Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/742

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Ш.Н түүний өмгөөлөгч Д.Батдулам,

хохирогч Г.Э, М.Ч- тэдгээрийн өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ш-ын Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205020910900 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, эрх зүйч, малын зоо техникч мэргэжилтэй, *** ХХК-ны захирал, *** ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүрэг *** хороо Буянт-Ухаа наадамчдын гудамж *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг *** хороо Кинг таур хотхон ***  байр *** тоотод оршин суух, Б овогт Ш-ын Н. 

 

Шүүгдэгч Ш.Н нь иргэн Г.Э-ад “Зуслангийн газар авч өгнө, чадна” гэж Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа гэх газарт аваачиж зуслангийн газар үзүүлэн” зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн *** тоот Хаан банкны дансаар 3,992,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

иргэн М.Ч-аас түүний ээж Ё.Э-ээр дамжуулан “өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж орон сууцны зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж өгнө” гэж итгэл төрүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод гэртээ байхад нь 20,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** тоот Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: “Би энэ төслийг 2017 оноос эхлэн эхлүүлж чадахгүй яваа. Үүнийг хэрэгжүүлэхээр дээд, доод шатны хүмүүст албан бичиг өгөөд явж байгаа. Кадастрын албанд ажилладаг байсан Энхтуяа гэх хүнд би 28,000,000 төгрөг өгсөн. Энэ өрөндөө надад 4 га газар өгнө гэсэн. Тэгээд би тухайн хохирогчид үзүүлсэн газрыг Энхтуяа надад зааж өгсөн юм. Тэгээд хохирогчид зарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ: “Би 2020 онд зуслангийн газартай болъё гээд Наранбаяр эгчид газар авах хүсэлтэй байна гэж 4,000,000 төгрөг өгсөн. Гэрээсээ мөнгөө шилжүүлсэн. Одоо болтол мөнгөө аваагүй байгаа. Ковид өвчин намжсаны дараа бичиг баримт нь гарна гэж байсан. Тэгээд бичиг баримтаа удахгүй гарна гээд тэр газартаа 6,000,000 төгрөгийн өртөгтэй хашааг босгосон. Гэтэл тухайн газар нь эзэнтэй газар байсан байна лээ. Тэгээд эзэнд нь хашаагаа 1,500,000 төгрөгөөр зарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ч- мэдүүлэхдээ: “Энэ хүн манай ээжийн найз нь байгаа юм. Тэгээд ээжтэй уулзаад залуу гэр бүлийг дэмжих төсөл хэрэгжээд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээл аваад 20,000,000 төгрөг Наранбаяр эгчид өгсөн. Дараа нь 6 дугаар сард Шүрт хотхонд байр үзүүлж байсан” гэв.

 

Хохирогч М.Ч-ын “... 2022 оны 5 дугаар сарын эхээр манай ээж Эрдэнэчимэг нь надад манай найз Наранбаяр залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөөр урьдчилгаа мөнгө өгөөд хүүгүй эргэн төлөлттэй байр байгаа гэж байна, урьдчилгаа нь 20,000,000 төгрөг гэж байна гэж хэлэхээр нь би ээж маань уг хүнээ өөрийнхөө найз гэхээр нь итгээд тухайн үедээ урьдчилгаа болох 20,000,000 төгрөг байхгүй байсан тул цалингийн зээл 11,000,000 төгрөг авч өөрт хадгалсан байсан 9,000,000 төгрөгөө нэмж 20,000,000 төгрөг болгоод 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө 5141092122 гэсэн данснаасаа Ш.Н-ын  *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би ч гэсэн Ш.Н эгчийг танина. Манай ээжтэй Архангай аймагт нэг газар хамт ажилладаг байсан хүн.

... Гадаадын санхүүжилттэй төрийн бус байгууллагад ажиллаж байгаа. Манайх залуу гэр бүлийг дэмжиж ажилладаг гэж хэлж байсан. Яг ямар нэртэй байгууллага гэдгээ хэлж байгаагүй.

Ш.Н нь Нисэхийн Шүрт гээд баригдаж байсан барилга дээр очоод уг барилгын ажилтантай нь уулзаад манай байгууллагаас залуу гэр бүлийг дэмжиж орон сууцжуулах гэж байгаа, танайхтай хамтар ажиллая гээд байр үзэж байгаад гарч явсан. Ш.Н-т мөнгөө байр үзэхээс өмнө өгсөн байсан. Байранд оруулж өгнө гэхээр нь итгээд өгсөн.

Мөнгө авснаасаа хойш байрны талаар ярихаар наадам болчихлоо хүлээж бай, Сонгууль болчихлоо ажилтай байна, Ковид өвчин гарчихлаа гэж худлаа хэлж хойшлуулаад байхаар нь мөнгөө буцааж авъя гэхэд мөнгө нь буцаж орж ирж байгаа, тэгэхээр нь өгнө, их хэмжээний санхүүжилт болохоор банкнаас гаргахгүй байна, гараад авчихлаа гэх мэт худлаа ярьсаар өдийг хүрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дэх тал/

“ ... Би мөнгөө интернэт банкаар 10,000,000 төгрөгөөр 2 удаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо 36 дугаар байр 38 тоотод байхдаа шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/

 

Хохирогч Г.Эын “ ... 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр хадам ээж Эрдэнэчимэг намайг зуслангийн газартай болох уу, манай нэг найз зуучилж өгч байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Наранбаяр эгчтэй баруун салаанд очиж уулзсан чинь Наранбаяр эгч хоосон газрууд заагаад эд нар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр газруудаас нь хоёр газар сонгоод энэ хоёр боломжийн юм байна гэсэн чинь мөнгөө бичиг баримттайгаа хамт өгчих гэхээр нь би 4,000,000 төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас Наранбаярын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Наранбаяр тухайн үедээ одоо 7 хоногийн дараа гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлээд одоог хүртэл алга болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/

 

Гэрч Ё.Э-ийн “... Би анх Ш.Н гэдэг хүнтэй Архангай аймгийн Дэлхийн зөн байгууллагад хамт ажилладаг байсан. Тэгээд Наранбаяр ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явсан ба би 2020 онд тэтгэвэрт гараад тус ондоо Улаанбаатар хотод ирсэн. Ингээд хотод ирээд байр сав авъя гэж бодоод байж байсан ба хөдөө байсан найз нартайгаа уулзалддаг байсан. Тэгэхэд би байр худалдаж авах бодолтой байгаа, ач зээгээ харах ажилтай байна гэж ярьсан. Тэгсэн Наранбаяр нь гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хийдэг юм, би өөрөө компанитай учраас барилгын компанитай гэрээ хийж байраа 100 хувь төлөлтөөр худалдаад авчихдаг. Ингээд залуу гэр бүлтэй хувиараа гэрээ хийдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би их зүгээр юм байна гэж бодоод хүү Чойжамцаар цалингийн зээл авхуулаад урьдчилгаа мөнгө болгоод 20,000,000 төгрөг өгчихсөн. Тэгээд санхүүжилт нь орж ирээгүй байна, Ковидын үе байсан учраас санхүүжүүлэх хүмүүс нь орж ирж чадахгүй байна гэж хэлээд байсан. Сая 4 дүгээр сард санхүүжүүлдэг хүмүүс нь ирчихлээ, Засгийн газар тухайн хүмүүсийг хүлээж авсан, ажлаа эхлэх гэж байгаа гээд яриад байсан. Ингээд надад удаа дараа худлаа яриад байгаа. Одоо сүүлдээ утас нь холбогдохоо байгаад гэртээ ч очихоо больчихсон.

... Тухайн 20,000,000 төгрөгийн эзэмшигч нь манай хүү Чойжамц болно. Манай хүү өөрөө цалингийн зээл авч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дахь тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 64-68 дахь тал/

 

Ш.Н-ын  яллагдагчаар өгсөн “... Би уг мөнгөнүүдийг авсан нь үнэн. Буцааж өгөөгүй байгаа нь үнэн. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 113-114 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ш.Н, гэрч Ё.Э- нар нь урьд хамт ажиллаж байсан бөгөөд шүүгдэгч Ш.Н нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах төслийн баригдаж байгаа орон сууцтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжтэй гэж хэлэн үүндээ Ё.Э-ийг итгүүлэн үнэмшүүлсэн ба Ё.Э- нь хохирогч болох өөрийн хүү М.Ч-, хүргэн хүү Г.Э нарт энэ талаар хэлжээ.

Ингээд хохирогч Г.Э, М.Ч- нар нь өөрсдийн орон сууц, зуслангийн газартай болох хүсэл зоригийг шүүгдэгч Ш.Н гүйцэлдүүлж чадна гэж ойлгон Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод гэртээ байхдаа хохирогч Г.Э нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3,992,000 төгрөгийг, хохирогч М.Чойжцам нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ш.Н-ын  Хаан банкын харилцах *** тоот данс руу шилжүүлэн өгчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг бөгөөд шүүгдэгч Ш.Н нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ш.Н-ын  үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрнгийг шилжүүлэн авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.Н-аас  бусдад учруулсан хохирол болох 20,000,000 төгрөг гаргуулж хохирогч М.Ч-ад, 3,992,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-ад олгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ш.Н нь хохирогч Г.Чойжамцад 16,000,000 төгрөг, хохирогч Г.Э-ад 4,000,000 төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба хохирогч нар уг мөнгийг хүлээн авсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгч Ш.Н-аас  үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ч-ад олгож, хохирогч Г.Э-ад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдуламаас шүүгдэгчид “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “.. Тэнсэж үүрэг хүлээгэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Д.Ганзориг болон хохирогч нараас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжив.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн учруулсан хохирлын хэр хэмжээ, мөн хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-ын  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эхэлсэн ба шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Н өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасаны дагуу тэрээр өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх түүний хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 4 хоног завсарлаж 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэх байсан боловч шүүгдэгч Ш.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний хаа байгаа нь мэдэгдэхгүй байсан тул шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрэн сурвалжилсан.

Ингээд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэргийг сэргээж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш-ын Ныг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ш.Н-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-ын  цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-аас  4,000,000 төгрөг гаргуулж хохирогч М.Ч-ад олгуулж, хохирогч Г.Э-ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ