Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001

 

Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 1913002100120 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Я.Сьезд, хохирогч Б.Р, хохирогчийн өмгөөлөгч С.Тилеуберди нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Урианхай, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын ... дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.А /РД: 0000000/ нь   Б.А нь Р.Н-ийн толгой руу нь унины хугархай модоор цохиж зодсоны улмаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Буянт сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газарт орших гэртээ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор  Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн 1913002100120 дугаар хэрэгт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөз хяналт тавьж ажилласан бөгөөд тэрээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалд тулгуурлан дотоод итгэл үнэмшлээр яллагдагч Б.А-ыг бусдын биед хүнд хохирол учруулсны улмаас амь хохирогч нас барсан гэж үзэж 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, улмаар тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар захирамжаар “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгчийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбек нь уг шүүгчийн захирамжийг буруугаар дүгнэж буюу шүүхээс яллагдагч Б.А-ын холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэсэн чиглэл өгсөн мэтээр ойлгож маргаан бүхий тогтоолыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл орлогч прокурор А.Турдыбек нь маргаан бүхий тогтоолыг гаргахдаа ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хийсвэрээр "шүүгчийн захирамжийг прокурор хүлээн авсан” гэсэн дүгнэлт хийж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсныг прокурор холбогдох хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд үйлчлүүлэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдээгүй, түүний үйлдэл холбогдол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Учир нь,

а.Эмчийн үзлэгийн тэмдэглэлд: “...\/.23. Орой 2230 цаг. Р.Н 32н эр цээж бүтнэ, бачимдана, унтаж чадахгүй байна, ирж үзэж өгнө үү гэсэн дуудлага аав нь өгсөн. Очиход өвчтөний б/б дунд онцын зовиур үгүй. АО 130/100-120/90, 2 хөлийн шилбэ ууц нуруу, гэдэс хэвлий хавангүй, (засвартай) амьсгал 1-23 удаа, нүүр шалбарсан шархтай б/в. Өөрийн хэлснээр явж б/сан мотоциклын араас өнхөрч унасан гэнэ. Өөрөө эмнэлэгт явахгүй гэрээр ажигламаар б/на гэсэн...” гэснээр, /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

б. Гэрч Б.А-гийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд бид 2 хамт талийгаачийн мотоциклтой 13 цаг өнгөрч байхад гараад замдаа мотоцикл доголдоод явахгүй нэлээд удаан саатаж явсан. Замд мотоциклын дугуй бас хагарч нэлээд саатсан. Дугуйг нь нөхөөсөөр цавуудаж нөхөөд цааш явсаар гэрт харуй бүрий болж байхад ирсэн. Манай гэр Буянт сумын 2 дугаар баг Ц гэдэг газарт байдаг ба сумын төвөөс 25 гаруй км байдаг юм. Замд бид 2 дугуй нөхөж байх үедээ талийгаач надад “Хоёулаа гэрт очоод мотоциклоос ийм болчихсон гэмтсэн гэж хэлнэ шүү” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгье" гэж хэлсэн. Тэгээд гэрт очиход гэрийнхэн яасан гэхэд бид 2 хамт явж байгаад мотоциклоос уначихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/

в. Хохирогч Х.О-ийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би нөхрөөсөө юу болсон талаар асуухад хүргэн дүү С надад “миний хойно мотоциклд сундлан ирж байх замдаа уначихсан” гэж хэлсэн. Харин нөхөр маань надад юм хэлээгүй ба хадам аавдаа мотоциклоос унасан гэж хэлсэн байна.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 103-104-р хуудас/

г. Гэрч Б.Т-ийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд орой нь билүү, шөнө билүү сайн санахгүй байна, ямар ч байсан С ах болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаачийн толгойных нь зүүн тал нь байх, толгойноос цус гарч байсан. Тэр үед манай ээж Ц талийгаачаас “толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач “мотоциклын хойноос савж унаад ийм боллоо, танайд хонохоор ирлээ" гэж хариулсан. ... Цагийн санахгүй байна, ямар ч байсан нилээн орой болж байхад тэр хоёр орж ирсэн ба талийгаачийн толгойн зүүн хэсгээс цус гарсан, толгой нь цоорчихсон байсан. Тэр үед ээж загнаад “та нар дандаа согтуу ирдэг, наад толгойгоо яасан бэ” гэж асуухад талийгаач мотоциклоос унасан талаар хэлж байсан” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 118-119 дугаар хуудас/

д. Гэрч Б.Ц-ийн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд орой нь хүү С болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаач нь толгойгоо цоолж авсан, цус гарсан байдалтай ирэхээр нь би талийгаачаас “толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач “мотоциклын хойноос савж унасан” гэж хариулсан. ...Нийлээн орой болж байхад, цагийн санахгүй байна тэр хоёр орж ирсэн ба талийгаачийн толгойн зүүн хэсгээс цус гарсан, толгой нь цоорчихсон байсан. Тэр үед би загнаад “та нар дандаа согтуу ирдэг, наад толгойгоо яасан бэ" гэж асуухад талийгаач мотоциклоос унасан талаар хэлж байсан” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 120- 121 дугаар хуудас/

е. Гэрч Б.Р-гийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед би талийгаачаас юу болсон талаар асуухад талийгаач нь надад "мотоциклоос унаад ийм асуудал болсон” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 122-124 дугаар хуудас/

ё. Гэрч С.Б-гийн 2019 оны 7 дугаар сарын 09 ба 19-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд би чиний бие яагаад ийм болчихсон юм гэхэд “би суманд хоёр хоног архи уугаад ирсэн мотоциклоор явахаар хөл, гар хавагнаад байдаг болчихсон” гэж өөрөө хэлсэн. Би хаван хөөлгөх тариа хийж өгчхөөд чи эмнэлэгт очоод их эмчид үзүүлж оношлогоо хийлгэвэл дээр байх гэж хэлэхэд “надад эрүүл мэндийн дэвтэр байхгүй, паспорт байхгүй мөнгөний боломж байхгүй юутай ч энэ тариаг ажиглаад үзье" гэсэн юм ...Асуулт: Та Р.Н-ийн байдал муу байхад эмчийн үүргээ биелүүлээгүй юм биш үү? Хариулт: Би тухайн үед эмчийн үүргээ биелүүлж тусламж хүргэсэн тэгээд эмнэлгээр явж онош тогтоолго гэхэд мөнгөний боломжгүй, эрүүлийн мэндийн даатгал төлөөгүй, паспорт байхгүй эмнэлгээр явмааргүй байна гэсэн ...Асуулт: Та амь хохирогч Нид эмнэлгийн тусламж үзүүлэхдээ амь хохирогчид хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн үү, хэрэв илэрсэн бол тухайн үед яагаад холбогдох дээд шатны байгууллагын эмнэлгээс тусламж авч нарийн мэргэжлийн эмч дуудаж, арга хэмжээ авсан уу? Хариулт: Тухайн үед өвчтөн Нийн хөлийн шилбэнүүд нь хавантай, мөн ууцны хэсэгт нь хавантай, нүүр нь шалбарсан, толгой хэсэг цоорчихсон. Тэр хэсэгтээ хавантай байсан бөгөөд юу болсон талаар асуухад талийгаач надад мотоциклоор ирж байх замдаа унаад ийм болчихсон гэж хэлсэн. ...Би талийгаачид сумын төвд орж эмчид үзүүлэн оношоо тодруулаарай гэж хэлэхэд талийгаач надад “би одоогоор сумын төв явах боломжгүй, надад даатгалын дэвтэр, мөнгө төгрөг байхгүй байна, хэд хоног гэрээр ажиглая” гэж хэлэхээр нь тэгвэл маргааш хүртэл ажиглаад болохгүй бол дахин холбогдоорой гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 125-126, 128 дугаар хуудас/

ж. Шинжээчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд: “...Энэ гэмтлийн улмаас хэрэв тухайн үед хурдан оношлогдож, яаралтай тусламж үзүүлж, аймгийн төвд ирж, эмчилгээ хийгдсэн байвал талийгаачийн амь насыг нь аврах боломжтой байсан..” гэснээр /хавтаст хэргийн 210-211 дугаар хуудас/ амь хохирогч (Р.Н нь эрүүл мэндээ анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдал байсаар байхад дээрх байдлаар “мотоциклын хойноос савж унаад ийм боллоо” гэж худал хэлж хэт хайнга хандаж цаг хугацаа /2 өдөр/ алдсанаас болж нас барсан байдаг.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/ нь хүнийг алах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/ гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг. Шүүхийн практикаас үзэхэд хуучин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд тухайлбал 2015 оноос өмнө буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 дахь хэсгийн аль тохирох зүйл заалтаар зүйлчилж шийдвэрлэж байсан байна. Дараа нь хууль тогтоогчоос дээр дурдсанчлан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь алах гэмт хэргээс обьектив талын шинж болох хохирол, субъектив тал болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай хэмээн үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг батлахдаа “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж ялгаж хуульчилж өгсөн байна.

 

Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ “...хохирогчийн эрүүл мэндийг анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдлыг удаашруулж цаг хугацаа алдсан нь нөлөөлсөн байна” гэж дүгнэсэн атлаа дээрх байдлаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Мөн шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ “...шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа ухамсарласан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна" гэж дүгнэсэн атлаа үйлчлүүлэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

3. Шүүхээс үйлчлүүлэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2 удаа хийж, 2 удаа гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс шүүхэд энэ талаар тайлбар, санал хэлсэн боловч хүлээж аваагүй. Ингэснээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.А, өмгөөлөгч А.Серикжан нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

 Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус сумын төв дээр төрсөн ах Б.С, худ Р.Н нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, улмаар мотоцикл гуйхад өгсөнгүй, урьд худалдсан мотоциклын үнийг өгсөнгүй гэх асуудлаар маргалдаж Р.Н-ийн толгой руу нь унины хугархай модоор цохиж зодсоны улмаас Р.Н нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэртээ нас барсан ба хүнийг алах гэмт хэрэг үйлджээ.

 

Хэрэг явдал болсон 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Нямаагийн хашаан дотор зодоон болсон Б.С, “бацаан” хочит Б.А, талийгаач Р.Н  нар байсан бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгч Б.А-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Түүнчлэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч К.Хайратын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай шүүх задлан шинжилгээний дүгнэлтээр “талийгаач Р.Н-ийн биед гавал тархины битүү хүнд гэмтэл, их тархины зүүн бөмбөлгийн хатуу хальсан доор, зөөлөн хальсан доор цус хуралт, бага тархи, уртавтар тархины няцралт цус хуралт, цусан бүлэн, баруун талын цээжний хэнхэрцгийн дотор талын 5, 6, 7 хавирганы харалдаа дунд хэсэгт цус хуралт, зүүн талын зулай орчим тав тогтсон няцарсан шарх, духны зүүн талын хөмсөгний гадна булан хэсэгт тав тогтоосон няцарсан шарх, духны баруун талд, зүүн талын хацрын төвгөрд хүзүүний баруун доод хэсэгт тав тогтоосон зулгаралт зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Р.Н нь гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Р.Н-ийн биед дээрх гэмтэл учирсны дараа дээрх гэмтэл хүндрэх хүртэлх хугацаанд гэмтэл авсны дараа бие дааж ямар нэгэн үйлдэл хийж чадах чадвартай байсан. /хөдлөх, мөлхөх, явах, хашхирах гэх мэт/ талийгаач Р.Н-ийн биед учирсан гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно.”  гэдгийг тогтоожээ.

 

Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “Ээж хажуу айлд кино үзэж байсан ба Бацаан, талийгаач бид 3 хамт архиа хувааж уусан. Архиа ууж дуусгаад мотоциклоос болж маргалдан хоорондоо зодолдсон. Шалтгаан нь урд нь миний дүү Бацаан нь миний унаж явдаг байсан “Мустанг 150” маркийн цэнхэр өнгийн мотоциклыг худалдаж аваад мөнгийг нь өгөхгүй байсан юм. Тэгээд тэр мөнгөө би нэхсэн юм. Тэгтэл Бацаан нь “Чиний мотоцикл явахгүй эвдэрсэн” гэж хэлэхээр нь би “би чамд явдаг мотоцикл өгсөн. Саяхан хүртэл ч, мотоциклоор аргал түүгээд явж байсан гэсэн” гэж би хэлсэн. Тэгж хэлэхэд Бацаан шууд миний шанаа тус газарт гараараа 1 удаа цохисон. Би цохиулаад газарт унаад босоод иртэл Бацаан миний цээж рүү хөлөөрөө жийсэн юм. Би гэрээс гартал жийлгэсэн. Тэгээд би босоод иртэл талийгаачийг Бацаан нь энгэрээс нь солгой гараараа заамдаад гэрээс гарч ирсэн. Намайг харж байхад толгой руу нь баруун гараараа атгаж толгой руу нь цохисон. Толгой нь аль хэсэгт цохиж байхыг анзаараагүй. Би босож ирээд “Болиоч” гэж хэлээд дундуур нь ортол намайг баруун гараараа зүүн шанаа руу дахиад цохисон. Тэгээд Бацаан миний цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би юу болсныг санахгүй байна. ...Тэгээд би цохиулаад ухаангүй байж байгаад сэргэтэл би гадаа газар хэвтэж байсан. Миний хажууд бас талийгаач газар хэвтэж байсан. Талийгаач шанаанаас нь цус гарсан, зүүн хөмсөгний дээд талаас нь язарч цус гарсан байдалтай байсан. Би “та зүгээр үү” гэж асуухад талийгаач ”би зүгээр гэж хэлсэн. ...Хэрэг гарах үед би байсан. А талийгаачийн хааш нь модоор цохисныг мэдээгүй. Харин миний хажууд байхад л талийгаачийг модоор А цохисон. Харуй бүрий болсон учраас яг хааш нь цохисныг анзаараагүй. Талийгаач миний ард зогсож байсан ба намайг давуулж талийгаач руу модоор А нь цохисон. Тэгээд намайг миний элэг рүү цохисон. Зодоон Нямаагийн гэрийн хашаан дотор болсон бөгөөд сүүлд нь хашааны гадна толгойноос нь гарсан цусыг 00-ын цаасаар цэвэрлэсэн. Би их согтуу байсан. Ямар ч байсан А талийгаачийг модоор цохисныг санаж байна. Зарим зүйлүүдийг нь санахгүй байна.”  гэжээ.

Яллагдагч Б.А 2019 оны 6 сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд Н, С гурвуулаа Нямаагийн гэрийн гадаа үлдсэн. Тэр үед С ах надад “тэгвэл чи миний мотоциклын мөнгийг өгчих, түүгээрээ архи авъя” гэж хэлэхээр нь би боломжгүй талаар хэлсэн, .... дараа нь Н нь С-д хандаад “бид хоёр А-ыг нийлж байгаад зодчихоод явъя, наадах чинь цагдаад хандаж чадахгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би хоёр хүнийг яаж дийлэх вэ гэж бодоод Нийн мөр лүү нь нэг удаа цохиж аваад дараа нь уурандаа газраас мод шүүрч аваад талийгаач Н-ийн толгой хэсэг рүү цохиж авсан, ... тэр үед толгойноос нь ихээр цус гарахаар нь халаасанд байсан 00-ын цаасаар цусыг нь тогтоогоод цус арчсан цаасыг чулуун доор тавьсан байсан. Чулуун доор тавьсан талийгаач Нийн цусыг арчсан 00-ын цаасыг мэдүүлгээ газар дээр нь шалгах ажиллагааны үед зааж өгсөн байгаа. Тэгээд талийгаачийг зодсоны дараа эвлэрээд би талийгаачаас уучлалт гуйгаад би тэндээс харьж гэрт ирээд унтсан.

...маргааш нь би ажилдаа яваад орой нь 20 цагийн үед гэртээ ирэхэд С ах агсам тавиад халуун сав гэрээс гаргаад шидчихсэн, ээж байхгүй гэрт С ах талийгаач хоёр л байсан. Тэр үед С ах бид хоёр дахиад муудалцсан, тухайн үед би ахыгаа бас цохиж авсан. Яг тэр үед талийгаач араас гарч ирээд “одоо чи ямар хүн цохидог юм бэ” гэсэн. Тэгэхлээр нь би нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Цохисон газрыг нь санахгүй байна.” гэжээ.

Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “...талийгаач нөхөр маань нас барахаас хэдхэн хормын өмнө хоёр хүүхдээ хажуудаа дуудаж аваад нэг нэг үнсэж, надад хандаад “Бацаан миний мотоциклыг асуугаад, би өгөхгүй гэж хэлээд, тэгээд бид хоёр мотоцикл булаацалдаж, Бацаан намайг толгой руу цохиж өшиглөсөн, би хүний гараар явж байна” гэж хэлээд удалгүй амьсгал хураасан. Тэрнээс өөр зүйл хэлээгүй, би ч цааш нь лавлаж юм асууж чадсангүй.” гэжээ.

Гэрч  Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “...яг хэзээ, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан талийгаач Н, болон манай ах С хоёулаа манай гэрт үдийн цайны цагийн үед орж ирсэн. Тухайн үед тэр хоёр мөнгө авахаар орж ирсэн гэж ярьж байсан ба тэр хоёр манай гэрээс нэг аяга цай ууж аваад мотоциклтойгоо яваад өгсөн. Тэгээд орой нь билүү, шөнө нь билүү сайн санахгүй байна, ямар ч байсан С ах болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаачийн толгойных нь зүүн тал нь байх, толгойноос нь цус гарч байсан. Тэр үед манай ээж Ц талийгаачаас толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач мотоциклын хойноос савж унаад ийм боллоо, танайд хонохоор ирлээ” гэж хариулсан. Тэгээд С ах болон талийгаач манайд ирээд унтсаны дараа нэлээн удаж байтал манай ах А гэрт ирээд амарсныг санаж байна. “ гэжээ.

 Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...шөнө нь амарч унтаж байхад үүрээр манай гэрт С-гийн дүү Бацаан орж ирээд “танай хашааны хойгуур мотоциклтой явж байхад Нацаг ах саваад уначихлаа, толгойноос нь цус гарч байна, танайд бүс, даавуу байгаа юу” гэж асуухад нь би та нар архи ууж яваад унаа биз, юун бүс, даавуу тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэр үед шүүгээн дээр байсан жижиг 00-ын цаасыг Бацаан авч гараад явсан байсан” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримтыг шууд гэрчилжээ.  

 Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай байдал нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, экскумацын тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт болох 56 сантиметрийн урттай, 3.3 сантиметрийн өргөнтэй унь модны хугархайд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Х.Т, гэрч Х.М, Б.С, И.И, Б.Т, Б.Ц, Б.Р, С.Б, Т.Б нарын гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч К.Хайратын 2019 оны 5 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа 14 дугаартай шүүгдэгч Б.А-ын сэтгэцийн хувьд өвчингүй эрүүл байсан талаарх дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Хохирогч Б.А нь энэ үйл баримтаас өмнө нас барах хүртлээ бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээд тухайн үед болсон үйл баримт нь хэргийн шууд гэрч Б.С-гийн мэдүүлэг болох “шүүгдэгч Б.А нь амь хохирогч Р.Н-ийг модоор А цохисон. Талийгаач миний ард зогсож байсан ба намайг давуулж талийгаач руу модоор А нь цохисон” болохыг  тогтоож, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын төв, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр иргэн Х.Нямаагийн чулуун хашааны гадаа төрсөн ах Б.С, Р.Н нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ах Б.С нь “тэгвэл чи миний мотоциклын мөнгийг өгчих, тэрүүгээрээ архи авъя”,  Р.Н нь Б.С-д хандаж “бид хоёр А-ыг нийлж байгаад зодчихоод явъя, наадах чинь цагдаад хандаж чадахгүй” гэж хэлснээс болж эд зүйлийн болон ахуйн шинжтэй маргааны улмаас Б.А, Р.Н-ийн мөр лүү нь нэг удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөж, дараа нь уурандаа газраас мод шүүрч аваад Р.Н-ийн толгой хэсэг рүү цохисны улмаас “гавал тархины битүү хүнд гэмтэл, их тархины зүүн бөмбөлгийн хатуу хальсан доор, зөөлөн хальсан доор цус хуралт, бага тархи, уртавтар тархины няцралт цус хуралт, цусан бүлэн, болон гавал тархины хүнд хавсарсан” гэмтлийн улмаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэртээ амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.           

Шүүгдэгч Б.А нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг агуулаагүй бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба энэ үед нас барсан шалтгаан шууд болсон, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан болох нь гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.

Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн асуудал тогтоогдсон учраас хөнгөрүүлэх талын нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинж нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг нь дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялыг оногдуулж өгөхийг хүсэж хөнгөрүүлэх байр сууринаас оролцжээ.

 Анхан шатны шүүх Б.А-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Н-ийн нас барсан шалтгаант холбоог зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх тухайн шүүх хуралдааны нөхцөл байдалд үндэслэн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар буюу тухайн зүйл хэсгийн хорих ялын доод хэмжээг оногдуулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Б.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ... хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээс тогтоосныг буруутгах үндэслэлгүй.  

Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.500.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.А сайн дураараа төлж барагдуулаагүй, хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Б.А-аас “банкнаас зээл аваад төлөгдөөгүй байсан 300.000  төгрөгийг хохирогчийн эхнэр Х.О-т олгохоор” шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. Харин Б.А-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар болох хохирол нь хүний амь нас хохирсон, талийгаачийн ажил явдалд хүнс болон ном уншуулсан, бензин шатахууны төлбөр 1.050.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд гаргасан 6 тооны эр хонины үнэ 450.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэж, энэ талаарх нотлох баримтаа хохирогч талаас гаргаж өгөөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, 216 сарын тэтгэврийг сарын 320.000 төгрөгөөр тооцож, 69.120.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р-ийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 20,000,000 /хорин сая/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгснөөр нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдолд “хохирогч Х.О, гэрч Б.С, Б.Т, Б.Ц, шинжээчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргийг дурдаж шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ“ хохирогчийн өөрийн эрүүл мэндийг анхааралгүй эмчилгээ авах боломжтой нөхцөл байдлыг удаашруулж  цаг хугацаа алдсан нь нөлөөлсөн байна гэж дүгнэсэн атлаа хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглээгүй явдалд гомдолтой” гэжээ.

 Амь хохирогч Р.Н-ийг шүүгдэгч Б.А нь эхлээд хөлөөрөө 1, 2 удаа өшиглөж унагаагаад хохирогч босож ирээд гэрч Б.С-ийн араар орох үед Б.А нь модоор толгойн хэсэгт нь цохисноос үзэхэд хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг нотолж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатайгаар алсан гэж үзнэ.

Хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээд үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу шууд санаа зорилгоор халдсан байдал, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл  үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Шүүгдэгч Б.А-ын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлдээ санаатай хандсан” нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ. 

Яллагдагч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд “Н-ийн мөр лүү нь нэг удаа цохиж аваад дараа нь уурандаа газраас мод шүүрч аваад талийгаач Нийн толгой хэсэг рүү цохиж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд “Тэгж хэлэхэд Бацаан шууд миний шанаа тус газарт гараараа 1 удаа цохисон. Би цохиулаад газарт унаад босоод иртэл Бацаан миний цээж рүү хөлөөрөө жийсэн юм. Би гэрээс гартал жийлгэсэн. Тэгээд би босоод иртэл талийгаачийг Бацаан нь энгэрээс нь солгой гараараа заамдаад гэрээс гарч ирсэн. Намайг харж байхад толгой руу нь баруун гараараа атгаж цохисон. Толгой нь аль хэсэгт цохиж байхыг анзаараагүй. Би босож ирээд “Болиоч” гэж хэлээд дундуур нь ортол намайг баруун гараараа зүүн шанаа руу дахиад цохисон. Тэгээд Бацаан миний цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би юу болсныг санахгүй байна. ...Тэгээд би цохиулаад ухаангүй байж байгаад сэргэтэл би гадаа газар хэвтэж байсан. Миний хажууд бас талийгаач газар хэвтэж байсан. Талийгаач шанаанаас нь цус гарсан, зүүн хөмсөгний дээд талаас нь язарч цус гарсан байдалтай байсан. Би “та зүгээр үү” гэж асуухад талийгаач ”би зүгээр” гэж хэлсэн. ...Хэрэг гарах үед би байсан. А талийгаачийн хааш нь модоор цохисныг мэдээгүй. Харин миний хажууд байхад л талийгаачийг модоор А цохисон. Талийгаач миний ард зогсож байсан ба намайг давуулж талийгаач руу модоор А нь цохисон. Ямар ч байсан А талийгаачийг модоор цохисныг санаж байна. Зарим зүйлүүдийг нь санахгүй байна.”  гэж мэдүүлсэн.

Дээрх 2 мэдүүлгээр шүүгдэгч Б.А нь Б.С болон амь хохирогч Р.Н нарыг ээлжлэн зодож, газраас мод авч хохирогчийн толгой руу унины модоор цохиж “гавал тархины битүү хүнд гэмтэл, их тархины зүүн бөмбөлгийн хатуу хальсан дор цус хуралт үүсгэсэн гэмтлийн улмаас үхэлд хүргэх зайлшгүй нөхцөлийг бий болгосон” гэмтэл учруулсан шарх, гэмтлийн шинж болон гэмт хэрэг үйлдсэний дараах шинж чанараар хүн алах гэмт хэргийн объектив болон субъектив шинжүүд нь бүрэн хангагдаж байна.  

Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Р.Н нь шүүгдэгчид зодуулсны улмаас гавал тархины хүнд хавсарсан гэмтэл авч, 4 хоногийн дараа нас барсан боловч амь хохирогчийн биед учирсан гавал тархины хавсарсан гэмтлийг эмчилж, амь нас аврагдах боломжтой гэмтэл болох нь шинжээчийг мөрдөн шалгах ажиллагаанд асуусан тэмдэглэлээр тогтоогдсон хэдий ч тухайн нөхцөл байдалд эмнэлгийн тусламж авах, гэмтлийг эмчлүүлэх боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба тухайн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бөгөөд хохирогч гэмтэл авсан даруй нас барсан буюу хэсэг хугацааны дараа нас барсан, тодруулбал амь хохирогч хэзээ нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч Б.А-ын үйлдэл, болон хохирогч Р.Н нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.А, түүний  өмгөөлөгч Я.Сьезд, А.Серикжан нар нь гомдлын талаар хэлэхдээ “шүүх хуралдаан дээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна, учир нь энэ гэмт хэргийг Б.А үйлдээгүй, Б.С үйлдсэн гэдгийг шүүгдэгч өөрөө мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нь зөв шалгаад өгөөч, гэрчээр асуучхаад гэрчийн мэдүүлгийг газар дээр шалгах үйл ажиллагаа явуулсан,  бичиг үсэг мэдэхгүй хүнийг асууж байцаалт авсан, гэм буруугийн шүүх хуралдааныг 2 удаа хийж эрх зүйн байдлыг нь дордуулсан” гэжээ.

 

 Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэдийгээр би энэ гэмт хэрэгт хамааралгүй, Б.С энэ гэмт хэрэгт холбогдолтой гэсэн хэдий ч анхан шатны шүүх дээр үнэлсэн нотлох баримт болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд тодорхой дурдаж өгсөн тул шүүгдэгчийн мэдүүлгээр, гэрч Б.С-д мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Гэм буруугийн шүүх хуралдааныг 2 удаа явуулсан нь буруу гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын яллагч нь шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол улсын яллагчийг сольж болно, энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулна гэснийг хангаж ажиллажээ.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагт анх сэжигтнээр баривчлагдаж цагдан хоригдож байх явцад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Х.Талгатын захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Б.А-ыг тус өдөр сулласан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож үргэлжлүүлэн цагдан хорьж, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 267 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “8 ” гэснийг “8 жилийн” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “450.00” гэснийг “450.000” гэж тус тус техникийн шинжтэй алдааг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “8” гэснийг “8 жилийн” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “450.00” гэснийг “450.000 /дөрвөн зуун тавин мянга/” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон нийт 267 хоногийн хугацааг түүний эдлэх ялаас хасаж  тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                    Д.МӨНХӨӨ