Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

2023       10         12                                        2023/ШЦТ/177

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч Б.У, Б.Л нарын өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч: Б.Л, Ц.Б, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Л, Ш овогт Цийн Б, М овогт Бын У нарт холбогдох эрүүгийн 2335000000196 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......... оны 02 дугаар сарын 04-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролгой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай( тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан Х овогт Бын Л /РД:......................./

Монгол Улсын иргэн, 19...... оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан Ш овогт Цийн Б /РД:............./

Монгол Улсын иргэн, 20...... оны 7 дугаар сарын 22-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 эгч, дүү, зээ дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй М овогт Бын У /РД:................/.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нар бүлэглэн Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөсөрийн хаг” гэх нэртэй газраас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Нгийн 5 тооны хонийг машин механизм буюу мотоцикль, машин ашиглан хулгайлж, 1.150.000 төгрөгийн хоирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Л, Ц.Б,  Б.У нар Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөсөрийн хаг” гэх нэртэй газраас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Нгийн 5 тооны хонийг нууц далд аргаар авсан болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 4-10 дахь тал),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 11-12 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 13-20 дахь тал),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 22-23 дахь тал),

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 24-26 дахь тал),

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 27-28 дахь тал),

2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 29-31 дэх тал),

Хохирогч П.Нн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн утасны билл (хавтаст хэргийн I-р хавтасны 33 дахь тал),

Хохирогч П.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг малчин өрх юм. Би одоо тус аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт Хөсөрийн бөгс гэх газар зуншлага хийж байна. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шийр малаа бургастай сайгаас услаад 11 цагийн орчимд өмнө Хөх цэр гэх газар луу бэлчээрлүүлж 14 цагийн орчимд гэрийн ойролцоо малаа гаргаж орхичихоод гэртээ ирчихээд хөрш айл болох С болон хүү С.Дд шийр малаа захиж үлдээчээд явсан ба С ах бид 2 сэрүүн заагт нутагласан буйр харж байтал тухайн орчимд С.Д гэх манай хөрш айлын хүү над руу утсаар холбогдож танай хонь тасарсан байна. Мөн нь мотоцикльтой машинтай хүмүүс байна. Танай шийр малнаас хулгайлсан байж болзошгүй гэж мэдээллэхэд би тэр дор нь буцаж гэрлүүгээ ирэхэд манай тасарсан шийр малыг С.Д гэх залуугаас нөгөө мотоцикль, машинтай хүмүүс хаана байсан талаар заалгаж аваад тухайн газар очиж үзэхэд нэг машин болон мотоциклийн ул мөр нь манай хонины бэлчээр хэсэгт харагдаж байсан ба манай хониноос мал барьсан гэх сэжигтэй ул мөр харагдахаар нь би малаа бүртгэж үзээд зүсээр 3 тооны эр хонь дутаж байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай алга болсон 3 тооны нь эвэртэй хар толгойтой хонь нь зүүн чих араасаа гөлөм, баруун чих нь он имтэй нас гүйцсэн эр хонь,  мухар харлаг зүсмийн зүүн чих араас нь гөлөм, баруун он араас нь цөгрөг имтэй нас гүйцсэн эр хонь, Эвэртэй улаан зүсмийн /шар нүдтэй/ зүүн чих нь араас нь гөлөм, баруун чих нь он араас нь цөгрөг имтэй” гэж нийт 3 тооны мал алга болсон юм. Манай малыг хаагуур байсан машин, мотоциклийг харсан хүн гэвэл манай малын харж байсан С.Д харсан юм. Би өөрийн нүдээр харсан үзсэн байхгүй. Би урьд өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байгаа бөгөөд миний мал алга болсны дараа би цагдаагийн байгууллагад мэдэгдэж тайлбар мэдүүлгээ өгсний дараа би дахин малаа зүсэлж биш тоолж үзэхэд 5 тооны нас гүйцсэн эр хонь дутаж байна. Мөн миний малыг авсан гэх залуучууд уулзсан бөгөөд манай малыг хээр бэлчээрт байхад мотоцикль машинаар очиж хээр барьж авсан талаар хэлж уучлалт гуйсан. Би анх мэдүүлэг өгөхдөө 3 тооны хонь гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед газар дээр зүсэлж байхад тэгэж мэдэгдсэн. Харин нарийн тоолж үзэхэд 5 тооны хонь дутаж байгаа нь тогтоогдсон. Манай малд хүний мал байхгүй өөрийн 700 орчим мал байгаа Тухайн хэргийн улмаас миний эзэмшлийн 5 тооны эр хонь алдагдсан бөгөөд одоогийн байлдлаар бол хохирол төлж барагдуулаагүй байгаа. Уг зураг дээрх хонь нь эвэртэй шар галзан зүсмийн баруун чих он, араас нь цөгрөг имтэй, зүүн чих араасаа гөлөм имтэй бөгөөд манай хонь ижил мөн миний алдсан малны зүстэй яг таарч байна. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг миний малыг хулгайлсан нөхдүүд төлж барагдуулсан одоо тэр хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн миний малыг хулгайлсан нөхдүүд надад 1.700.000 төгрөг өгч барагдуулсан одоо надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 50-51, 53, II-Р хавтасны 14 дэх тал),

Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрт 1 мотоцикльтой 2 танихгүй залуу орж ирсэн юм. Уг 2 залуу нь мал хайж явна гэж хэлсэн мөртлөө хайж яваа гэх адуу малын тамгын асуухад хариулж чадахгүй их сэжигтэй санагдсан ба уг 2 залуу нь манай утсаар нэг залуу нь нэг хүнтэй ярьчихаад ярьсан хүнийхээ дугаарыг устгачихсан байсан. Тэгээд уг 2 залуу манай гэрээс явсны дараагаар би араас нь хувцасаа өмсөөд малаа эргэхээр гарахад манай мал болон П.Н ахын мал бэлчээрлэдэг уулан дундаас цайвар цэнхэр өнгийн машин болон өөр нэг мотоцикльтой 2 залуу нь уг машинтай 2 залуу нь П.Н гэх хүний шийр малын захад зогсож байснаа намайг хараад машинтай хүмүүстэй хамт аймаг тал руу зугтаасан юм. Удаагүй би П.Н ахыг утсаар дуудаж малаа бүртгэхэд зүсээр 3 тооны хонь дутаж байна гэж хэлсэн ба уг алга болсон гэх 3 хонийг тухайн мотоцикль, машинтай хүмүүс явсан гэж би бодож байна. Манай гэрт ирсэн 2 залуу нь саарал өнгийн, улаан саарал өнгийн даавуун нэмнээтэй ямар нэг улсын дугааргүй мотоцикльтой ирсэн ба тухайн 2 залууг урьд нь харж байгаагүй юм билээ. Тухайн хоёр залуу нь нэг цэнхэр өнгийн цамц, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн хромон гуталтай, толгой нүцгэн чихний ар хэсэгтээ жижиг шивээстэй, туранхай бор залуу байсан. Харин нөгөө залуу нь ногоон цоохор өнгийн хувцастай /өмд, цамц/ хар алаг өнгийн пүүзтэй, толгой нүцгэн дундын махтай, өндөрдүү, баруун эрүү хэсэгтээ сорвитой шар царайтай залуу байсан. Би тухайн зугтаасан гэх цайвар цэнхэр өнгийн автомашины марк нь приус юм уу акуа зэргийн машин харагдсан ба уг машины дугаарыг харж чадаагүй. Тухайн миний харсан мотоцикль, машиныг өөр хүн харсан үзсэнийг сайн мэдэхгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийг 16 цагийн орчимд харсан учир өдрийн цагаар өөр ямар нэг хүмүүс харсан гэж бодож байна. Би цагийг нь сайн санахгүй байгаа хэдий ч ойролцоогоор 16 цагийн үед ирсэн байх. Харин утсаар яриагүй хамт явсан залуу нь хүзүү нь дээрээ шивээстэй байсан. Утсаар яриад явсны дараа би 10-15 минутын дараа өөрийн мотоциклиор П.Н гэх хүний малын дэргэд түүний эхнэр болох Ц эгч байхаар нь уулзах болон өөрийн малыг эргэх зорилгоор очиход бид хоёрын ойролцоо байх шороон замаар цайвар цэнхэр өнгийн приус маркийн машин зөрөхөөр нь ямар учиртай машин юм бол гэж Ц эгчээс асуухад тарвага хөөж яваа хүн байх л гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн газраас харахад нөгөө машин мотоциклтой хүмүүс аймаг явах зам руу нийлж нэлээн хол явсан байсан тул би буцаж уулан дээр гарч сүлжээнд ороод П.Н гэх хүн рүү утсаар холбогдож мал бэлчиж байсан газраар сэжигтэй хүмүүс явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 58-60, II-р хавтасны 16-17 дахь тал),

Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар баг Хөсөрийн хаг гэх газар байж байхдаа манайд улаан өнгийн мотоцикльтой 20-23 орчим насны хоёр залуу ирээд надаас нэгжтэй утас байна уу гэж утсаар ярьмаар байна гэхээр нь би гадагш гараад машинд сууж байсан Дгийн утсыг авч оруулж ирж өгсөн. Манай гэрээс утсаар ярихдаа морьтын үзүүрт хүрээд ир мотоциклийн бензин дууслаа аваад хүрээд ир гэдэг зүйлийн яриад тасалчихаад манай утсыг хэсэг оролдож үзэж байгаад өгсөн. Түүний дараа надаас танайх хаанахын айл бэ энд байнга байдаг уу хэзээ нүүх талаар асуухад нь би манайх удахгүй нүүнэ. Өмнөговь сумын айл гэдгээ хэлсний дараа гараад мотоциклиороо Морьтын даваа тийшээ чиглээд явахаар нь би утсаа хүүдээ өгөөд ярьсан дугаар нь байгаа талаар асуухад устгасан байна гэдгийн хэлсэн. Тэгэхээр нь манай хүү сэжиглээд өөрийнхөө малыг харах гээд уулын орой дээр гарахад уулын нөгөө талд Нгийн малыг машин мотоцикльтой хүмүүс тасалчихсан байсан усраас Нгийн гэрт очиж хэлчихээд мал руу очиход манай хүүг тухайн хүмүүс харчихаад зугтаасан талаар хэлсэн Би уг хүмүүсийг нэр усаар нь таньж мэдэхгүй харин зургийг нь болон зүс царайг нь хараад таньж мэднэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 62 дахь тал),

Гэрч С.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тариалан сумын нутаг Хөсөрийн хаг гэх газарт малаа маллаж байсан бөгөөд тухайн өдөр манай мал гэрээс зайдуу бэлчээрт байсан бөгөөд нөхөр П.Ннь буйр бууц эргэхээр явчихсан үед би малаа гэрээсээ харж байсан. Уг өдөр манай хоршоо айл болох С гэх айлд нэг мотоцикльтой хоёр залуу ирээд явсаны дараа Д гэх залуу ирээд, манайд ирсэн хоёр залуу миний утсыг аваад нэг хүн рүү яриад мотоциклийн бензин дууслаа Морьтын эхэнд гараад ир гэж ярьчихаад ярьсан дугаараа устгасан байна гэж надад хэлсэн. Тэгээд уулзаж байх хугацаанд цайвар цэнхэр өнгийн приус манай гэрийн хажуугаар зөрж манай мал байсан газар луу явахад нь Д араас нь мотоциклиор явсан. Манай мал уулын энгэрт бэлчиж байсан бөгөөд уулын нөгөө энгэрт байсан мал харагдах боломжгүй байсан. Д нь буцаж ирээд уулыг нөгөө энгэрт байгаа танай тасархай малын хажууд нөгөө зөрсөн машин болон мотоцикльтой хоёр хүн байж байгаад намайг харчихаад зугтлаа гэж хэлж байх үед манай нөхөр П.Н ирээд тасарсан мал руу явсан. Удалгүй манай нөхөр ирээд манай тасархай малыг ээрч байгаад хонь барьсан байдалтай байна мөн барьсан хонио хаданд хийж] байгаад ачаад явсан байна гэдэг зүйлийг хэлчихээд малаа цуглуулж ирээд зүсээр нь бүртгэхэд 3 тооны эр хонь дутсан. Дахин маргааш нэг бүрчлэн тоолж үзэхэд 5 тооны эр хонь тоогоор дутсан. Манай хөрш айл нь 1 км орчим зайтай байдаг' бөгөөд би гэрийн гадна ажил хийж байхад тухайн айлд улаан юм уу ягаан өнгийн байдалтай мотоцикльтой 2 эрэгтэй хүн зэрэг ирж байгаа нь харагдсан. Мөн гэрийн урдуур зөрсөн машин цайвар цэнхэр өнгийн приус загварын машин байсан бөгөөд дотор нь хэдэн хүн явж байгаа нь харагдаагүй. Харин уг машин нь манай мал бэлчиж байсан толгойгоор цааш нь давж байгааг нь харчихаад Д араас нь явсан. Уг Морьтын даваа гэдэг газар нь манай байдаг газрын ойр орчмыг хэлдэг бөгөөд уг даваа нь бол манай мал бэлчиж байсан уулыг хэлдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 64 дэх тал),

Гэрч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.У бид хоёр гэртээ байж байхад цагийг нь сайн санахгүй байна үдээс хойш утас дугарч Б.У нь утсаа гадагш авч гараад 30-40 орчим минут ярьсны дараа орж ирээд би хөдөө явах ажилтай боллоо орой ирнэ гэж хэлэхэд нь би удахгүй хүргэн ахындаа очно гэхэд намайг ирэх хүртэл байж байгаарай гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш нэлээн орой бүрэнхий болж байхад Б.У нь цайвар цэнхэр өнгийн аавынхаа приус машинтай найз Б.Лын хамт ирж машинаа хашаан дотор байрлуулсан. Ирсний дараа хэсэг гэрт орж ирсний дараа би хамт яваа хүнийг ямар учиртай хүн юм гэж асуухад манай найз байгаа юм манайд хонох гэж байгаа гэдэг зүйлийг хэлсэн. Б.У бид хоёр гэрээс гарч байхдаа машин дотор мал буюу тоог  нь сайн хэлж мэдэхгүй байна ямарч байсан хонь ачсан байхыг хараад ямар учиртай мал юм гэж асуухад манай найзын мал гэдэг зүйлийг хэлсэн. Түүнээс хойш дахин уулзахдаа тухайн найзын нь талаар болон ачиж ирсэн малыг нь асуугаагүй. Мөн 2-3 хонгийн дараа аймгийн цагдаагаас над руу холбогдож Б.Уын дугаар авсан гэдэг зүйлээс өөр мэдэх зүйл байхгүй.Орой бүрэнхий 20-22 цагийн хооронд л ирсэн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 19 дэх тал),

Гэрч О.Цний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн Хаан банкны 58...........86 дугаарын дансыг эзэмшдэг бөгөөд уг дансыг өдөр тутмын хэрэглээнд ашигладаг. Тухайн гүйлгээ нь ямар учраас хийгдсэн бэ гэвэл 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би урьдын адил зах дээр мал мах авч байх үеэр буюу яг тухайн малыг над дээр шууд авч ирсэн болон захын мал зарах хашаанд зогсож байхад нь худалдан авснаа бол сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би өдөр болгон олон хүнээс мал худалдан авдаг. Гүйлгээнээс харвал 560.000 төгрөг буюу 2 тооны бага насны эр хонь худалдан авсан байх гэж бодож байна. Би тухайн байдлыг шууд санахгүй байгаа хэдийч уг дөрвөн залуугийн зургийг үзэхэд манай захын доод талд байдаг мөн мал худалдан авч захын хашаанд байнга зардаг Б овогтой А гэх хүний залуу /Б.У/ авч ирж худалдсан байж болзошгүй байна ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 21 дэх тал),

Шүүгдэгч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 22-ны төрөл садангийн холбоотой хүн болох Ц.Б нь манай гэрт ирннд хөдөө яваад өг гэхэд чадахгүй ажилтай байна гэсэн боловч гуйгаад байхаар нь би Ц.Бтай хамт өөрийн мотоциклоор баруун шил гэх газарлуу явж байхад Ц.Б манайх эндээс мал авч зарах гэж байгаа гэхээр нь би яаж оруулах гэж байгаа талаар асуухад аргалаад оруулна гэж хэлээд явж байхад нь морьтын эхэн газар малын хажуугаар зөрж байхдаа энэ манай мал байна гэж хэлээд малын хажууд намайг мал ээрч бай гэж хэлээд Ц.Б ганцаараа 5 тооны хонь барьсан. Ц.Б нь аймгийн төвөөс гарахдаа уяа авчихсан байсан тул барьсан хонины хөлийг боогоод уячихсан. Хонь барьж дууссаны дараа миний мотоциклийн бензин дуусаж байсан тул Ц.Б нь Б.У гэх залуу руу ярьж машинтайгаа бензин аваад хүрээд ир гэж хэлэх гээд миний утсаас ярих гэсэн боловч миний утасны сүлжээ байхгүй байсан тул хонь барьсан газрын уулын эсрэг талд байх үл таних айлд очиж утсыг авч Ц.Б утсаар ярьсан. Б.У миний дүүгийн хамт приус машинаар ирсэн бөгөөд бид гурав барьсан хонийг машинд ачаад аймгийн төв рүү явсан. Манай дүү Б.Бр толгойндооо гэмтэлтэй учраас мал барихад оролцоогүй. Аймгийн төв орж ирсний дараа би дүүгийн хамт харьсан бөгөөд ачиж ирсэн 5 тооны хонийг Ц.Б, Б.Ухоёр аваад явсан. Би Ц.Бын хамт хонь барихдаа малыг ээрч өгсөн харин мал барьсны дараа би зарим хонины хөлийг боолцсон. Мөн ачихад бас хамт оролцсон 5 тооны эр хонь байсан бөгөөд би зүс имийг нь бол санахгүй байна. Тухайн мотоцикль нь албан ёсны бичиг баримт байхгүй боловч миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 127-128 дахь тал),

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Б.Л бид хоёр баруун шил явж байхад Сүүж гэх газрын ойролцоо манай тууврын мал явж байхыг би харчихаад Б.Лд хэлж мал дээр очиход миний төрсөн дүү Х нь ганцаараа малаа тууж явсан бөгөөд Хнь хөтөлгөө морьтой явж байсан тул Б.Л надад уг морины жолоог нь тайлаад авчих хэрэг болж магадгүй гэсэн тул би морины жолооо болох шар өнгийн бүсний өөдсөөр хийсэн тайлж авахад 1 метр орчим урттай байсан. Уг жолоог авч байхад би дотроо хулгай хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд үргэлжлүүлэн цааш явж байхад Б.Л нь утсаар ярина гэж хэлээд зогссон. Тухайн үед Б.Утай утсаар ярьсан бөгөөд миний сонсноор манай дүүгээр зам заалгаад Морьтын эхэнд хүрээд ир хонь бариад боочьё ирээд авчих гэж хэлээд утсаа тасалсан. Морьтын давааны ойролцоо очиход эзэнгүй 700-800 орчим мал бэлчиж байсан. Б.Л нь надад тухайн малнаас очоод таслаад авья гэхээр нь би өдрөөр яаж болох юм хүн харчнаа гэж хэлэхэд хавийн мал байнга эзэнгүй бэлчдэг намайг зүгээр хонины хажууд хүргээд буулгачих гэж хэлэхээр нь би мотоциклыг бариад хонины хажууд буулгахад Б.Л нь уг малнаас 30-40 орчим мал тасалж ирэхээр нь бипд хоёр ууланд байхгүй хад руу шахаж би хоёр тооны хонь, Б.Л 3 тооны хонь барьсан бөгөөд барьсан хонио хадан дунд байх  агуй мэт зүйл рүү оруулаад авч ирсэн бүсийг тасалж хөлийг нь боосон 5 тооны хонийг уячихаад Б.Л нь надад араас Б.У, Б.Б хоёр машинаар ирж байгаа аймгийн төв рүү ачиж оруулаад зарж борлуулан мөнгийг нь хувааж авъя гэж хэлсэн. Түүний дараа тасалж ирсэн малаа буцаагаад хонь анх байсан зүг рүү нь туучихсан. Аймгийн төв рүү орсны дараа Б.Уын гэрт очиход найз охин нь байсан бөгөөд 2 тооны хонийг 560.000 төгрөгөөр зарсан. 3 тооны хонийг зах дээр гаргаад зарах гэж байхад 1 тооны хонь үхчихлээ гэж хэлээд үзүүлэхэд би өөрөө мэдээд нэг газар аваачаад хаячих гэж хэлсэн. Үлдсэн 2 хонийг нийт 400.000 төгрөгөөр буюу бэлнээр худалдаж авсан. Уг мал барвсан газар аймгийн төвөөс 40 гаруй километр бөгөөд анх Б.Л нь Б.Утай утсаар ярьснаас хойш 2-3 цагийн дараа бид хоёр дээр ирсэн байх Тухайн үед айлын утсаар ярихдаа худлаа ярьсан бөгөөд мотоциклийн бензин дуусаагүй мөн Б.У нь огт бензин авч ирээгүй” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 161-162 дахь тал),

Шүүгдэгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэрт байхад Б.Л над руу ярьсан. Надруу ярихдаа зав чөлөө хир байна гэж ярьсан. Тэрний дараа морьтын эхэнд бензин дуусчихлаа гэж яриад тэгээд яваад очсон. Яваад очиход 5 хонь бариад боочихсон байсан. Тэгээд би машинаар ачаад аймаг орж ирээд зарсан нь үнэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 5 хониноос 4 хонийг зарж 960.000 төгрөг олж, бид 4 хувааж авсан. Нэг хонь үхсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нар нь хохирогч П.Нн 5 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нар гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэж олсон  хонийг худалдан борлуулж,  үнийг нь хуваан авсан үйлдлүүдээс нь дүгнэхэд санаатай хамтран энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа тул тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хулгайлсан 5 тооны хонийг тээвэрлэх үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор иргэний нэхэмжлэгч Ц.Бын эзэмшлийн ......... УВА улсын дугаартай Toyota.Prius-XW30 загварын суудлын машин, шүүгдэгч Б.Лын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг тус тус ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 6 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол, хор уршгийн талаар:

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн “Увс аймгийн Тариалан суманд 2023 оны 06 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр хонь 230.000 төгрөгийн үнэтэй гэж тооцоолов” гэх дүгнэлт ( хавтаст  хэргийн I-р хавтасны 82-103 дахь тал)-ээр  хулгайлагдсан 5 тооны эр хонины үнэ 1.150.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч П.Нмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг миний малыг хулгайлсан нөхдүүд төлж барагдуулсан одоо тэр хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн миний малыг хулгайлсан нөхдүүд надад 1.700.000 төгрөг өгч барагдуулсан одоо надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 14 дэх тал), Хохирогч П.Нмөрдөн байцаалтын шатанд “Миний бие П.Н 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5 хонь хулгайд алдсан тул Б.Л, Ц.Б, Б.Унар 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний хохирол бүрэн арилгаж өгсөн тул цаашид гомдол хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн I-р хавтасны 242 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

II. Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.Унар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын 5 тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч Б.Л урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай( тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст  хэргийн I172, 175-178 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст  хэргийн I194, 196-198 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.У урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст  хэргийн I-р хавтасны 215  дахь тал)-аар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Л, Ц.Б нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч Б.Л, Ц.Б нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Б.Лын хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Сийн өгсөн: “Б.Л бид албан ёсоор гэр бүл болсон, 2023 оны 5 сард хүүтэй болсон, Б.Л айлын 7 дахь хүүхэд, төлөв даруу, хүнд тусархаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, илүү дутуу зангүй” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 70 дахь тал) Гэрч Б.Бгийн өгсөн: “Б.Л нь айлын долоо дахь хүүхэд бөгөөд бүрэн дунд боловсролтой, Нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан, цэргээс халагдаж ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2023 оны 5 дугаар сард эхнэр Стэй албан ёсоор гэр бүл болсон, даруу төлөв, дуу цөөтэй, архи тамхи огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг  ( хавтаст  хэргийн I-р хавтасны 72 дахь тал),

Шүүгдэгч Ц.Бын хувийн зан байдлын талаар: Гэрч С.Жын өгсөн: “Миний төрсөн хүү Ц.Б дээрээ 2 ахтай, нэг эрэгтэй дүүтэй айлын 3 дахь хүүхэд юм. Зан байдлын хувьд багаасаа хүнд тусархаг, хүний итгэл сэтгэлийг даагаад явах чадвартай, ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, багаасаа хөдөө өссөн учраас мал маллах, хар бор ажил хөдөл эрхлэх тал дээрээ сайн” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 66 дахь тал), Гэрч Ц.Цын өгсөн: “Аав ээж нь тэтгэвэрт суусан мөн мал маллан амьдардаг учраас дундаж амьдралтай, Аав Ц нь 2023 оны 5 дугаар сард улаан хоолойн хавдартай гэж оношлогдож хэвтрийн дэглэмд гам барьж байгаа бөгөөд аавыг ээж болон Б асарч байгаа, Ц.Б ямар ажил хийдэг тусархаг хүүхэд юм” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 68 дахь тал),

Шүүгдэгч Б.Б.Уын хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Агийн өгсөн: “Б.Унь Цтой үерхэж эхэлсэн бөгөөд одоогоор албан ёсоор тусдаа гараагүй байгаа боловч найз охин нь одоо 3-4 сартай жирэмсэн, тогтуун төлөв даруу, ихэвчлэн аавтайгаа хамт тээвэр хийх зэргээр л тусалж дэмждэг, Б.Унь албан ёсоор тусдаа гараагүй тул ямар нэгэн өмч, эд хөрөнгө тасалж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 76 дахь тал) тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн  2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Лд 1 жил 8 сар хорих ял,  шүүгдэгч Ц.Бад 1 жил 8 сар хорих ял, шүүгдэгч Б.Ут 1 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж 960.000 төгрөг олсон, уг мөнгийг хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдож, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Б.Бтай тэнцүү хувааж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.

Б.Бын асран хамгаалах, харгалзан дэмжих хүнийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоож оролцуулаагүй тул түүний авсан 240.000 төгрөгийг хураах нөхцөл бүрдээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 240.000 төгрөгийг тус бүрээс нь хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Б.Лын эзэмшлийн 230.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.Унарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Toyota prius-XW30 авто машин нь иргэний нэхэмжлэгч Ш.Баасанжавын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул өмчлөгчид нь буцаан олгож, уг авто машины үнэ 16.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.Унараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 5.500.000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан иргэн Ш.Бын эзэмшлийн Toyota prius-XW30 авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц хүчингүй болгож, иргэн Ш.Бд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бтын Л, Ш овогт Цийн Б, М овогт Бын У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн  2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Лд 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял,  шүүгдэгч Ц.Бад 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял, шүүгдэгч Б.Б.Ут 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 240.000 төгрөгийг шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нараас тус бүрээс нь, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Б.Лын эзэмшлийн 230.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоцикль, Toyota prius-XW30 авто машины үнэ 16.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нараас тус бүрээс нь хувь тэнцүүлэн 5.500.000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан иргэн Ш.Бын эзэмшлийн Toyota prius-XW30 авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц хүчингүй болгож, иргэн Ш.Бд буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Л, Ц.Б, Б.У нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ