Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0058

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ф” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: “Ф” ХХК

Хариуцагч: Боловсролын яам

Гуравдагч этгээд: “Д” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 924 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0781/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Боловсролын яаманд холбогдуулан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.       

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 924 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Ф" ХХК-аас Боловсролын яаманд холбогдуулан гаргасан "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, Д ХХК-ийг шалгаруулсан, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Ө.Э миний бие “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боловсролын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0924 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д "ЗХШХШТХ-ын 106.3.3-0." зааснаас үзэхэд энэхүү шаардлагыг нэхэмжлэгчээ тодорхойлох урьдач нөхцөл нь тухайн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарааж шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд маргаж байсан захиргааны актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол хууль бус байсан болохыг тогтоолгохоор тодорхойлж болохоор байна. Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025.08.25-ны өдрийн 02/7911 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийг хүчингүй болгуулах талаар анхнаасаа нэхэмжлэл гаргаагүй, дээрх бичиг сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хянаж гаргасан хариу зэргээс үзэхэд уг асуудлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь ЗХШХШТХ-ын 54.1.1-д зааснаар.. хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь тус эс үйлдэхүйн талаар маргаж байсан бөгөөд хариуцагчаас тендерт үндэслэн байгуулсан гэрээг хэрэгжүүлж дүгнэсэн акт үйлдэн төлбөрийн баримт шилжүүлсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37.2-д зааснаар эс үйлдэл нь захиргааны акт мөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар нэхэмжлэгч нь захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн захиалагч нь Монгол улсын Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлэх үүрэгтэй байна. Гэтэл захиалагчаас уг үүргээ биелүүлээгүй буюу Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Энэ нь “Ф” ХХК-ийн тендерт шударгаар өрсөлдөх, улмаар ялалт байгуулж захиалагчтай гэрээ байгуулан санхүүгийн ашиг олохоос гадна тус ажлаар өөрийн туршлага, чадавхийг нэмэгдүүлж дараагийн тендерт орох боломжийг бий болгох байсан зэрэг олон ашиг сонирхлыг зөрчсөн.

3.2. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосон тухай: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2024.10.27-ны өдрийн "Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж (Улаанбаатар, Баянгол дүүрэг) худалдан авах УТ2401502467 дугаар, 488.614.500 төгрөгийн төсөвт өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч тус гэрээгээр 72 ширхэг гутал ариутгах төхөөрөмжийг нийт 331.452.000 төгрөгөөр нийлүүлсэн байна. Гэвч энэхүү гэрээнд заасан гутал ариутгах төхөөрөмж нь дээр дурдсан ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж байна гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь нийтийн хоолны тонон төхөөрөмжид гутал ариутгах төхөөрөмжийг шууд хамааруулах боломжгүй.... тул захиалагчаас ижил төстэй ажлын шаардлага хангаагүй байна гэж дүгнэн тендерээс татгалзсан нь үндэслэл бүхий байна" гэжээ. Гэтэл шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны хурал хууль ёсны бөгөөд хуралдаж тухайн шийдвэр гарах ёстой байсан талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Тендерийн үнэлгээний хорооны тус өдөр Сангийн яамны албан бичгийг шууд хүлээн авч хэлэлцсэнээр мөн өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргаснаар Захиргааны ерөнхий хуулийн 98.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл, 50.11-т заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.  Шүүхээс хуулийн ноцтой зөрчлийн талаар дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0924 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Боловсролын яаманд холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Боловсролын яамнаас 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зарласан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/ 20250102003 дугаартай тендерийн сонгон шалгаруулалт зарласан байх ба нэхэмжлэгч “Ф” ХХК-иас уг тендер сонгон шалгаруулалтад оролцжээ.

3.2. Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерээс ТШЗ-ийн 18.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр татгалзаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр гуравдагч этгээд “Д” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг сонгон шалгаруулалтад оролцогч нарт 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/3453 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

3.3. Нэхэмжлэгчээс уг мэдэгдэлтэй холбогдуулан гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч хянаад, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/7911 дүгээр “... Гомдолд дурдсаны дагуу “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. “Ф” ХХК-ийн тендерт ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 онд байгуулсан УТ2401502467 дугаартай гэрээнд “Аяга таваг угаагч, ариутгагч машин”-ы үнийн дүн 157.162.500.0 төгрөг гэсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Өмнө нь хэрэгжүүлсэн ижил төстэй нэг гэрээний үнийн дүн нь тендер ирүүлсэн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэсэн шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. 

3.4. Гомдолд захиалагчийг гомдолд дурдсан агуулга болох “Д” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгийн зарим хэсгийг нэмж оруулсан байж болзошгүй учир холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэсэн агуулгатай албан бичгийг Тендерийн үнэлгээний хороонд хүргүүлжээ.

3.5. Дээрх Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан Тендерийн үнэлгээний хороо дахин 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, гуравдагч этгээд “Д" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2/3929 дүгээр албан бичгээр “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр СХГ2025/221 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ гэрээ”-г байгуулсан байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, захиалагч нь тендерт оролцогчдыг тендерийн материал, түүнтэй холбоотой нотлох баримтаа ямар байдлаар ирүүлэхийг тендерийн баримт бичиг болох ТШЗ-д тусгайлан заах бөгөөд уг шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн тохиолдолд тухайн оролцогчийн тендерээс татгалзаж, шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор зохицуулжээ.

4.3. Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг баримтлан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерт оролцогчдоос ирүүлсэн хамгийн сайн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.4. Тодруулбал, ТШЗ-ны 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагыг шаардана” гээд “Ижил төстэй барааны гэрээ, гэрээ дүгнэсэн актад зөвхөн нийтийн хоолны тоног төхөөрөмж нийлүүлсэн байх гэж ойлгоно”, “Ижил төстэй бараа болон түүнтэй дүйцэхүйц барааг сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн байна” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хувьд уг шаардлагатай холбоотой 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах” №УТ2401502467 дугаар гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг тендерийн материалдаа хавсаргажээ.

4.5. Гэтэл дээрх гэрээгээр 72 ширхэг гутал ариутгагч төхөөрөмжийг нийлүүлсэн байх ба энэ нь ТШЗ-ны 18.1-д заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагад хамаарахгүй.

4.6. Мөн хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичиг нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэж заасан шийдвэр байх ба захиалагч талаас уг шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороог хуралдуулж, шаардлага хангаагүй тендер ирүүлсэн оролцогчдоос татгалзаж, хамгийн сайн тендер ирүүлсэн “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

5.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан байх ба Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 4-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийнэ” гэж тайлбарласан.

5.2. Нэхэмжлэгчээс Боловсролын сайдыг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд “захиргааны актыг хүчингүй болгуулахаар анхнаасаа нэхэмжлэл гаргаагүй, урьдач нөхцөлийг хангаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

5.3. Харин, дээрх Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан Тендерийн үнэлгээний хороо дахин 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, гуравдагч этгээд “Д" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан буюу хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0924 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Боловсролын яаманд холбогдуулан гаргасан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай тендерийн захиалагч буюу Боловсролын сайд П.Ныг Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/7911 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгож, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийг даалгах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ТББЗСДТГ/20250102003 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай автомат аяга таваг угаагч худалдан авах, нийлүүлэх /Угсралт, суурилуулалт, хүргэлт/ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СХГ-2025/221 тоот гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                       ШҮҮГЧ                                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ