Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1297

 

 

Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалингаас суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100 000 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс "Э" ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д "талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасан. Уг хугацаанд ямар нэгэн гэрээний асуудал яригдаагүй бөгөөд миний бие өөрийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий захирал Ш.Ж надтай уулзан чиний гэрээг 1 жилээр сунгана гэж хэлсэн. Гэвч намайг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15.00 цагийн орчим ерөнхий менежер Г.Г намайг гэнэт дуудан ажлаа хүлээлгэж өг, одоо ингээд явж болж гэж хэлснээр миний сууж байсан компьютерийн паспортыг сольж, ажил хүлээлцэх акт үйлдэх шаардлагагүй гэсэн тайлбар өгсөн. "Э" ХХК намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Туршилтын хугацааны гэрээг 1 сараар байгуулж дахин нэг сар сунгагдсан гэж үзвэл туршилтын хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэсэн заалтын дагуу хугацаагүй гэрээнд шилжсэн. Хариуцагч талаас ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэж байна. Гэтэл "Э" ХХК-иас намайг ажлаас халсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэдгээр ажлаас чөлөөлсөн болохоос удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр очиж тушаалаа авахад тушаалыг ерөнхий захирал Н.Ж Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт болох хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Гэтэл хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар   гаргаж   өгөөд   буй   "Э" ХХК-ийн   гүйцэтгэх   захирал Н.С-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалыг миний гардаж аваагүй, танилцаагүй болно. Тэгээд ч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний бие ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Иймд энэхүү тушаал нь хууль бус бөгөөд хуурамчаар гаргаж өгсөн байна. Иймд "Э" ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажид эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3 500 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн эрсдэлийн сангийн мөнгө 100 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Даваасүрэн нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн хүний нөөцийн менежерийн ажилд туршилтын 3 сарын хугацаагаар орж ажилласан. Тэр үед Н.С захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн "Э" ХХК-ийн ерөнхий захирал Н.Ж-ийн Ш.Д-г ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй баримтууд байна. Ш.Д нь "Э" ХХК-д туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа хэд хэдэн алдаа дутагдал гаргасан учир компанийн удирдлагын зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзээд ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан. Уг тушаалыг Ш.Д-д танилцуулж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй, тойрох хуудас зуруулаагүй, манайхаас халагдах тушаалаа аваагүй байж, Н.Жадамбаа гэж хүний гарын үсэгтэй халагдах тушаалыг гаргаж өгсөн. Тухайн Н.Ж нь "Э" ХХК-д ямар ч хамааралгүй, тушаал гаргах эрх мэдэлтэй хүн биш юм. Харин 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө "Э" ХХК-ийн ерөнхий захирлаар Н.Ж хүн болно. Ш.Д нь ажиллах хугацаандаа 2 ч удаа алдаа гаргаж нэг ажилтны хоцрогдлыг буруу тооцож цалин дутуу олгосон, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэг ажилтны ажил тасалсан 1 өдрийг 3 өдөр ажил тасалсан гэж цагийн бүртгэл гаргасан тул Ш.Д-д сануулах арга хэмжээ авсан. Эдгээр үндэслэлээр Ш.Д-ийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзээд ажилд авах туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ш.Д-г "Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, "Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 3 124 360 төгрөг гаргуулан Ш.Д-д олгож, үлдсэн 375 640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заась Ш.Д-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг "Э" ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар "Э" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 64 940 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ш.Д нь "Э" ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байхад нь "Э" ХХК-ийн ерөнхий захирал Н.Ж-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас халжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ш.Д-г хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна" гэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу "Э" ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ерөнхий захирал гэсэн албан тушаал байхгүй, тухайн өдрөөс хойш компанийн гүйцэтгэх эрх мэдэл Н.С-д шилжсэн бөгөөд Ш.Д-г ажилд авах болон ажлаас чөлөөлөх үед зөвхөн гүйцэтгэх захирал Н.С ажилд авах болон ажлаас чөлөөлөх асуудлыг шийддэг эрх мэдэлтэй хүн гэдгийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байхад Ерөнхий захирал гэх Н.Ж-ийн уг хууль бус тушаалыг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн. Мөн "Э" ХХК-ийн Ерөнхий захирлын Ш.Д-г чөлөөлсөн 17/214 тоот тушаал 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан зэрэг нь түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан болохыг илтгэж байна" гэж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй буюу хууль бус нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн. Хэрэв Ш.Д нь 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж аваад ажлаас гарсан бол 11 дүгээр сарын 08-ны өдөр нь өөрөө лхагва гараг байх бөгөөд энэ өдөр болон тушаалыг гардаж авсан  гэсэн  үндэслэлгүй худал тайлбарыг шүүх үнэлж шийдвэр гаргасан.

"Э" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С-ийн Ш.Д-г ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаал нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд гарсан, уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, танилцуулах гэсэн боловч ирж аваагүй болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй" гэжээ. Энэ нь дээр дурдсан компанийн цагийн бүртгэлийн системээс Ш.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажиллаад түүнээс хойш ажилдаа ирээгүй болох нь харагдаж байгаа ба үүнээс үзэхэд Ш.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг тушаал гарсан тухай мэдсэн буюу танилцсан болох нь мэдэгдэж байхад шүүхээс уг цагийн бүртгэлийн системийн нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 736 000 төгрөг, цалин дээрээс суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100 000 төгрөг, нийт 836 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд цалин дээрээс суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар хүний нөөцийн менежерээр ажиллахаар хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17/174 тоот тушаалаар Ш.Д-г тус компанийн хүний нөөцийн менежерээр 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн туршилтын 3 хүртэл сараар ажиллуулах тухай тушаал гаргасан байна.

 

Хэргийн 43-59 дүгээр талд авагдсан “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.12-т “шинэ ажилтны туршилтын хугацаа 1 /нэг/ сар хүртэл байх ба дадлага, туршлагыг нь харгалзан туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар хүний нөөцийн менежерээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д “талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заажээ.    

 

Нэхэмжлэгч Ш.Д-г хариуцагч “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаал болон тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаалуудаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба дээрх хоёр тушаалыг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамтай харьцуулан үзвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөөгүй гэж үзнэ. Учир нь хэргийн 63-65 дугаар талд авагдсан хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс Н.С болсон байх ба “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Ж-ын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэсэн тул Ерөнхий захирал Н.Ж-ийн хууль бус тушаалыг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Д-г хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.С-ийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17/174 тоот тушаалаар 3 хүртэл сараар ажилд авсан атлаа тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч байгууллага нь өөр өөр хүмүүсээр төлөөлүүлж тушаал гаргаж байгаа нь ойлгомжгүйгээс гадна нэхэмжлэгчийг хуульд заасан журмыг баримтлан ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.    

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр байх тул хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаны дараа түүнтэй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн хугацаагүйгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3-т заасныг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ш.Д-г “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 124 360 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгож, үлдсэн 375 640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Д-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг “Э” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ