| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/04768/И |
| Дугаар | 101/ШШ2020/01715 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/01715
| 2020 05 14 | 101/ШШ2020/01715 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЙЕ000 регистрийн дугаартай, Өвөрхангай аймаг, Бүрд сум,0-р баг, 0р хөхшөөт /Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоот/-д оршин суух Д-овогт М-ын Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, Б0 групп 00 тоотод оршин байрлах “Т” ХХК-нд холбогдох,
25,102,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 36,360,593 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энххишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, Б.Батболд, гэрч Б.Батмөнх, Т.Пүрэвдэмбэрэл, Б.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н “Т” ХХК-тай 2019 оны 6-р сарын 20-ны өдөр №20190620/02 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар барилга угсралтын ажлын суурь, гарш, техникийн давхар, 1-16 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Бидний байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж түүнийг захиалагч талд хүрээлгэн өгснөөр ажлын хөлсөө авахаар тусгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Т” ХХК-иас хэрэгжүүлж буй Төгс Апартмент-2 төслийн барилга угсралтын суурь, граш, 1-5 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх байх үед хариуцагчаас ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээний үүргийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй барилга угсралтын ажлыг зогсоосон. М.Н нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлаас суурь 18,060,000 төгрөг, граш, 36,120,000 төгрөг, 1, 2 давхар 61,400,000 төгрөг, 3, 4 давхар 61,400,000 төгрөг, 5 давхрыг 80 хувийн гүйцэтгэлтэй 24,560,000 төгрөг нийт 201,540,000 төгрөгийн барилга угсралтын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн юм. Талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар хэсэгт Санхүүжилтийг 2 давхрын гүйцэтгэлээр олгохоор зааж санхүүжилт тус бүрээс 10 хувийг нь барьцаа болгон авч үлдэж, тухайн давхрын хучилтын хэвийг бүрэн хуулж, материалыг зөөж, цэвэрлэгээ хийснээр буцаан олгохоор заасан. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар хавсралтад заасны дагуу граш болон 1, 2 давхрын хучилтын хэвийг бүрэн хуулж, материалыг зөөж, цэвэрлэгээ хийсэн тул грашийн ажлын төлбөр болох 36,120,000 төгрөг, 1, 2 давхар 61,400,000 төгрөгөөс барьцаа болгон авч үлдсэн 10 хувь буюу 9,752,000 төгрөгийг буцаан авах эрхтэй юм. Мөн М.Н нь 5 дугаар давхрын барилга угсралтын ажлыг өөрийн бригадаар хийж гүйцэтгүүлэхэд ажилчдын цалин хөлс, багаж, хоол хүнсэнд нийт 10,035,000 төгрөгийг зарцуулаад байна. Иймд “Т” ХХК-иас грашын ажил гүйцэтгэхэд суутган авсан барьцаа 3,612,000 төгрөг, 1, 2 давхрын ажил гүйцэтгэхэд суутган авсан барьцаа 6,140,000 төгрөг, 5 дугаар давхрын барилга угсралтын ажил зарцуулсан 10,035,000 төгрөг нийт 19,787,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. М.Н миний бие “Т” ХХК-тай 2019 оны 6-р сарын 20-ны өдөр 20190620/02 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар барилга угсралтын ажлын суурь, граш техникийн давхар 1-16 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Бидний байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж түүнийг захиалагч талд хүлээлгэн өгснөөр ажлын хөлсөө авахаар тусгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Т” ХХК-иас хэрэгжүүлж буй Төгс Апартмент -2 төслийн барилга угсралтын суурь, граш 1-5 давхар хүртэлх барилга угсралтын ажлын хийж гүйцэтгэгч байх үед хариуцагчаас ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээний дагуу урьдчилан мэдэгдэл өгөхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зогсоосон. М.Н нь 5 дугаар давхрын барилга угсралтын ажлыг өөрийн бригадаар хийж гүйцэтгүүлэхэд өөрийн зөвхөн Хаан банкны дансаар гаргасан ажилчдын цалин хөлс, багаж хоол хүнсэнд зарцуулсан 10,035,000 төгрөгийг шүүхээр нэхэмжилж байгаа юм. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад М.Нтай хамтран 2019 оны 10-р сарын 03-ны өдрөөс 2019 оны 10-р сарын 13-ныг хүртэл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн нэр бүхий 15 хүний ажлын хөлс болоох 5,315,000 төгрөгийг нэхэмжлээгүй юм. Гэтэл тухайн барилгын 5 дугаар давхрын барилга угсралтын ажлыг М.Нын удирдлагын дор хийж гүйцэтгэсэн нэр бүхий 15 хүн М.Наас ажлын хөлс болох 5,315,000 төгрөгийг байнга нэхсээр байгаа билээ. Мөн М.Н намайг “Т” ХХК-иас хэрэгжүүлж буй Төгс апартмент-2 төслийн 5 дугаар давхрын барилга угсралтын ажилд нийт 15,350,000 төгрөг оруулсан болохыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байна. Иймд “Т” ХХК-иас 5 дугаар давхрын барилга угсралтын ажилд зарцуулсан 5,315,000 төгрөгийг нэмж, нийт 25,102,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хэрэгжүүлж буй 173 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг М.Н нь гүйцэтгэхээр 2019-06-20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Байгуулсан гэрээгээр М.Н нь 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 11 сард 11 давхар хүртэл угсралтын ажлыг гүйцэтгэхээр графикт хугацаатай ажиллах байсан боловч угсралтын явц нь туйлын удаашралтай, боловсон хүчний хангамж байхгүй 2019 оны 10 сард хүртэл ихэнх үед 10 хүрэхгүй хүнтэйгээр 1 давхрын ажлыг 15 хоногт хийж гүйцэтгэн бидэнд маш их цаг хугацаа алдаж энэ хугацаа хөрөнгө мөнгөний маш том алдагдалд оруулсан болно. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 19 гэхэд 7 давхрын бетон цутгалтын ажлыг дууссан байх графикт хугацаатай байхад дөнгөж 4 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэсэн болно. Бидний зүгээс хүн хүчээ нэмж ажлыг явцын хурдлуулах тал дээр байнга шаардлага тавихад арга хэмжээ авахгүй байсан тул арга буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлыг нь зогсоож албадан гаргасан болно. М.Нын нэхэмжилж буй зоорь, 1, 2 давхрын гүйцэтгэлээс суутган авсан 9,752,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлынхаа алдаа дутагдлыг засаж янзлан, хучилтын хэвийг бүрэн хуульж, гарсан материалыг зөөж хураан цэвэрлэсний дагуу олгохоор гэрээнд заасан байгаа. Энэхүү ажил нь хийгдээгүй тул олгогдох боломжгүй байна. Мөн 5 давхрын ажлын хөлс 10,035,000 нэхэмжилсэн нь манай компанид цаг хугацаа хувь маш их алдагдалд оруулсан нь нэхэмжилж байгаа үнийн дүнгээс их тул нэхэмжлэлийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай “Барилга гүйцэтгэх хугацаа, графикийг нэг бүрчлэн харилцан тохиролцож байгуулсан. Ингээд хийх ажил графикчилсан хугацаа гаргаж 2019 оны төлөвлөгөөний дагуу санхүүжилтэд 1,500,000,000 төгрөгийг Хаан банкнаас зээл авч барилгын ажлыг эхлүүлсэн. Анх гэрээ байгуулахад М.Н нь гэрээнд заасан хугацааг харилцан тохиролцож, чанар өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцож талууд гэрээгээ баталгаажуулсан боловч гэрээнд заасан чанарын шаардлагыг хангаагүй, маш удааширалтай боловсон хүч зэрэг нь маш хангалтгүй байсан тул арга буюу гэрээг цуцалсан. Тодруулбал гэрээд заасан угсралтын ажлын графикаар 2019 оны 11 сарын 04-ний өдөр гэхэд 9 дэх давхрын ажлыг дууссан байх ёстой байтал 2019 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар 4 дэх давхрын хэвийн ажлыг хийж байсан. М.Нын гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанийн хувьд маш их хэмжээний үргүй зардлууд гаргасан.
Нэг: Барилга угсралт ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдолд 26,229,593 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: Гүйцэтгэгч М.Нын гүйцэтгэсэн 1-4 давхрын ажлуудад ур чадвар муугаас болж барилгын норм дүрэмд байж болмооргүй алдаануудыг гаргасан. Үүнд бетон цутгалтын үед технологийн алдаа гаргаж вибратор муу тавьсны улмаас бетон сийрэг цутгагдаж, хананд нүх сүв гарч арзайсан, арматур хамгаалалтын үеийн бетон байхгүй болж арматур цухуйж, зэврэлт үүссэн. Хэвийн бэхэлгээ муу хийсний улмаас хана хазайсан, хэв задарч маш томоор цүлхийсэн. Мөн хаалга цонхнуудын хэмжээ ихээр алдагдсан. Ер нь барилга барьдаг хүний хувьд байж боломжгүй, илэрхий бүдүүлэг алдаануудыг гаргасан. Энэхүү алдаа, доголдлоо арилгах ажлын явцын шалгалт хийх бүрт нь тавьж байсан ба үүнийг М.Нын ажилчид болоод манай компанийн ажилчид бүгд гэрчилнэ. Гэтэл гэрээ цуцлагдах өдрийн байдлаар ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, үндсэн ажил нь ч хэдэн сараар хоцорчихсон байдалтай байдаг байсан. М.Н нь энэхүү доголдлыг арилгах, барилгын ажлыг үргэлжлүүлэх ямар ч чадваргүй болох нь илэрхий болж ирсэн. Ингээд барилга дээр очиход 2, 3 ажилчид л байдаг ба М.Н руу залгахад утсаа авахгүй, өөрөө барилгын талбай дээр ирэхгүй байсан тул арга буюу гэрээг цуцалсан. М.Нын хийж гүйцэтгэсэн алдаатай, доголдолтой ажлыг засварлахад шаардагдах төсвийг мэргэшсэн төсөвчнөөр гаргуулж 26,229,539 төгрөгийн төсөв гаргаад байна. Уг ажлыг хийлгүүлэхээр гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 20 сая төгрөгийг зардал гаргаад байна. Иймд М.Наас барилга угсралт ажил гүйцэтгэхэд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах зардалд 26,229,593 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хоёр: 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 2019/0620/02 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги шаардах тухай: 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, хийж гүйцэтгэх хугацааг талууд нарийвчлан тогтоож баталгаажуулсан. Гэрээгээр тогтоосон хугацаагаар 5, 6, 7 дугаар давхрын ажил хугацаандаа хийгдээгүй буюу өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Уг 3 давхрын ажлын хөлс нь 92,100,000 төгрөг ажлын графикаар нэг давхрыг 8 хоногт угсрахаар тусгагдсан бөгөөд 5, 6, 7 давхрын угсрах 22 өдрийг алдсан буюу хэтрүүлсэн байна. 2019 оны 6 сарын 20-ны өрийн 20190620/02 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд хийгдээгүй буюу гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хоног тутамд тооцохоор талууд харилцан тохиролцсон. Ийнхүү хийж гүйцэтгээгүй ажлын 22 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 10,131,000 төгрөгийг М.Н нь төлөхөөр байна. Иймд Барилга угсралт ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил доголдлыг арилгах зардалд 26,229,593 төгрөг хугацаа хэтрүүлсний алданги 10,131,000 төгрөг нийт 36,360,593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: М.Н нь “Т” ХХК-тай 2019 оны 6 сарын 20-ны өдөр 20190620/02 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар барилга угсралтын ажлын суурь граш техникийн давхар 1-16 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд “Т” ХХК нь барилга угсралтын ажлын суурь, граш, 1-5 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээг цуцалж, энэхүү гэрээний харилцааг 2019 оны 10 сарын 13-ны өдөр дуусгавар болгосон.
Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах зардалд 26,229,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: М.Н нь 2019 оны 6 сарын 20-ны өдөр 20190620/02 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр Төгс апартмент-2 төслийн барилга угсралтын ажлын барилгын суурь, граш 1-5 давхар 5 давхар 80 хувийн гүйцэтгэлтэй хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар хэсэгт, зааснаар захиалагчийн инженер ажлын явц болон гүйцэтгэлийг тухай бүрт шалгаж, барилга угсралтын ажлыг хүлээн авч байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр барилгын ажилд доголдол гарсан бол түүнийг хүлээж авахгүй байх эрх хэмжээ захиалагч талд байсаар ажлыг тухай бүр хүлээн авч байсан тул ажлын доголдлыг арилгах зардалд 26,229,593 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчаас ажлын доголдол гэх үндэслэлээ фото заргаар гаргаж өгсөн байх бөгөөд тухай фото зураг нь 3, 4 дүгээр давхрын ажлыг гүйцэтгэсэн зураг байх тул тухайн доголдлыг ажлын хөлснөөс авч үлдсэн 10 хувийн барьцаа болох 6,140,000 төгрөгөөр засах бүрэн боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс 3, 4 давхрын барьцаа 10 хувийн төлбөрийг аваагүй “Т” ХХК-нд үлдээсэн байгаа болно.
2019 оны 6 сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 10,131,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд М.Н нь 2019 оны 6-р сарын 20-ны өдөр 20190620/02 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр Төгс апартмент-2 төслийн барилга угсралтын ажлын барилгын суурь, граш 1-5 давхар хүртэлх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. М.Н нь Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар хавсралтад заасны дагуу граш болон 1, 2 давхрын хучилтын хэвийг бүрэн хуулж, материалыг зөөж, цэвэрлэгээ хийж “Т” ХХК-д хүлээлгэн өгсөн. Харин 2019 оны 10 сарын 7-ны өдөр 3 болон 4 давхрын бетон цутгалын ажлыг хүлээлгэж өгөх үед “Т” ХХК-ийн ахлан инженер А.Сэлэнгэбат болон нэхэмжлэгч М.Н нар ажлын гүйцэтгэлийн хүлээлцсэн албан бичиг үйлдэж 5 өдрийн алданги болох 7,675,000 төгрөг тооцож ажлын гүйцэтгэлийн мөнгөнөөс хасаж олгосон. М.Н нь 6, 7 давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд 2019 оны 10 сарын 7-ны өдөр 3 болон 4 давхрын барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгч 2019 оны 10 сарын 13-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээг цуцлах үед 5 давхрын 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байсан. “Т” ХХК-ийн нэхэмжилж буй 5, 6, 7 давхрын барилга угсралтын ажлын алданги болох 10,131,000 төгрөгийг 3 болон 4 давхрын бетон цутгалтын ажлын гүйцэтгэлийн мөнгөнөөс суутган авсан байтал дахин 5, 6, 7 давхрын барилга угсралтын ажлын алдангийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах зардалд 26,229,593 төгрөг болон 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 10,131,000 төгрөг нийт 36,360,593 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан 25,102,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь 36,360,593 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.
Зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20190620/02 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч тал болох М.Н нь тус гэрээний Хавсралт 1-д заасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Төгс апартмент 2” төслийн барилга угсралтын суурь, граш, техникийн давхар, 1-16 давхрын барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч тал болох “Т” ХХК нь гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тус гэрээний Хавсралт 7-д тохиролцсон ажлын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээ болон гэрээний хавсралт зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 19-35 дахь талд/
Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар, “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 5 давхрын барилга угсралтын ажлын хөлс 15,350,000 төгрөг, гэрээний дагуу зоорийн болон 1, 2 давхрын ажлын хөлснөөс барьцаанд тооцон авсан 9,752,000 төгрөг, нийт 25,102,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр шаардлагыг хангах эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.1. Граш болон 1, 2 давхрын ажлын хөлснөөс барьцаанд тооцон авсан 9,752,000 төгрөг гаргуулах шаардагын тухайд:
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 1.1-д “... захиалагч нь шаардлагуудад нийцсэн бүрэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч түүнд ногдох ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээнэ” гэж, 4.3-д “ажлын хөлсийг захиалагч нь инженерийн баталсан дүнд үндэслэн ГТН-д заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө”, Гэрээний Хавсралт 7-д “санхүүжилтийг 2 давхрын гүйцэтгэлээр олгох ба санхүүжилт бүрээс 10 хувийг барьцаа болгон авч үлдэж тухайн давхарын хучилтын хэвийг бүрэн хуулж, материалыг зөөж хураан цэвэрлэгээ болон хана таазанд гарсан алдааг зассаны дараа 10 хувийн барьцааг олгоно” гэж тус тус тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч талын инженер шалган хүлээн авснаар ажлыг хөлснөөс 10 хувийн барьцааг суутган авч, гүйцэтгэгчид санхүүжилтийг олгохоор гэрээгээр тохиролцжээ.
Захиалагч нь барилгын 1 давхрын ажлыг хийж цутгалт бүрэн авахад гарсан алдаа дутагдалыг засах талаар гүйцэтгэгчид 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай “Албан шаардлага”-ыг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба тус албан шаардлагыг хүргүүлснээс хойш захиалагч талын инженер 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн “Ажлын гүйцэтгэлийн акт”-р гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн зоорийн болон 1, 2 дугаар давхрын ажлыг хүлээн авсан байна. /х.х-ийн 54, 86 дахь талд/
Түүнчлэн, захиалагч талын инженер нь 3, 4 дүгээр давхрын барилга угсралтын ажлыг хүлээн авч, нийт ажлын хөлс 61,400,000 төгрөгөөс барьцаа, алданги, цэвэрлэгээний хөлс, бусад эд хөрөнгийн үнийг хасч үлдэх ажлын хөлсийг олгохоор 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл”-ийн актыг үйлдсэн байна. /х.х-ийн 55 дахь талд/
Хариуцагч нь барилгын 1-4 давхарт доголдолтой ажлыг хийж гүйцэтгэсний улмаас уг доголдолыг бусдаар гүйцэтгүүлж, зардал гаргасан тул барьцаа болгон авч үлдсэн 9,752,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч энэ тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. /х.х-ийн 89-96 дахь талд/
Тодруулбал, талууд гүйцэтгэлийг шалгаж, тухайн давхрын хучилтын хэвийг бүрэн хуулж, материалыг зөөж хураан цэвэрлэсний дараа ажлын хөлс, санхүүжилтийг төлөхөөр тохиролцсон бөгөөд ийнхүү 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1, 2, 3, 4 дүгээр давхрын тооцоог нийлж, захиалагч нь үлдэгдэл ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлж тооцоо нийлсэн байх тул гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолыг арилгуулахаар бусадтай 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулан 26,229,593 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 87-88 дахь талд/
Дурдсан үндэслэлээр, гүйцэтгэгч нь захиалагчаас зоорийн болон 1, 2 дугаар давхрын ажлын хөлснөөс суутгасан барьцааны 10 хувийг шаардах эрхтэй боловч гэрээний Хавсралт 7 “Төлбөрийн нөхцөл”-д “гүйцэтгэгч нь нийт төлбөрийн 5 хувийг чанарын баталгаанд хугацаанд байршуулна”, Гэрээний тусгай нөхцөлд “гүйцэтгэлийн баталгаат хугацаа” 1080 хоног байна гэж тохиролцсон байх тул барьцааны 5 хувийг чанарын баталгаат хугацаанд байршуулж, үлдэх 5 хувийг шаардах эрхтэй байна.
Иймд зоорийн болон 1, 2 давхрын ажлын хөлснөөс барьцаанд суутгасан 9,752,000 төгрөгийн тал хувь болох 4,876,000 төгрөгийг харицагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Барилгын чанарын баталгаат хугацаа өнгөрснөөс хойш барьцааны 5 хувийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Барилга угсралтын 5 дугаар давхрын ажлын хөлс 15,350,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт авагдсан “Мөнх эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/7 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч М.Н нь 5 дугаар давхарт 15,350,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон. /х.х-ийн 113-130 дахь талд/
Хариуцагч нь тус дүгнэлттэй маргахгүй байхаас гадна нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 5 давхрын ажлын доголдолын талаар маргахгүй байх тул зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцлийн 1.1 болон Иргэний хуулийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зохицуулснаар хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй юм.
Гэрээний ажлын графикаар гүйцэтгэгч нь 5, 6, 7 дугаар давхрын барилга угсралтын ажлыг 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан боловч 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4 давхрыг хийж дууссантай холбоотойгоор захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан нь гэрээний 8.3.2 болон Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэг заасантай нийцсэн байна.
Хариуцагч нь доголдолыг арилгахтай холбоотой гарсан зардалд 26,229593 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хариуцлага буюу алдангид 10,131,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсаныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1.1 Алданги 10,131,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан цаг хугацааны хувьд маргахгүй байх боловч ийнхүү хугацаа хэтрүүлэхэд захиалагч талаас материал, бетон хүлээлгэн өгөхгүй цаг хугацаа алдсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлэгээс үзэхэд захиалагч талаас материал, бетон хүлээлгэн өгөөгүй улмаас гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тус тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд талууд хооронд байгуулсан гэрээний ажлын графикт заасан хугацаа буюу 5, 6,7 давхрыг угсрах хугацааг гүйцэтгэгч тал хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай талууд хооронд байгуулсан гэрээний Тусгай нөхцөл болон 2 дугаар зүйлийн 2.1.12, 4.8 дахь заалт тус тус нийцэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5, 6, 7 давхрын ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 22 хоногоор хэтрүүлсэний алданги буюу хариуцлагын үүрэгт 10,131,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг гэрээний төлбөрийн нөхцөлд заасан 5 давхрын 61,400,000 төгрөгийн 30,700,000 төгрөг, 6, 7 давхрын 61,400,000 төгрөг нийт 92,100,000 төгрөгөөс тооцсон нь үндэслэлтэй байна.
Тус үндэслэлээр хариуцагчийн хугацаа хэтрүүлсэний хариуцлагын үүрэг буюу алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 5 өдрийн алданги болох 7,675,000 төгрөг тооцож ажлын гүйцэтгэлийн мөнгөнөөс хасаж тооцсон гэж татгалзаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар 3, 4 давхрын ажлын гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги суутгасан байх тул уг татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 55 дахь талд/
2.1.2 Доголдолтой ажил хийж гүйцэтгэсэний улмаас учирсан хохирол 26,229,593 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхтэй холбогдуулан дүгнэсэн тул тусгайлан дүгнэлт хийгээгүй болно.
Ийнхүү нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,226,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,131,000 төгрөгийг тус тус хангасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар харилцан тооцож, хариуцагч “Т” ХХК-иас 10,095,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 10,095,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,876,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 26,229,593 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 356,875 төгрөг, хариуцагчийн 340,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Наас 177,046 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Т” ХХК-нд, хариуцагч “Т” ХХК-иас 259,080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ