| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 10 11 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогч: З.О,
Хохирогч З.Оын өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Г.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ггийн Ут холбогдох эрүүгийн 2335000000209 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 3 дугаар сарын 27-нд Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо ............. тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй А овогт Ггийн У /РД:............../
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.У нь Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүцгэн” гэх газарт 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ......УВА улсын дугаартай “Тоуota Succeed ХР50” загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч З.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.У нь Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүцгэн” гэх газарт 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ..... УВА улсын дугаартай “Тоуota Succeed ХР50” загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 03-08 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
Хохирогч З.Оын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 9890 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 24-38 дахь тал),
Хохирогч З.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 07 дугаар сард нутгийн Ж ах намайг өөрийн гэр бариулахаар дуудаж гэрээ бариулж байх үедээ манай охин Н Улаанбаатар хотоос гэр бүлийн хамт баяраар ирж байгаа чамайг агаар салхинд авч гарна хамт явъя гэж хэлсэн. Ингээд түүний дараа 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Ж ахын төрсөн дүү болох Хадаа гэх айлд Ж ах түүний хүү Н, Н эгчийн гэр бүлийнхэн очиж хоносон. Тухайн орой тэр айлд очоод Н эгчийн нөхөр Г.У Ж ах нар архи согтууруулах ундаа хэрэглээд хоносон бөгөөд маргааш нь буюу 2023 оны 07 сарын 13-ны үдээс хойш чухам хэдэн цагийн үед гэх талаар сайн санахгүй байна. Тариалан сумын төв рүү хөдлөөд явсан. Тухайн үед Ж ах хүү Нын хамт Н эгчийн том хүүхдийг суулгаад өөрийн машинаар явсан. Харин би Н эгчтэй хамт түүний нөхөр Г.У, бага хүүхдийн хамтаар Г.У ахын эзэмшлийн цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгслээр хөдлөөд явсан. Тухайн газраас хөдлөөд нэлээн явж байгаад Нүцгэн гэх газарт Н гэх айлд ороод гарсан. Тухайн айлд ороод цай хоол идээд бүгдээрээ гарсан бөгөөд би Н эгчийн бага хүүгийн хамт арын суудал дээр сууж Г.У ах машинаа жолоодоод урд суудалд Н эгч сууж явсан. Тухайн Н гэх айлаас хөдлөөд удаагүй Г.Уах маш хурдан явж байсан. Тэр үед эхнэр Н нь хурдаа хас гэж 2-3 удаа хэлсэн бөгөөд хурдаа хасахгүйгээр явж байтал гэнэт бага хүү нь ааваа хурдаа хасаач гээд орилох үед хурдаа хасах шиг болсон боловч баруун дараад жалга руу машин өнхрөх шиг болсон би баруун дарах үед хажуудаа байсан жаахан хүүг нь татаад урд талын 2 суудлын дундуур түлхэж оруулаад тэр хооронд машин 2-3 удаа өнхрөх шиг болсон, тэр үед цонх онгорхой байсан миний толгой цонхоор гарч өнхрөх үед газарт цохих шиг болсон би ганцаараа машинд өнхөрч, машинд үлдсэн байсан бөгөөд намайг Н гэх Ж ахын хүү татаж гаргаж байсныг санаж байна. Тэгээд цааш нь яасан юу болсон талаар юу ч санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Миний хувьд хүнд гэмтэл авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, 1 жилийн дараа яс нөхөх хагалгаанд орно. Энэ бүх зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Надад нийтдээ 950.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 3.186.765 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44 дэх тал),
Гэрч М.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2 хүүхдийн хамтаар Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Улмаар 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос охин Н нь хүргэн Г.У, зээ хүү Мнарын хамтаар баяраар манайд ирсэн. Ингээд баяр наадам үзээд манайд байж байтал Г.У, Н нарын номын аав буюу миний төрсөн дүү Хадаа манайд ирээд тухайн Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийг гэртээ уриад явсан. Ингээд манай төрсөн дүү Хадаагийн гэрт очиж хонохоор охин Н, хүргэн Г.У, зээ хүү М нар өөрсдийн эзэмшлийн тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй хажууд нь би хүү Ж.Н, ээж Г.Нүүдэл нарын хамтаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр 2 тусдаа машинтай Тариалан сумын төвөөс 25 орчим км зайтай Цагаан-Ус гэх газар руу 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дүү Хадаагийн гэрт очиж хоносон. Ингээд бид хоночхоод маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 14-15 цагийн орчим цай ууцгаагаад 2 машинтай Тариалан сумын төв рүү хөдлөөд явсан. Тухайн үед хүргэн хүү Г.У, охин Н, зээ хүү М мөн манай худ ургийн хүү болох О нар тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй урд явж, харин би хүүЖ.Н, ээж Г, Н нарын хамтаар араас нь явж байгаад яваад удаагүй нэг толгой тонгойгоод гараад иртэл хүргэн Г.Уын барьж явсан тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэл зүүн хажуугаараа онхолдчихсон байсан. Тухайн үед машины гадна хүргэн Г.У, охин Н нар хэвтэж байсан бөгөөд би эх барих бага эмч тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гээд хүргэн охин хоёрыг өргөөд амьсгалуулж байх хооронд хүү Н машинд байсан О, зээ хүү М нарыг татаж гаргаж ирсэн. Ингээд би От эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гээд хөдөлгөөнгүй, гудас дээр хэвтүүлээд яаралтай 2 дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байх гэж үзээд эмнэлгийн тусламж дуудаад аймгийн төв рүү 2 хувааж тээвэрлэсэн. Ингээд Оын чамархай яс цуураад өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж цуурсан чамархай ясаа түүлгэсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Гэрч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Удаагүй нэг толгой тонгойгоод гараад иртэл хүргэн ах Г.Уын барьж явсан тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэл зүүн хажуугаараа онхолдчихсон байсан. Тухайн тоёота пробокс маркийн ......... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хүргэн ах Г.Уын эзэмшлийн тээврийн хэрэгсэл нэр нь манай аав Жгийн нэр дээр байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
Гэрч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хүргэн ах Г.Уын барьж явсан тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэл урд талын хоншоор буюу хамар дээр босоод зүүн хажуугаараа өнхрөөд унаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хадаа ахын гэрт буюу Нүцгэн гэх газарт очиж хоноод маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Тариалан сумын Нүцгэн гэх газарт очиж хоноод маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Тариалан сумын Нүцгэн гэх газраас гараад Тариалан сумын төв рүү хадам аавын гэр рүү явсан. Тухайн үед хадам аав Ж хүү Нын хамтаар тусдаа машинтай би өөрийн эзэмшлийн ............УВА улсын дугаартай Toyota Succeed XP50 загварын автомашиныг жолоодоод эхнэр хүүхдийн хамт мөн сумын танил О манай машинд сууж явсан бөгөөд тухайн айлаас хөдлөөд 500 орчим метрийн зайтай яваад толгойгоор тонгойгоод гараад иртэл урд сайжруулсан зам дээр хурц ирмэгтэй хад байгааг хараад машиныхаа дугуйг хагалчих байх гэж бодоод тойроод гарахаар баруун дартал машин онхолдох шиг болсон. Тэгээд би яасан юу болсон талаар мэдэхгүй байна, сэрэхэд хадам аав Ж хажууд ирчихсэн байсан. Ингээд түргэний эмч нар ирээд эмнэлэг рүү явсан. 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Тариалан сумын төв рүү явах үед ямар нэгэн архи согтууруулах ундааны хэрэглээгүй. Би хохирол төлж барагдуулахаар удаа дараа уулзах гэсэн боловч огт уулзахгүй байгаа. Би хохирлыг төлөхөөр шаардаж байгаа боловч хохирол авахгүй байгаа юм. Хохирогчид эмчилгээ хийлгэж байх үед нь 450.000 төгрөг, өнөөдөр 500.000 төгрөг, нийт 950.000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид гарах бүх эмчилгээнийхэн зардлыг төлөх болно. Миний ээжийн бие муу байсан учраас ээжийгээ сахиад суулийн 2 сар гаруй хугацаанд ажил хийж чадаагүй болохоор хохирогчид хангалттай мөнгөн туслаж үзүүлж чадаагүй. Миний машиныг битүүмжлсэн байгаа учраас зарж чадаагүй, машинаа зараад хохирол төлнө. Ийм хэрэг үйлдсэндээ, хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,
Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тодорхойлсон.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаартай "Үзүүлэгч З.Оын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шанаа, баруун дал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шанаа, баруун дал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун шанаа, баруун дал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107-111 дэх тал)-ээр хохирогч З.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Унь Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүцгэн” гэх газарт 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ...... УВА улсын дугаартай “Тоуota Succeed ХР50” загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч З.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “....... УВА улсын дугаартай Тоёота загварын тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд орж тэнцсэн байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-69 дэх тал)-ээр тухайн тээврийн хэрэгсэл техникийн хяналт, үзлэгт хамрагдаж улсын дугаар, гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн “Г.Уын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Г.Уын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118-119 дэх тал)-ээр шүүгдэгч Г.Унь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч Г.У жолоодож явсан ...........УВА улсын дугаартай “Тоуota Succeed ХР50” загварын авто машин нь суудлын зориулалттай, зорчигч болон жолоочийн хамгаалах бүсээр тонологдсон тээврийн хэрэгсэл байна.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр зам тээврийн осол гарах үед жолооч болон зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан болох нь тогтоогдож байгаа тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.Б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Унь Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нүцгэн” гэх газарт 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ......... УВА улсын дугаартай “Тоуota Succeed ХР50” загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4.Б-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч З.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ө.Н хохирогч З.Оын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар 6 хуудас, хохирлын тооцоо бодсон гар бичмэл 1 хуудас, Хаан банкны 58...........73 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Улаанбаатар хот явсан, ирсэн нийтийн тээврийн зорчих тасалбар, эмчилгээ сувилгаа, эм, хоолны зардалд 24 ширхэг баримтаар 953.320 төгрөгийн хохирлын талаарх 3 хуудас нотлох баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн.
Хохирогч З.О болон түүний өмгөөлөгч Ө.Н нарын зүгээс өмгөөлөгчийн зардалд 550.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу эмчилгээ сувилгаа, Улаанбаатар хот явсан, ирсэн нийтийн тээврийн зорчих тасалбар, хоолны зардалд 3.586.765 төгрөг нийт 4.136.785 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 806.275 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байна.
Хохирогч З.Оын 4.136.765 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Г.Унь 950.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч З.Оын 4.136.765 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Г.Унь 950.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардал гарсан байх боловч хэрэгт зарим нотлох баримт нь авагдаагүй, зарим нотлох баримт нь нотлох баримтаар үнэлэх хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул хохирогчийн 3.586.765 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул хохирогч З.О нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ гэмт хэргийн хохирогч З.Оын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь хохирогчийн өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгчийн картуудаар тогтоогдож байгаа тул цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарсан зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
Шүүгдэгч Г.У нь нотлох баримтаар тогтоогдсон 806.275 төгрөгийн хохиролд 950.000 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.У нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хохирогч З.Оын эрүүл хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.У нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 170 дахь тал)–аар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Уын хувийн байдлын талаар: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын : “А овогт Ггийн У нь тус хорооны 14-р хэсэг, Дунд дарь эхийн 29-р гудамж ............ тоотод оршин суудаг, ам бүл 4 амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 172 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 318 дугаартай “Г.Уын биед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун тохой, баруун шуу, цээж, хэвлий, зүүн мөр баруун өвдөг,зүн өвдөг, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, дух, баруун шанаа, баруун тохой, баруун шуу, цээж, хэвлий, зүүн мөр баруун өвдөг,зүн өвдөг, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 98-99 дэх тал)-ээр шүүгдэгч Г.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ут тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.У тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Унь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Г.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Г.Уын 14.......00 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж, шүүгдэгч Г.Уын өмчлөлийн .......... УВА улсын дугаартай Toyota Succeed XP50 маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ут шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ггийн Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ут тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Хохирогч З.Оын 4.136.765 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Г.У нь 950.000 төгрөг төлснийг дурдаж, 3.586.765 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах зардлын талаарх талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Г.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Уын 14......00 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж, шүүгдэгч Г.Уын өмчлөлийн ............. УВА улсын дугаартай Toyota Succeed XP50 маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ут шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ