Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000230 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 05 цагийн үед тоот хашаанд байрлах тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалттай улаан өнгийн тоосгон гарааш дотор хардалтын улмаас маргаан үүсгэн П.г зодож, биед нь зүүн зулай, дагзны хуйханд шарх, баруун дал, нуруу, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт, хоёр сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 05 цагийн үед , тоот хашаанд байрлах тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалттай улаан өнгийн тоосгон гарааш дотор хардалтын улмаас маргаан үүсгэн П.г зодож, биед нь зүүн зулай, дагзны хуйханд шарх, баруун дал, нуруу, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт, хоёр сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал)
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал)

 

- Хохирогч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр найз Б.той уулзаж хамтарч барилгын ажил хийх гээд залгасан чинь Налайх дүүрэгт байна гэхээр нь уулзаж байгаад ярилцахаар болоод Налайх дүүрэгт 19 цагийн үед ирэхэд Б. намайг тосож аваад хаягтай хашаанд ирэхэд айлын гарааш барьж байгаа гээд нэг залуугийн хамт тухайн хашаанд байрлах байшинд нь байрлаж ажиллаж байсан. Ингээд Б. ажлаа дуусгаад 21 цагийн үед нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд тэрийг задлаад хамт ажил хийж байсан залуу бид 3 хувааж уугаад талдаа орж байхад хамт байсан залуу явсан. Б. бид 2 үлдээд 04 цагийн үед архиа ууж дуусгаад орон дээр зэрэгцэж суугаад юм ярьж байтал гадаа хашааны хаалга дуугараад бид хоёрын байрлаж байсан байшин руу нэг эмэгтэй гартаа торцов бариад орж ирээд шууд намайг сууж байхад баруун хөлийн өвдөг, шагай руу хэд хэдэн удаа цохихоор нь би зугтаах маягтай доошоо хараад хөлөө өргөхөд миний нуруу руу хэд хэдэн удаа цохихоор нь би гараараа хаахад зогсохгүй цохиход Б. нөгөө эмэгтэйг барьж аваад намайг зугтаагаарай гэхээр нь би гараад гудамж уруудаад гүйхэд нөгөө эмэгтэй машинтай хөөж ирээд, машинаасаа буугаад миний үснээс татаж газар унагаад, торцовоороо толгой руу хэд хэдэн удаа цохиод, үснээс зулгаагаад хашааны булан руу чирээд хэвлийн 2 тал руу хэд хэдэн удаа өшиглөж, газраас чулуу авч толгой руу цохиод би гараараа хаагаад зугтаах гэхээр боломж олгохгүй нүдэж цохиод байсан. Тэгтэл гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй ирээд бид хоёрын голоор ороод салгахад, нөгөө эмэгтэй цаашаа гүйгээд яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний толгой, мөр, цээж, хэвлий тэр чигтээ хавдаж хөхөрсөн. Сүүлд сонсоход тэр эмэгтэй Б.ын найз эмэгтэй Туул гэдэг гэсэн. Туул нь намайг торцов, чулуугаар энд тэндгүй цохиж, өшиглөж, үсдэж чирч дээрх гэмтлүүдийг учруулсан. Туул нь бид хоёроос юу ч асуухгүй зүгээр л шууд гаднаас орж ирээд зодож цохисон...”, “...Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Б.ыг эхнэртэй гэдгийг мэдээгүй, Н.******* руу дуут зурвас явуулсан эсэхээ мэдэхгүй байна, учир нь нэлээд согтолттой байсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир Б.той бэлгийн харьцаанд орсноо санахгүй байна. Би өөрийн толгой, цээжинд гэмтэл учирсан эсэхийг шалгуулахад 290.000 төгрөг болсон. Уг зардлаа нэхэмжилж байна, бусдаар гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.*******тай 2018 онд танилцаад үерхэж байгаад 2021 оноос эхлэн хамтран амьдарч байгаа, бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. П.тэй 2018 онд танилцаж байсан, найз нөхдийн холбоотой. Тухайн өдөр Бадрал нэртэй гэр хороололд Бааяа гэх залуугийн гараашийг хүргэн Д.ийн хамт барьж байсан юм. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарааш барьж байхдаа найз П. рүү 16 цагийн үед залгаад уулзъя, хүрээд ир гэхэд зөвшөөрч, Налайх дүүрэгт байх хаягаа зааж өгсөн. П. 19 цагийн үед Улаанбаатар хотоос ирэхээр нь барьж байсан гарааш дотроо Д., П. бид 3 нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байтал Д. нь гэртээ харилаа гээд Улаанбаатар хот руу буцсан. П. бид 2 дахиад нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад нэлээд согтсон. Тэгээд хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, гадаа үүр цайж байхад П. бид 2 бэлгийн харьцаанд ороод байж байтал гэнэт хаалга дуугараад хүн ороод ирсэн ба хартал Н.******* төмөр барьсан орж ирээд шууд П.гийн ар нуруу хэсэгт цохисон. Би Н.*******ыг тэврээд П.г гараарай, яваарай гэхэд хувцсаа өмсөөд гарахаар нь би Н.*******ыг тавихад араас нь гараад явсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гартал хоёулаа харагдахгүй болохоор нь би буцаад гарааш руу ороод байж байтал Н.******* буцаад ороод ирсэн. Удалгүй П. цагдаа дуудчихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэрнээс хойш ямар нэг юм болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би баз хүргэн Б.ын хамт , Бадралын гудамжинд айлын гарааш хамтарч барьсан. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бид 2 ажлаа хийж байтал Б. нэг эмэгтэй хүнтэй хүрээд ир гэх мэтээр хоорондоо утсаар ярьж байсан. 19 цагийн үед үл таних эмэгтэй Улаанбаатар хотоос ганцаараа ирээд Б.той уулзаад, бид 3 дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн Хараа нэртэй архи авчраад хувааж уусан. Би эхний шил архийг дуусгаад Б.ыг танихгүй эмэгтэй хүнтэй хамт байхаар нь санаа зовоод Улаанбаатар хот руу буцсан. Ингээд шөнө унтаж байтал шөнө дунд Н.******* намайг сэрээгээд Б. хаана байна гэж асуухаар нь би дуугараагүй. Тэгсэн чинь намайг хаана байгаа газрыг нь зааж өг гэсэн. Би айгаад чимээгүй дагаад явсан ба бид 2 ТҮЦ-ний урдаас такси бариад шууд Налайх дүүрэг рүү явсан. Ажил хийж байсан газар ирэхэд Н.******* шууд дотогш орсон, би санаа зовоод бас айсан. Учир нь дотор Б. өөр эмэгтэй хүнтэй байгаа болохоор бөөн юм болно гэж бодоод шууд таксинаас буугаад гудамж уруудаж алхаад автобусны буудал орсон. Тэгээд шууд Улаанбаатар хот руу буцсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8078 дугаартай “П.гийн биед зүүн зулай, дагзны хуйханд шарх, баруун дал, нуруу, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт, хоёр сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  •  Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Б.той 2017 онд танилцаад хоорондоо холбоотой байж байгаад 2019 оноос эхлээд дотно харилцаатай үерхэх болсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд Б. бид 2 дүүргийн ******* тоот хаягтай хашаанд гэр барьж дээрх асуудлыг болох хүртэл хамтран амьдарч байгаад Б. нь дээрх асуудлаас хойш надаас салаад дахиж гэртээ ирээгүй байгаа. Тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б. манай хүргэн Д.ийн хамт Налайх дүүрэгт айлын хашаанд гарааш барих ажилд байрлаж ажиллахаар явсан. Тэгтэл 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед би нөхөр Б.ын утас руу залгахад эмэгтэй хүн утсыг нь авахаар нь Б.той ярих гэсэн юм гэхэд унтаж байна гэхээр нь юу ч асуугаагүй тасалсан. Удалгүй 22 цагийн үед хүргэн Д. манай ТҮЦ-н дээр согтуу ирээд юу ч онц юм ярилгүй унтаад өгсөн. Манай ТҮЦ шөнөжин ажилладаг болохоор 03 цагийн үед Б. фейсбүүк чатандаа онлайн байхаар нь юу хийж байна, хаана байна, яагаад өөр хүн утсыг чинь авч байгаа юм гэхэд унтаж байсан, одоо ч унтаж байна гэхээр нь нээх юм ярилгүй орхисон чинь надад удалгүй чат ирэхээр нь үзэхэд манай нөхрөөс дуут мессеж явуулсан байхаар нь сонсоход нэг эмэгтэй хүн “чи надаа гомд” гэж хэлэхээр нь гайхаад юун хүн юм бол гэж бодоод байж байтал ахиад 2 дуут мессеж явуулсан боловч намайг сонсохоос өмнө буцаагаад устгасан. Тэгэхээр нь би утсаар залгахад эмэгтэй хүн авахаар нь байна уу хэн бэ, чи яахаараа хүний утас авдаг юм гэхэд би цагдаа байна, энэ хүнийг чинь цааш нь явуулчихна шүү аятайхан харьц гэснээ утсаа тасалсан. Тэгэхээр нь би Д.ийг сэрээгээд Б. ямар хүнтэй хамт байгаа юм гэхэд юу ч дуугарахгүй байхаар нь гэнэт уур хүрээд ТҮЦ-ээ хаагаад гаднаас такси бариад шууд Налайхад Д.ээр хаягийг нь заалгаад нэг хашааны гадна ирэхэд хашааны хаалга нь цоожтой Д. хөдлөхгүй би орохгүй гээд байхаар нь би шууд хашааг нь ганцаараа даваад ортол нэг гарааш байхаар нь урьд нь утсаар ярихад гараашид байрлаж байгаа нь харагдсан болохоор шууд тэр гарааш руу нь яваад ортол хойд хананы голд банзаар зассан орон дээр Б. доор нь нүцгэн, дээр нь сүүлд нэрийг нь мэдсэн П. нүцгэн яг бэлгийн харилцаанд орж байхаар нь тухайн үедээ шоконд ороод гараашаас гарсан ба дотроос уур хөдлөөд сэтгэл санаа нэг л эвгүй болоод эргээд орох гэтэл гараашийн хаалганы хажууд турба байхаар нь аваад ортол намайг өмнө нь орж ирсэнийг анзаараагүй бололтой үргэлжлүүлээд бэлгийн харилцаандаа орж байсан. Би очоод шууд П.гийн хойноос нь толгой, нуруу, бөгс зэрэг рүү нь нилээн хэдэн удаа цохиход П. цаашаа зугтаагаад Б. босч ирээд намайг тэвэрч аваад хөдөлгөхгүй байсан ба П. хувцсаа өмсөөд гараад явсан чинь Б. намайг тавиад бас хувцсаа өмсөхөөр нь би нөгөө эмэгтэйгийн араас гараад гудамж уруудаад гүйхэд засмал замын хажууд алхаж явахаар нь гүйцэж очоод газраас чулуу аваад толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авсан чинь намайг хүргэж ирсэн таксины жолооч ах ирээд намайг татаж аваад салгахаар нь би болиод буцаад гарааш дээр иртэл Б. хувцсаа өмссөн сууж байхаар нь Б.той хэрэлдэж маргалдаад зогсож байтал П. араас дахиад хүрч ирээд хоорондоо хэрэлдэж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч П.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шинжилгээ оношилгооны зардалд баримтаар 290.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 165.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 130.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51 см урттай, 2 см диаметртэй 1 ширхэг төмөр, 7х4 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51 см урттай, 2 см диаметртэй 1 ширхэг төмөр, 7х4 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ