| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
2023 10 10 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Г,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Ат холбогдох эрүүгийн 2335000000222 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 9 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын ......... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бд овогт Гын А /РД: ............/
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Еыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Г.Ат хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Е “Г.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ажлын байранд зүй бус үг хэллэгээр гутаан доромжилсон” гэх иргэн Б.Тын дуудлага, мэдээллийн дагуу очиж, цагдаагийн хэсгийн байранд очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах шаардлага тавихад уг шаардлагыг эсэргүүцэж, цээжний хэсэгт нь өшиглөсөн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Хохирогч Т.Ены албан үүргээ биелүүлж авахдаа өмсөж байсан албаны дүрэмт хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
Хохирогч Т.Ены мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгчөөр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр томилогдож ирсэн. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орой 21-22 цагийн орчим Петровис шатахуун түгээгүүрийн түгээгч Т гэх хүнээс 96......13 дугаараас миний 92........12 гэх албаны утас руу залгаад А гэх хүн ажлын байран дээр ирж хэл амаар доромжлоод, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа гэх дуудлага ирсэн. Ингээд тухайн иргэний дуудлагын дагуу Петровис шатахуун түгээгүүр дээр очиход дуудпага өгсөн Т гэх хүн ганцаараа байсан бөгөөд Аыг цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод ганцаараа хойш нь буюу гэрийнхээ зүг явчихлаа, манай хүү Б тэдний гэр рүү явчихлаа гэж хэлсэн. Ингээд би Аын гэрт очиход Аын хашаанаас Б гарч ирж байсан бөгөөд хашаан дотор А, Аын ээж, эхнэр, эхнэрийн дүү, нарын хамтаар байсан бөгөөд би Аын өмнө очоод амрыг эрье дуудлага мэдээллийн дагуу явж байна гэхэд урдаас А үхсэн баасны дуудлага байдаг юм ямар даварцан авгай вэ гэж хэлсэн. Ингээд би танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлага ирсэн, ажлын байран дээр хэл амаар доромжилсон гэх дуудлага ирсэн. Таныг цагдаагийн хэсэг рүү авч явж шалгана гэж хэлэхэд чадахгүй явахгүй, гэж хэлээд урдаас салаавч гаргасан. Ингээд би тухайн А гэх хүнд цагдаагийн хэсэг рүү явж иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгуулах шаардлага удаа дараа тавьсан боловч А нь урдаас тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж, хэл амаар доромжилж, яс үндсээр ялгаварлан гадуурхаж, хасаг пизда минь чи урьд өмнө ажиллаж байсан цагдаа Адийн талд ажиллаж байна, би цагдаад шалгуулахгүй гэж хэлээд над руу цээжээ дэлдээд дайраад ирсэн. Тухайн үед би аюулгүй байдлаа хангаж хоёр гарын барьж байтал надтай зууралдаж байгаад өөрөө газар унчихсан. Тухайн үед миний биед халдах гээд удаа дараа гараа далааж, мөн цээжээ дэлдээд байхаар би тухайн хүнээс зайгаа авах гэтэл баруун хөлөөрөө миний зүүн цээжин тус өшиглөсөн, мөн миний өмсөж байсан гитэлнээс татаж, зууралдаад дотор карманд байсан оосортой олон түлхүүрнээс базаж зуураад татаж чангаагаад байсан. Ингээд би цагдаагийн газрын 7045102 дугаартай цагдаагийн утсанд хууль ёсны шаардлага эсэргүүцэж, биед халдасны дараа дуудлага өгсөн. Би Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор Ат шаардлага тавихад хэл амаар, яс үндсээр доромжлуулж биедээ халдуулсанд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Гэрч Б.Бний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Орой 22 цагийн үед ээж Т залгаад сумын А машинтай ирээд намайг хэл амаар доромжлоод, гар утас гаргаж ирээд бичлэг хийгээд согтуу машин жолоодоод явчихлаа. Би сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгчихлөө гэж надад хэлсэн. Ингээд би ээжийн ажил дээр яваад очиход ээж А согтуу ирээд банк тагалчих зээлээр шатахуун авна гэж хэлээд согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа гэж хэлэхээр би ганцаараа Агийн гэрт яваад очиход машиндаа буюу цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сууж байсан бөгөөд машин нь хашаан дотроо, машины гадна эхнэр нь үл таних 1-2 залуутай байсан. Ингээд би очоод Ад хандаж чи яагаад ээжид агсам согтуу тавиад хэл амаар доромжилоод, дарамтлаад байгаа юм бэ гэхэд би тэгээгүй, би маргааш эрүүл дээрээ очиж уулзана гэж хэлээд намайг хашаанаасаа гаргаж байх үед урдаас хашааны хаалгаар хэсгийн төлөөлөгч Т.Е ороод ирсэн. Хэсгийн төлөөлөгч Т.Е Ад хандаж амрыг эрье дуудлага мэдээллийн дагуу явж байна таныг цагдаагийн хэсэг рүү авч явж шалгах хэрэгтэй байна гэж шаардлага тавихад салаавч гаргаж, чадахгүй пизда, гөлөг минь гэх зэрэг үгээр харааж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Би тухайн үед хашааны хаалгаар гараад явчихсан байтал хэсгийн төлөөлөгч Т.Е залгаад Агийн гэрт хүрээд ир гэж дуудсан. Би яваад очих үед А хэсгийн төлөөлөгч Т.Еыг хэл амаар доромжпоод барьцалдаад авчихсан байсан бөгөөд намайг харж байтал хэсгийн төлөөлөгч Т.Ены цээжин тус хэсэгт хөлөөрөө өшиглөж биед нь халдсан. Мөн гараа хэд хэдэн удаа далайж, цээжээ дэлдээд байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Т.Ены биед халдаж байсан Аг салгаад татаж аваад хэсгийн төлөөлөгч Т.Етай хамт тэдний хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр ноос ачихаар явсан. Хадам дүү Б манай дэлгүүр рүү орж ирээд 0.75 литрийн хараа гэх нэртэй архи болон 2.5 литрийн пиво зэргийг ноос ачихаар явсан хүмүүст өгөх гэж байна гэж хэлээд аваад явсан. Би орой чухам хэдэн цагийн үед гэх талаар мэдэхгүй байна ноостой машин байгаа газарт нь очиход манай нөхөр, хадам дүү Б, нөхрийн хамаатны дүү нар нь байсан бөгөөд манай дэлгүүрээс авч явсан архийг бүгдээрээ хамт уугаад сууж байсан. Тухайн үед нөхөр А хамт архи ууж байгаад Улаанбаатар хот руу явах төрсөн дүүгээ машин руу нь хүргэхээр түрүүлээд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн ........ УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явчихсан. Би хүмүүсээ тараачихаад гэртээ яваад очиход нөхөр А гэртээ ирж байсан бөгөөд хашаа руу машин оруулаад машинаасаа бууж амжаагүй байтал манай сумын Петровис шатахуун түгээгүүрийн эрхпэгч Тын хүү Б /Б/ гэх залуу хашаа руу орж ирээд нөхрийн машин дээр очоод жолоочийн суудал дээрээсээ буугаагүй байхад татаад “Та буугаад ир, та яагаад ээжийг дарамтлаад байгаа юм бэ? Ах ах гээд хүндлээд байхад давраад байгаарай” гээд уурлаж, орилоод байхаар би Бд хандаж “Яасан? юу болсон юм бэ? миний дүү” гэхэд “Ээж дээр очиж, ээжийг дарамталсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр би “За уучлаарай миний дүү, маргааш эрүүл болохоор нь очоод Тэгшээ эгчээс уучлалт гуйлгая” гэж хэлээд Бг тайвшруулаад хашааны хаалгаар гаргаж байх үед хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Е орж ирж байсан. Би хэсгийн төлөөлөгчийг хараад “Цагдаа болоод тийм сүртэй зүйл болсон юм уу?, та нар чинь ямар сүртэй юм бэ?” гэж хэлсэн. Ингээд хэсгийн төлөөлөгч Т.Е манай нөхөр Г.Аыг “Цагдаагийн хэсэг рүү авч явна” гэхэд манай нөхөр “Чи Аийн талд ажиллаж байна уу?” гэж хэлэх үед хэсгийн төлөөлөгч уурлаад “Та юу яриад байгаа юм бэ? таныг авч явж шалгана” гэж хэлээд хүчээр авч явах гээд нөхөр А хэсгийн төлөөлөгч Т.Е нар 30-40 орчим минут зууралдсан. Би хэсгийн төлөөлөгч Ед хандаж “Чи одоо орхичих. Бтай яриад тохирчихлоо. Маргааш цагдаа дээр аваад очъё. Чи Бг дуудчих би Бтай сая яриад хэлээд ойлгуулаад явуулчихлаа гээд хэсгийн төлөөлөгч Т.Еаар Бг дуудуулсан. Хэсгийн төлөөлөгч Т.Е“Үгүй, одоо заавал авч явж шалгах хэрэгтэй” гэж хэлсэн. Гаднаас Б ороод ирсний дараа тэр хоёр зууралдаж, түлхэлцэж байгаад манай нөхөр газарт унчихсан байхад хэсгийн төлөөлөгч Т.Е дээрээс нь дарж байхаар би “Чи болиоч хэний талд ажлаад байгаа юм бэ?, цагдаа хүн байж хүмүүсийн учрыг олооч” гэж хэлсэн. Ингээд би нөхөр Аыг аваад гэр рүү ортол хэсгийн төлөөлөгч Т.Е, Б нар утсаар яриад хашаанаас гараад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Орой 22 цаг өнгөрч байхад манай сумын танил залуу болох А Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй бензин авахаар ирчихсэн байтал яг тухайн үед мөн адил Малчин сумын иргэн болох А гэх залуу архи согтууруулах ундаа хэргэлчихсэн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд зогссон. Манай шатхуун түгээгүүрийн дотоод журамд архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд бензин, шатахуун өгдөггүй журамтай бөгөөд тухайн журмын дагуу би Ад хандаж чи архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Би чамд үйлчлэхгүй гэхэд Тэгшээ авгай шатахуун өгөөч би шатахуун авмаар байна, надад үйлчлээч гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед би Ад хандаж чи гэртээ хариад амарчих гэж хэлээд би Зил 130 маркийн тээврийн хэрэгсэлд очиж үйлчлээд зогсож байтал орилж дуудаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би хурдан явуулах, салахын тулд за чи мөнгөө мобайлдчих гэхэд зээлээр биччих гэж хэлж байсан. Би зээлээр бичихгүй гэхэд намайг хэл амаар доромжлоод над руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би 100.000 төгрөгөнд Агийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд шатахуун шахаж өгчихөөд Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн жолооч тооцоогоо хийхээр намайг дуудаж байсан болохоор тус тээврийн хэрэгсэл дээр очих үед А надад хандаж чи ажлаа хийгээч миний банк таглаач чиний ажил биздээ гэж над руу ажлын байран дээр хэл амаар доромжилж, машинаасаа бууж ирж гар утсаараа бичлэг хийж байсан. Ингээд би тухайн үед ажлын байран дээр ганцаараа байсан болохоор би чамайг цагдаа дуудаж өгнө гэхэд тэр цагдаагаа дууд чиний хүргэн цагдаа байсан болохоор чи цагдаа ярьж байна гэж над руу орилж хашигчаад байхаар нь би сумын хэсгийн төлөөлөгч Т.Еруу утсаар залгаад хэл амаар доромжпоод ажлын байран дээр дарамталж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа гэж дуудлага өгсөн. Тэгэхэд А нь машинаа асаагаад хөдлөөд явчихсан. Удалгүй би өөрийн төрсөн хүү Брүү залгаад А ажил дээр ирээд намайг хэл амаар доромжлоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явчихлаа гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа хүү Бажил дээр ирээд Агийн гэр рүү очиж уулзна гээд явчихсан. Араас нь хэсгийн төлөөлөгч Т.Е ирээд яасан юу болсон талаар асуухаар би болсон явдлын талаар хэлэхэд хэсгийн төлөөлөгч Т.Е Агийн гэр рүү явсан. Ингээд би шатахуун түгээгүүрээ хаачихаад гэртээ очоод байж байтал 23 цаг өнгөрөөд хүү Б ирэхээр яасан юу болсон талаар асуухад хэсгийн төлөөлөгч Т.Е цагдаагийн хэсэг рүү авч явах шаардлага тавихад хувцаснаас нь зуурч, өшиглөж биед нь халдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би бензинээ авчихаад НӨАТ-ын баримтаа авах гээд хүлээгээд зогсож байтал А нь Тд хандаж, банкны таг таглаагүй гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Ингээд би Тыг дуудахад Т цагдаа дуудна, согтуу байна гэх зүйл хэлж байсан бөгөөд би Тд хандаж, миний нөатийн баримт гялс өгчихөө би явлаа гэж хэлээд НӨАТ-ын баримтаа аваад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 354 дугаартай “Үзүүлэгч Т.Ены биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжинд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймгийн цагдаагийн газрын Малчин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Ень хууль сахиулагч мөн байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.
Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Е нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт “Г.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ажлын байранд зүй бус үг хэллэгээр гутаан доромжилсон” гэх иргэн Б.Тын дуудлага, мэдээллийн дагуу очиж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор цагдаагийн хэсгийн байранд очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах шаардлага тавихад уг шаардлагыг биелүүлээгүй, улмаар хүч хэрэглэн эсэргүүцэж цээжний хэсэгт нь өшиглөсөн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн явдал бөгөөд энэ нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Г.Ань гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба согтолтын зэрэг нь 2.42%-ийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-89 дэх тал)-ээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Г.Аыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Амөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэцүүлэгт “Хэсгийн төлөөлөгч Т.Е намайг цагдаагийн хэсэг рүү хүчээр авч явах гээд газар унгаагаад миний хоолой боосон ингээд би тухайн үед доороос нь гарч ирэх гээд тийчилж байхад миний хөл хэсгийн төлөөлөгч Т.Ены цээжин тус газарт хүрсэн байх. Хэсгийн төлөөлөгч Т.Е намайг Таас очиж уучлалт гуй гэдэг зүйл хэлсэн. Мөн хэсгийн төлөөлөгч Т.Е миний согтуурал шалгах талаар хэлээгүй” гэж мэдүүлдэг боловч хохирогч Т.Е, гэрч Б.Б, Б.Д нарын мэдүүлгүүдээр үгүйсгэдэж байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 358 дугаартай “Үзүүлэгч Г.Аын баруун бугалга, зүн тохой үений дотно хэсэгт, зүүн дал, цээжний баруун ар доод хэсэгт, бүсэлхийн ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд өөрийнх нь заау буй цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун бугалга, зүн тохой үений дотно хэсэгт, зүүн дал, цээжний баруун ар доод хэсэгт, бүсэлхийн ар хэсэгт зулгаралт гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)-ээр шүүгдэгчийн биед хоолойг нь боосон гэх гэмтэл, ул мөр үүсээгүй болох нь тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 354 дугаартай “Үзүүлэгч Т.Ены биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжинд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээр шүүгдэгч Г.Ань хохирогч Т.Ены цээжний хэсэгт өшиглөсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Т.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор Ат шаардлага тавихад хэл амаар, яс үндсээр доромжлуулж биедээ халдуулсанд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал) авагдсан бөгөөд хавтас хэрэгт хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.А нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Б.Дийн өгсөн: “Г.Ань тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа бизнес эрхэлдэг, 1-9 насны 4 хүүхэдтэй одоогоор Малчин сумын 4 дүгээр багт хувиараа бизнес эрхэлж амьдардаг. Г.Ань нийтэч, шогч, ажилч хөдөлмөрч, 2 удаа сумын бизнесмэн залуугаар шалгарч байсан. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, биеийн байдлын хувьд эрүүл саруул, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), Гэрч Т.Бгийн өгсөн: “Г.А нь илүү дутуу зан гэх зүйл байдаггүй, сайхан ааштай, олонтой харьцдаг, ажилч хөдөлмөрч, нийтэч, зантай, 2 удаа сумын бизнесмэн залуугаар шалгарч байсан. Хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг. Г.Аын биеийн байдлын хувьд эрүүл саруул, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 /долоо/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ат энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бд овогт Гын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ат 7 /долоо/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ат энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ