| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2016/00105/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 01
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч П.Дониддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Манхынхан овогт Пүрэвдоржийн Дониддоржид холбогдох эрүүгийн 201615000353 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг, Өлзийт хороо, 4-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Манхынхан овогт Пүрэвдоржийн Дониддорж, /РД:ЙЮ83020315/
Шүүгдэгч П.Дониддорж нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Өлзийт хороо 4-12 тоотод хохирогч Г.Долгоржавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч П.Дониддорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.Долгоржавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед банк орох ажилтай Тарагт сумын төвд орж ирээд орой 21 цагийн үед буцах гээд зүүн хороололд Дониддоржийн гудамжаар баруун зүг рүү явж байтал Дониддоржийн хашаан дотроос С.Дамба дуудахаар нь би очиж зогссон чинь С.Дамба гэрт ороод ир гээд би Дониддоржийнд орсон чинь Лувсандорж, Дамба нар 1 шил Харзтай ууж байсан. Дониддорж гэрт байгаагүй ба Лувсандорж надад цайны аяганд архи хийж өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн чинь Дамба чи яваад сургууль ороод Энхбаатарыг аваад ир гэсэн. Би яваад Энхбаатар багшийг аваад буцаад очсон. Тэр үед Дониддорж хашаан дотор тэр хоёртой хамт байж байсан ба гэрт орцгоосон чинь Дониддорж 1 шил архи гаргаж ирсэн. Бид хэд хувааж уулцаад Дамба, Энхбаатар, Лувсандорж бид нар хамт гэрээс гараад тэр хэд явцгаасан. Дониддорж араас гэрийн хаалгаар гарах гээд гарч чадахгүй савж унах гээд байхаар нь гэрт түшиж оруулсан чинь Дониддорж энд байсан архи хаана байна гэхээр нь түрүүн ууцгаасан гэсэн чинь Дониддорж над руу эргэж хараад миний нүүрэн тус газар сандлаар цохисон. Би газар унасан чинь дээрээс толгойд хэд хэдэн удаа цохисон ба би тэр үед ухаан балартсан байсан. ...Миний биеийн байдал одоо гайгүй сайн байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч С.Дамбын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Н.Лувсандоржийн адуу авч байгаа газар очоод Дониддоржтой таарсан. Нэг адуу зарчихлаа, манайд очиж ганц юм ууя гэхээр нь Лувсандорж бид хоёр Дониддоржийн гэрт хамт очсон ба Дониддорж нэг шил “Харзтай” архи гаргаж ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уучихаад сууж байтал гаднаас Долгоржав орж ирсэн. Би Долгоржавыг сургууль ороод Энхбаатарыг аваад ир гэж явуулсан. Удалгүй Энхбаатар, Долгоржав нар орж ирсэн ба архи ууж дууссан учир бид нар гараад явсан. Гэрийн эзэн Дониддорж үлдсэн, өөр хүн үлдээгүй ба би Лувсандоржийг сундлаад шууд явсан. Бид нарыг байхад хэрүүл маргаан болоогүй, бид нар удаагүй гарсан. Долгоржав халамцуу байсан. Дониддорж мөн адил халамцуу байсан. Би ороод удаан суугаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч Н.Лувсандоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр С.Дамбатай хамт зүүн хороонд явж байгаад Дониддоржтой таарсан юм. Дониддорж би адуу зарсан. Ах нар манайд орж ганц юм ууя гэхээр нь Дамба бид хоёр Дониддоржийнд хамт очсон. Тэгээд тэднийд нэг шил “харзтай” архи хувааж ууцгаасан. Би их согтсон тул Дамбаар гэр рүүгээ хүргүүлсэн. Хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй. Би нэг мэдсэн гэртээ ирсэн байсан. Би Дамба, Дониддорж хоёроос өмнө айлд монгол архи уусан байсан. Дамба, Дониддорж хоётой нэг шил архи л уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч Б.Энхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед байх сургууль дээр жижүүрээс буух гээд байж байтал С.Дамба над руу залгаад ах хаана байна, ажил гайгүй бол хүрээд ир гэхээр нь би ах нь ажил тарж байна, би унаагүй сургууль дээр байна гэсэн чинь Дамба би унаа явуулна та гараад гадаа байж бай гэсэн. Удалгүй Долгоржав мотоцикльтой ирж намайг аваад Дониддоржийн гэрт очсон. Бид хоёрыг Дониддоржийн гэрт ороход Дамба, Лувсандорж, Дониддорж нар 1 шил “харзтай” архи задалчихсан уг архи дундаа орох гэж байсан ба Долгоржав бид хоёр тэр архинаас хувааж уулцаад удалгүй би Дамбаар сургууль руу хүргүүлсэн. Намайг ороход ууж байсан хагас шил архинаас өөр архи уугаагүй. Дониддорж архинд яваагүй байх. Гэрийн эзэн Дониддорж, Долгоржав нар үлдсэн. Бид нарыг байхад хэрүүл маргаан бол болоогүй. Бид нар удалгүй гарсан. Долгоржав халамцуу байсан байх. Дониддорж бас халамцуу байсан. Би ороод удаан суугаагүй болохоор болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Ш.Элбэгжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...П.Дониддорж нь манай аавын ахын хүү байгаа юм. Дониддоржийг бага байхын л мэднэ. Бид хоёр нэг гэрт өссөн. Гаж нөлөө зангүй, ажилсаг, тусархуу зантай, томоотой хүүхэд байсан. Ээж аав хоёр нь бага байхад нь салаад манайд өссөн хүн байгаа юм. 2009 оны үед эхнэр Гармаагаас салсан. Тэр үеэс хойш архи хэрэглэдэг болсон байсан. Архи уухаараа манайд ирдэггүй ба архи уухаар зөрүүд, ууртай, ширүүн зантай болсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Шүүгдэгч П.Дониддоржийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед байх, өөрийн гэртээ согтуу унтах гээд хэвтэж байтал гаднаас Г.Долгоржав гэх хүн орж ирсэн. Тэгээд надаас архи нэхээд байхаар нь би архи авч өгч чадахгүй, чи манайхаас яв гээд хөөсөн. Тэгээд бид хоёр бага зэрэг маргаад би Долгоржавыг ганц хоёр цохисон. Нэг их зодоон болоогүй. Долгоржав надаас архи нэхээд унтуулахгүй байсан ба би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Г.Долгоржав намайг цохиж зодоогүй. Г.Долгоржав бид хоёр өмнө нь муудалцаж хэрэлдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн: “…Г.Долгоржавын биед хамрын таславчийн муруйлт, 2 нүдийн зовхины цус хуралт, баруун шууны зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 09/,
Шүүгдэгч П.Дониддоржийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31-32/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33/,
Хохирогч Г.Долгоржавын шүүхэд ирүүлсэн: “...П.Дониддоржоос хохиролд 300000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Иймд П.Дониддоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Дониддорж нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Өлзийт хороо 4-12 тоотод хохирогч Г.Долгоржавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Долгоржавын шүүгдэгч П.Дониддоржид зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Дамба, Н.Лувсандорж, Б.Энхбаатар нарын мэдүүлэг, хохирогч Г.Долгоржавын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 377 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Манхынхан овогт Пүрэвдоржийн Дониддоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Дониддорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Дониддорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Дониддорж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт П.Дониддоржийн AE4295346, AC3729078 серийн дугаартай 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, AJ6959369 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Манхынхан овогт Пүрэвдоржийн Дониддоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч П.Дониддоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч П.Дониддорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримт, эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар П.Дониддоржийн AE4295346, AC3729078 серийн дугаартай 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, AJ6959369 серийн дугаартай 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч П.Дониддоржид буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Дониддоржид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Дониддоржид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ