| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/00962/И |
| Дугаар | 101/ШШ2020/01597 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/01597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 00 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Х******* 000 тоотод байрлах “АК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн УЦ000 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00байр 000 тоотод оршин суух, Боржигон овогт О-н Год холбогдох
113,820,821 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк бус санхүүгийн байгууллагаас иргэн О.Г нь 2019 оны 10 сарын 01-ний өдөр №1910001 тоот Зээлийн гэрээг байгуулж 60,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч О.Г, Ж.Отгонтуяа, Ямада Ацүо нарын өмчлөлийн ******* дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалтай үл хөдлөх барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг эхний сараас буюу 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Банк бусын зүгээс бүхий л боломжийг олгож, төлөлт хийхийг сануулж, удаа дараа зээл төлөх шаардлыг хүргүүлсэн боловч зээлийн төлбөрөө хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 50,039,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,781,804 нийт 113,820,821 төгрөгийг зээлдэгч О.Гоос гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АК” ХХК нь хариуцагч О.Год холбогдуулан 113,820,821 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.
“АК” ХХК нь О.Гтой 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1910001 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, *** тоотод байрлах 93.82 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1910001 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан тус гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 13-16 дахь талд/
Дээрх гэрээнд зохигчдын хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 50,039,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,781,804төгрөг, нийт 113,820,821 төгрөгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зориулалт, зээлийг эргэн төлөх хугацаа зэргээс үзэхэд тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, 221.3-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцалж болно” гэж заасан журмын дагуу гэрээг цуцлах журамтай.
Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлахдаа үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоох, хэрэв үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зохицуулсан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үүргийг зөрчсөн, үүргийг биелүүлэх талаар удаа дараа хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй, тус тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй гэж үзэхээр байна.
Хэдийгээр, хариуцагч зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх боловч үүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх ашиг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд гэрээг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалснаар хариуцагч орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй тул зайлшгүй гэрээг цуцлах журмын дагуу цуцлах шаардлагатай юм.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд цаашид гэрээг талуудын хэн аль нь цуцлах, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Гоос 113,820,821 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “АК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797,254 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ