрийг онгойлгож үзэхэд Д эгч нэг хайрцагтай юм руу заагаад энэ миний хайрцагтай юм мөн байна. Дээр нь миний нэр байна гэж байсан. Хайрцагтай ачааг задлаад дээгүүр нь нэг хантаазаар бүтээгээд тавьсан байсан. Удалгүй утсаар ярьж байсан Д гэх охин нь өөрөө ирээд уучлал гуйгаад байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/
3. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4647 дугаартай “...1,6 литрийн халуун сав, монетин гинж 3,1 грамм, мөнгөн ээмэг нэг хос, талын хар 0,5 граммтай 2 ширхэг архи, бон бон чихэр 2 хайрцаг, ууттай чихэр 1 ширхэг, дасгалын ном 1 ширхэг, цагаан өнгийн шорт 1 ширхэг, улаан жижиг гар цүнх 1 ширхэг, 48 хуудастай дэвтэр 10 ширхэг, жижиг бор цүнх 2 ширхэг, бэлтгэлийн ноосон цамц 1 ширхэг, саарал ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн нимгэн куртик 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг”-ийн нийт бодит үнэ цэнийг 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-д 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ж-ны Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА