Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/712

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000698 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг Хайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүрэг *** хороо Мандал овоо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ***.

 

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Оыг “ахаа утсаар чинь эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн Samsung galaxy A10 S маркийн гар утсыг залилан авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 77/2 байрны 14 тоотоос хохирогч В.Мын эзэмшлийн Samsung galaxy A52 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Миний гар утсаар яриад өгье гэж хэлээд аваад зугтсан гэх хүн 2 дугаартай эрэгтэй мөн байна гэж Арсланбаатар овогтой Дашпүрэвийг зааж энэ залуу яг мөн байна бусад хүмүүсийг нь урьд харж байгаагүй юм байна гэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 67-75 дахь тал/

 

Хохирогч В.Мын “... 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн орой 23 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77/2 байр 14 тоот гэртээ Samsung A52 маркийн гар утсаа хамгийн сүүлд орон дээрээ тавиад хулгайд алдсан.

Тэр үед миний нөхөр А.Алтангэрэл, 9 настай хүүхэд А.Номингэрэл, миний том хүү В.Очирбат, миний төрсөн дүүгийн найз залуу Дашпүрэв нар манай гэрт байсан.

Дашпүрэв нь 23 цаг 30 минутын орчим манай гэрээс халамцуу гараад явсан. Удалгүй би гар утас байхгүйг мэдээд гэрийнхнээсээ асууж лавлахад хэн ч аваагүй гэж байсан. Миний төрсөн дүү Батдуламын найз залуу Дашпүрэв рүү 89525642 дугаар руу нь залгаж асуухад би таны гар утсыг аваагүй, би яаж мэддэг юм, тэрийг чинь гээд гар утсаа салгасан. Би түүн рүү дахиж залгахад гар утсаа унтраагаад одоог хүртэл сураггүй байна. Гар утсаа алдчихлаа гэж тэр даруйд нь 102 дугаар руу утасдаж өөрсдөө Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн.

Би гар утсаа 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайн ойролцоо байдаг гар утас лизингээр зардаг газраас 1,199,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоог хүртэл 65,700 төгрөг сар бүр төлж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Хохирогч Ч.Оын “... Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед өөрийн найзууд болох Батаа, Ариунболд нартай уулзаж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны 18 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 20 цагийн орчим гэрээсээ гараад Батаа, Ариунболд хоёр гэр рүүгээ харихаар яваад би ганцаараа ертөнцийн зүгээр хойшоогоо алхаад Хорооллын Гарьд нэртэй биллиардны газар руу орох гээд явж байхад зүс таних нэг дүүтэй таараад бид хоёр хамтдаа биллиард тоглохоор болоод Гарьд нэртэй биллиардны газар руу хамтдаа орсон.

Тэгээд тухайн газарт сул ширээ байхгүй байсан болохоор хэсэг хүлээж байгаад тэндээс гараад гэрийнхээ гадна ирсэн чинь хамт тоглох гэж байсан зүс таних залуу надаас ахаа гар утсаа өгч байгаач, дүү нь эхнэртэйгээ гар утсаар яриад эргүүлээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн гар утсаа өгсөн юм. Тэгээд миний гар утсаар ярьж байгаа юм шиг болоод алхаж байснаа надад хандаж ахаа би энэ булан руу шээчхээд ирье гэж хэлснээ алга болчихсон болохоор нь би Цагдаагийн байгууллагад хандсан.

... Би алдсан гэх гар утсаа 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хорооллын Теди худалдааны төвөөс 600,000 төгрөгөөр худалдаж авсан байсан.

... Би тухайн залууг зөвхөн зүс л танина. Урьд нь өөрийн амьдардаг 46 дугаар байрны гадна зөндөө таарч байсан. Бодвол манай байранд л амьдардаг эсвэл амьдарч байсан залуу байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 87-89 дэх тал/

 

Гэрч Б.Тилеужаны “... Таксинд суусан залуу надаас бичиг баримт гуйгаад байхаар нь би гар утсандаа байсан иргэний үнэмлэхийн зургийг ломбардны хүнд үзүүлсэн чинь болно гээд гэхдээ эд зүйлээ авахдаа таксинд суусан залууг өөрийнхөө бичиг баримттай ирээд аваарай гэж хэлээд овог нэрийг нь асуугаад утасны дугаарыг нь асуугаад байсан.

Тэр залуугийн гар утас болох Samsung A 52 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлээд ямар данс руу хийх вэ гэж асуусан. Тэр залуу би ээжийн дансыг өгье гээд нэг данс өгөөд мөнгөө дансаар авсан. Бид хоёр ломбардаас гараад машиндаа суугаад 3,4 дүгээр хорооллын эцэст АТМ дээр зогсоод тэр залуу мөнгөө аваад ирсэн. 6000 төгрөг таксины мөнгө гэж авсан. Өөр зүйл мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-723 дугаартай дүгнэлт. /хэргийн 31-35 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-723-5915 дугаартай дүгнэлт. /хэргийн 91-93 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Мишигбатын гэрт 23 цагийн үед очсон. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд гэрт нь ороод эгчийн орон дээр суугаад Samsung A 52 маркийн гар утсыг нь хэлэхгүйгээр авч гараад 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах Нар гэдэг нэртэй ломбардад 230,000 төгрөгөөр тавьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45-46 дахь тал/

“... 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд нэртэй биллиардад Отгонбаатар ахтай 20 цагийн орчим таарсан. Тэгэхэд Отгонбаатар ах хоёр найзтайгаа тоглож байсан. Удалгүй хоёр найз нь гарч яваад Отгонбаатар ах бид хоёр үлдээд хамт тоглосон. Тэндээс гараад бид хоёр 46 дугаар байр руу хамт алхсан. Тэгээд 46 дугаар байрны 2 дугаар орцны хажууд байрлах Булган хангай нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд гар утсаа өгч байгаач, эхнэртэйгээ яриад буцаагаад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Эхнэртэйгээ гар утсаар маргалдаж байгаад байрны хажууд байрлах улаан өнгийн тоосгон граж дунд орж бие засаж байгаад тэндээсээ Отгонбаатар ахад мэдэгдэлгүйгээр явсан. 47 дугаар сургуулийн 60 дугаар байранд Кинг нэртэй ломбардад уг гар утсыг 100,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар тавьсан. Авсан мөнгөөрөө зүс таних найзтайгаа Модны хоёрт байрлах Оранж нэртэй уушийн газарт пиво авч уугаад дуусгасан. ... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 105-106 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зүс таних Ч.Оын эзэмшлийн Samsung galaxy A10 S маркийн гар утсыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ахаа утсаар чинь эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэж хэлж хуурч авч явжээ.

Мөн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн орой 23 цаг 30 минутын орчим В.Мын гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77/2 байр 14 тоотод байхдаа түүний эзэмшлийн Samsung galaxy A52 маркийн гар утсыг хулгайлан авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авсан, мөн хуурч мэхлэх аргаар бусдын эзэмшлээс шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Мын эзэмшлийн Samsung galaxy A52 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 9 дэх тал/ авагджээ.

Түүнчлэн хохирогч Ч.От 200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-723-5915 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Ч.От 200,000 төгрөгийн шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтыг гарган өгсөн тул шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 37 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь урьд “Хулгайлах” болон “Залилах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан боловч уг ялыг эдлэхээс зайлсхийж байсан хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах өмгөөлөгч Б.Тэнгисийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ” гэснийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ***ийн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд хорих ялын доод хэмжээ болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэв.

Ийнхүү нэмж нэгтгэн шийдвэрлэхдээ түүний Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг хэмжээг 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ***т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийн цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ