| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/00688/И |
| Дугаар | 101/ШШ2020/01714 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/01714
| 2020 05 14 | 101/ШШ2020/01714 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн МЭ0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0 хороолол, 0а байр, 0 тоотод оршин суух Шарнууд овогт Л-ын Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ХН0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 0 хороолол, 00а байр, 00 тоотод оршин суух Лантуу овогт Ц- Ут холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.У миний бие 2011.12.31-нд Ц.Утай танилцаж, 2014.11.27-нд 1107001262 тоотод бүртгүүлж, гэр бүл болсон. 2014.12.16-нд том хүү С төрсөн, 2016.11.14-нд бага хүү С төрсөн. Ц.Утай хамтран амьдарсан хугацаанд, удаа дараа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, байнга сэтгэл зүйн дарамт учирсан. Миний төрсөн Н.Үзмээ нь авто курст төлбөрийг төлж сургахад хамт сурч байсан Шангриллад тогооч ажилтай хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан. Мөн 10 жилийн сурагч хамт байсан Халиун гэгчтэй чатаар харилцдаг байсан. 2014 онд дээрх 2 эмэгтэйтэй харилцаатай байхад 8 сартай жирэмсэн эхнэр байсан. 2017 онд Ц.У нь ТЕГ-т ажилд орсон. Ингээд хамтран ажилладаг БЗД-н 14 дүгээр хороо Түмэн наст хотхонд амьдардаг 1 хүүхэдтэй нөхөргүй Энхчимэг гэгчтэй 2017 оны 12 сар 26-наас 27-нд шилжих шөнө орцонд бэлгийн харилцаанд орж өөрөө эхнэр хүүхдээ ярьж өөрийн гараар баталгаа гаргаж бичиж өгсөн. Энхчимэг нь энэ явдлаас болж 3 дахь хүүхдээ абортод орж, авхуулахаас аргагүй байдалд хүрсэн. Ц.У нь ажлын байраа өөрчилж ажлаасаа гарсан. 2019.10-р сард Оюун толгой ХХК-нд ажилд орж, 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. Гэтэл Онгоцноос буугаад гэртээ ирэхгүй хамт ажилладаг Ундармаа гэгчтэй төмөр замын акттай байр зочид буудалд хамт хонож бэлгийн харилцаанд орсон. Ундармаа гэгч эмэгтэй утсаар над руу залгаж, айлган сүрдүүлж, хэм амаар доромжилж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Мөн Ц.Утай ярихдаа өөрийн мэт загнаж, харилцаж байсан. Ц.У нь байнгын жирэмсэн хөхүүл нялх биетэй удаа дараа энэ явдлаараа гэр бүлээ хуурч байсан. 4 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Гэр бүлд таагүй уур амьсгал үүссэн. Ахин ийм бузар, явдлыг тэвчих тэвчээр барагдлаа. 2019.11 дүгээс сараас тэвчээр барагдаж Уаас 2 хүүд хувцасны мөнгө өг гэхэд Ундармаа гэгч над руу мсж-ээр дарамталж байсан. Ц.Утай хамт фэйсбүүк-ийг шалгахад Өнөрөө болон Халиун нартай завхай бохир үг гэр бүлтэй хүнээс гарахгүй захидал мсж гарч ирсэн. Дээрх явдлыг мэдсэн. Иймд Ц.Утай цаашид амьдрах боломжгүй байгаа тул гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гэрлэлт цуцлуулах хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан бөгөөд уншиж танилцсан. Миний бие уг өргөдлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн өмчийн маргаангүй гэдгээ үүгээр баталж байна гэв.
Нэхэмжлэгчийн урьд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Ц.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Л.У хариуцагч Ц.У нар нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 1107001262 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү У.С, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү У.С нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 13-15 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Л.У, Ц.У нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул өргөдөл гаргагч Л.Уийн өргөдлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 8 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэрлэгсэд 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Одоо хүү У.С 6 настай, хүү У.С 4 настай, эх Л.Уийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Энх-Агшин” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 7, 9 дэх талд/
Нэхэмжлэгч, хариуцагч нар хүү У.С, У.С нарын асрамжийн талаар мараагүй эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зохицуулснаар хүү У.С, У.С нарт хуульд зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.
Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр хүү У.С, У.С нарт тэтгэлэг тогтоон эцэг Ц.Уаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.
Хүү У.С, У.С нарыг эхийн асрамжид үлдээсэн нь эцэг Ц.Уын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Л.У нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Лхагважавын У, Лантуу овогт Цэрэн-Очирын У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү У.С, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү У.С нарыг эх Л.Уийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөэ хүү У.С, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү У.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Уаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,936 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Уаас 141,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ут олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ