Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/00602

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЖЯ000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 000-р хороо, 000 тоотод оршин суух, Х овогт С-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ИТ000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 0 тоотод оршин суух, Ц-г овогт Ц-ийн Ч-ад холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эх С.Бын асрамжид байгаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Пыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Чаар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чаас 35,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ