Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01675

 

 

 

 

 

 

 

                        2020         05          12                             

                     101/ШШ2020/01675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 0000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүргийн00дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Ориент төв 0 давхарт оршин байрлах “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЦГ000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0-д байрны 00 тоот хаягт оршин суух Ч-ин овогт Хандхүүгийн Ч. От холбогдох,

36,961,278 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл  хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.             

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар, Э.Амартүвшин, хариуцагч Х.Ч. О, хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Ч. О, Д.Отгончимэг нар нь Х Б тай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1080024542 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Х.Ч. Оын Х Б  дахь 5000069238 дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр доорх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл болох 23,300,000 төгрөгийг үлдэгдэл дээр 10,000,000 төгрөгийн санхүүжилт хийж нийт 33,300,000 төгрөг болгон үндсэн гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгоно гэж тусгасан. Энэхүү өөрчлөлттэй холбоотой үндсэн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн хугацааг сунган зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1080026511 болгон өөрчилсөн. Зээлдэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 11,100,000 төгрөг, зээлийн хүүд 17,539,773.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 786,206 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 1080026511 тоот зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 842 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х Б  нь удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй байна. 1080024542 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар 16-ны өдрийн 1080014058-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Х.Ч. О, Д.Отгончимэг, Ч.Чингүүнжав нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Хандгайтын богинын 235 тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2203011921 дугаар гэрчилгээтэй хувийн сууц, эзэмших эрхийн 000415487 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрыг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгөнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1080026511-01 барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байр, 32 тоот хаягт байрлах Г-000682248 гэрчилгээний дугаартай Ү-2204080696 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж барьцааны зүйлийг өөрчилсөн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1080024542 дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүү 12,966,544 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,794,733 төгрөг нийт 36,961,278 төгрөгийг хариуцагчаас  гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байр, 32 тоот хаягт байрлах, Г-000682248 гэрчилгээний дугаартай Ү-2204080696 улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х Б ” зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооллоор 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хоорондын тооцоогоор 47,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс өөрийн барьцаат хөрөнгийг орон сууцаар сольж зөрүү 20,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн. (2018 оны 11 дүгээр сарын 13-нд) үүнээс үндсэн зээлд 10,877,608.28 төгрөг, хүүнд 8,348,721.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 773,672.65 төгрөг төлсөн. Төлбөр хийгдсэнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 24-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн учир 3 сарын хүү тооцох ёстой. Иймээс Х Б ны 36,000,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүүнээс хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Байраа зараад 20,000,000 төгрөгийг төлсөн үүнийг үндсэн зээлээс хасч тооцох байхад хүүнээс тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн нэмэлт зээл олгохдоо банкнаас зээл олгох холбогдох хууль, дүрмийг зөрчсөн гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Х.Ч. О, Д.О нарт холбогдуулан 36,961,278 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл  хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О холбогдох нэхэмжлэлээс татгалзсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1080024542 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ,  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1080026511-01 дугаартай барьцааны гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч Х.Ч. О нь татгалзлын үндэслэлээ “...  нэмэлт зээл олгосон нь хууль зөрчсөн, зээлийн хүүгээс хүү тооцсон, төлсөн 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох байсан” гэж татгалзаж маргасан.

 “Хасбанк” ХХК нь Х.Ч. О, Д.О-нартай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1080024542 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг, жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1080024542 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн дүнг 33,000,000 төгрөг, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсоныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1080024542 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор өөрчилж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ 48д байр 32 тоот хаягт байрлах 68.2 м.кв бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1080026511-01 дугаартай “Барьцааны гэрээ”-г  тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 11, 12-15, 18-22 дахь талд/

Зээлдэгч Х.Ч. О нь эдийн засгийн хямралд орсны улмаас зээлийн хүүгийн нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1080024542 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэмэлт зээл олгож хууль зөрчсөн гэж маргасан.

 Гэрээ хэлцэл хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд бөгөөд хариуцагч нь нэмэлт өөрчлөлтийн гэрээг агуулгын хувьд хууль зөрчсөн гэж маргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 17 дахь талын арын нүүрт/

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Х.Ч. О нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 1080024542 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчөөгүй, гэрээний үүргийн зөрчил гаргаагүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь түүнд нэмэлт 10,000,000 төгрөгийг зээлдүүлснийг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй юм. /х.х-ийн 30 дахь талд/

Дээр дурдсан гэрээнүүдэд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 112 дахь талд/

Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зохицуулсан дарааллаар буюу эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх зохицуулалтын дагуу тооцох байсан гэж маргасан.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан тус зохицуулалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох агуулгатай.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.1.7, 3.2.7 дахь хэсэгт тохиролцсон үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Тайлбарлавал, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг тул бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 22,200,000 төгрөг, зээлийн хүүд 12,966,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,794,733 төгрөг, нийт 36,961,278 төгрөгийг шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тус тооцоолол нь үндэслэлтэй байна. /х.х-ийн 112 дахь талд/

Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй зөрчил гаргасан боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байна.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Х.Ч. О, Д.Отгончимэг нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Х.Ч. Ооос шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Х.Ч. Ооос 35,166,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагаас 1,794,733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ч. Ооос 35,166,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,794,733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Х.Ч. Оын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204080696 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ 48д байр 32 тоот хаягт байрлах 68.2 м.кв бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

          3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Отгончимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ч. Ооос 403,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк ХХК-нд олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ