Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-т холбогдох 2316000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуй механикч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн ******  сумын ***** багийн ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Т овогт Х-ын Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багт байрлах *********** жижүүрийн өрөөнөөс хохирогч Л.О-ийн өмчлөлийн ногоон өнгийн “ай фоне-12 про макс”/iphone-12 pro max/ загварын гар утсыг хулгайлан авсан болох нь:

1.Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өрөөнөөс гараад хүн байна уу гэж ойр орчим үзчихээд буцаад гарахдаа жижүүрийн өрөөний ширээн дээр байсан гар утсыг аваад сим картыг авч хаяад зах дээр аваачиж зарсан . Одоо тухайн хүний гар утсыг аваад эзэнд нь өгсөн мөн тухайн гар утсыг худалдаж авсан хүнд хохирол мөнгийг нь төлсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 63 дугаар тал/

2. Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говь”Алтай аймгийн ********** ажил дээрээ байж байгаад утсаа жижүүрийн өрөөний ширээн дээр үлдээж гараад удалгүй буцаж ороод гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд жижүүрийн өрөөний хяналтын камер шүүж үзэхэд 60 орчим насны эрэгтэй хүн 14-н цаг 58 минутад жижүүрийн өрөө рүү орж ирээд ширээн дээрээс миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг бүдэг харагдаж байсан. Тухайн хүний танихгүй байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар  тал/

3. Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 8-12 дугаар тал/

4. Хохирогчийн хулгайд алдагдсан гэх утасны үнэлгээг 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-921/4640 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/

5. Хулгайд алдагдсан эд зүйл буюу гар утсыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.О-т 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гар утсыг хохирогчид өгсөн, иргэний нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжилсэн 150,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг)  жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Х-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Б-т хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б-т сануулсугай.

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА