| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 113/2024/0065/З |
| Дугаар | 221/МА2026/0057 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0057
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Нэхэмжлэгч: “И” ХХК
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “А” ХХК, “У” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2025/0014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, М.Э, Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х, А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 113/2024/0065/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 014 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “И” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас тус аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 4 дэх заалтад холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 1, 2, 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан: Нэхэмжлэгч талаас тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, захирамж гаргасан. Шүүх хуралдаан болох өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хэргийн материалд нэхэмжлэгчийн шаардсан 3 нотлох баримтын 2 баримт нь ирээгүй байсан буюу "У" ХХК-ийн 0,65 га талбайг гаалийн хяналтын дундын бүсээр ашигласан эсэх талаар лавлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар хуралдааны бичлэгийг гаргуулах тухайд тус аймгийн ИТХ-аас тухайн өдрийн хурлын тэмдэглэлийн хэсгээс хуулбарлан хүргүүлсэн бөгөөд хурлын бичлэг байхгүй гэх агуулгатай албан бичиг өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр очиж танилцан гар утсаараа бичээд түүнийг CD-нд хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн бөгөөд зөвтгөж гаргуулах хүсэлт гаргахад бичлэг байхгүй гэсэн нь илт худал тайлбар байсан. Улмаар шүүгчид илт худал тайлбар гаргасан тухай болон дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахыг шаардсан боловч Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10-т "... нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан байсан, дахин хойшлуулах үндэслэлгүй.... Гаалийн ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-1.2/5008 дугаартай албан бичгээр нотлох баримтыг шүүхийн и-мэйл хаягаар ирүүлсэн байх бөгөөд эх хувь хавтаст хэрэгт авагдсан байна.... Мөн аймгийн ИТХ-аас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 168 дугаар албан бичгээр бичлэг байхгүй болно гэсэн хариу ирүүлсэн. Иймээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв" гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1-т заасантай нийцэхгүй байна.
3.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 12.2.1-д "... 47.1.1-д Утга агуулгын илэрхий алдаа гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. ..." гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий актын захирамжлах хэсгийн нэг дэх заалтаар "... "И" ХХК-ийн ашиглалтад байгаа 2 га газраас 0.65 га газрын газар эзэмших эрхийг "У" ХХК-д шилжүүлж гаалийн тусгай бүсийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй" гэсэн байдаг. Энэ нь утга агуулгын илэрхий алдаатай бөгөөд актын заалтууд хоорондоо зөрчилдсөн, хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байгаа болно. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.2.2-т "Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг заасан. Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд үндэслэлгүй иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дурдсан хуулийн зохицуулалт нь "эзэмших эрхийг шилжүүлэх, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалт юм. Гэтэл "И" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд тухайн газрыг "эзэмших" эрх бус харин "ашиглах" эрхтэй байсан билээ. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг зохицуулсан ба үүнд газрын тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуулийн 35.1.4-т заасан эрхийг газар ашиглагч нь эдлэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх шинжийг хангаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх агуулга буюу "иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэх хүчингүй болсон хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Түүнчлэн илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд захиргааны байгууллага тухайн маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай "А" ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд анхан шатны шүүх хэргийн бодит үнэнг тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Анх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн гудамж хаягт байрлах 2 га газрыг “Говь-Учрал” ХХК эзэмшиж байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/143 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг “И” ХХК-д шилжүүлсэн байна.
2.2. 2008 онд “И” ХХК-иас дээрх 2 га газрын зүүн урд хэсгээс 0.65 га газрыг “У” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан байх ба Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн
1 дэх заалтаар Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн газрын баруун хойно байрлах 0.65 га газрыг “У” ХХК-д гаалийн тусгай бүсийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,
2 дахь заалтаар хуулийн дагуу эзэмшилдээ авч буй газрынхаа орчны тохижилтыг сайжруулах, зүй зохистой ашиглахыг “У” ХХК-д үүрэг болгож,
3 дахь заалтаар газар эзэмших эрхийг хуулийн дагуу авч буй “У” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хяналт тавьж ажиллахыг Газрын албаны даргад үүрэг болгож,
4 дэх заалтаар аймгийн Засаг даргын 2007 оны А/143 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
2.3. Нэхэмжлэгч “И” ХХК-иас дээрх захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 23 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2011 оны 141 дүгээр тогтоолоор магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн байна.
2.4. Улмаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар захирамжаар тус маргаан бүхий актын 4 дэх хэсгийг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны А/92 дугаар захирамжаар “И” ХХК-ийн 2 га газраас “У” ХХК-д 0.65 га газрын газар эзэмших эрх шилжсэн тул үлдэх 1.35 га газрын газар ашиглах эрхийг “И” ХХК-д шинэчлэн олгожээ.
2.5. Мөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гуравдагч этгээд “А” ХХК-иас “У” ХХК-ийн эзэмшлийн дээрх газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргасныг аймгийн Засаг дарга хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “А” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
4.2. Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хувьд маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан эсэхийг шалгах учиртай.
4.3. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж” тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан байх ба хуулийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.
4.5. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн гудамж хаягт байрлах “И” ХХК-ийн эзэмшлийн 2 га газрын зүүн урд хэсгээс 0.65 га газрыг “У” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон нэхэмжлэгч “И” ХХК-ийн хүсэлтийг үндэслэсэн байх ба утга агуулгын илэрхий алдаатай, эсхүл хуульд үндэслээгүй, Засаг даргаас бүрэн эрхээ хэтрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
5. Мөн анхан шатны шүүхийн “... “У” ХХК нь “И” ХХК-ийн ашиглалтад байсан 0.65 га газрыг 2008 онд газрын эрхийг дуусгавар болгох замаар шилжүүлэн авсан учраас “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул түүний хөрш зэргэлдээ газрыг ашиглагч гадаадын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд нь “А” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/96 дугаар захирамжаар, “У” ХХК-ийн эзэмшлийн 0.65 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн талаар маргах эрхгүй байна” гэсэн дүгнэлтийг буруутгахааргүй байна.
5.1. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “У” ХХК-ийн газар эзэмших эрх хууль, журмын дагуу үүссэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд уг газрыг эзэмших эрх нэгэнт дуусгавар болсон “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Харин анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч компаниас Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 23 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Үүний үндсэн дээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар захирамж гаргаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна ...” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
5.3. Учир нь, үндэслэх хэсгийн 2.3-д дурдсанчлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 23 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2011 оны 141 дүгээр тогтоолоор “И” ХХК-ийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бол одоо нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг бүхэлд нь “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хууль зүйн өөр үндэслэлээр маргасныг анхаараагүй байна.
5.4. Энэ тохиолдолд маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, мөн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх ба давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
5.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “И” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/92 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2024 оны А/96 дугаартай “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ