Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Энхзаяа

шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Л-д холбогдох 2316000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын ***** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Д овогт П-ийн Л.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Л нь 2023 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* сумын төв **** багийн ***** тоотод байх хохирогч Я.Г-ийн байшингаас  УАЗ-469 машины 2 ширхэг шинэ дугуй, мотоциклийн яндан, цагаан арьс, 5 мм төмрөөр гагнаж хийсэн жижиг зуух зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 610,000 (зургаан зуун арван мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч П.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Я.Г-ийн гэрээс дугуй болон эд зүйл авсан нь миний буруу. Мэдүүлэг өгөхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

2. Хохирогч Я.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 онд манайх УАЗ-469 маркын автомашин худалдаж авсан. Тэгээд машин дагуулаад 2 ширхэг /шинэ дугуй/ худалдаж авсан хүн өгсөн юм. Тэгээд машин тэргээ сайн унаж чадахгүй байж байгаад 2 ширхэг шинэ дугуйгаа сумын төвд байдаг байшиндаа аваачиж хийсэн юм. Тэгээд хөдөө байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын дунд үед сум руу орж ирээд байшиндаа ортол гэрт үлдээсэн УАЗ-469 маркын машины 2 ширхэг /шинэ дугуй/, мотоциклийн яндан, мотоциклийн буруу талын арьс, жижиг хэмжээтэй отрын зуух зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад тухайн үед мэдэгдсэн боловч эзэн нь олдохгүй байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар  тал/, 

3. Хохирогчийн хулгайд алдагдсан гэх УАЗ-469 машины 2 ширхэг дугуйны /шинэ/ үнэлгээг 320,000(гурван зуун хорин мянга), мотоциклийн яндангийн үнэлгээг 40,000(дөчин мянга), мотоциклийн цагаан арьсны үнэлгээг 50,000 (тавин мянга), гэрийн төмөр зуухны үнэлгээг 200,000(хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлж, хулгайд алдсан эд зүйлсийн нийт үнэлгээг 610,000 (зургаан зуун арван мянга) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  ТХҮ-921/2601 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

4. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлсийг түр хураан авсан тэмдэглэл.  /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

5. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Г-т 610,000 (зургаан зуун арваг мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан хохирогчид өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг)  жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд хөрөнгө байхгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт П-ийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Л-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА