Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 002

 

      Т.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн 1913003790240 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, Т овогт Т. А  /РД: 0000000/ нь  2019 оны  8 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс иргэн Т.Ж-ийн бэлчээрт байсан 3 тооны ямааг хулгайлан авч бусдад худалдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.А-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гурван сарын хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч С.Нургайып миний бие шүүгдэгч Т.А-ын хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа 180 мянган төгрөгийн үнэ бүхий 3 толгой ямаа хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан шүүгдэгч Т.А-ын үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.           

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-ыг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.Ж-ийн бэлчээрт байсан 3 тооны ямааг хулгайлан авч бусдад худалдсан гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг зөв тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.Ж-ийн бэлчээрт байсан 3 тооны ямааг хулгайлан авч бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөө тухайн гурван ямааг бэлчээрт явуулаад орой хурааж авах гэж очиход бэлчээрт байхгүй байсан. Тэгээд 10 дугаар сарын 18-ны өдөр Мусагийн Секу /хоч нэртэй/ манайд ирж “Та зун алдсан гурван ямаагаа олсон уу? Би Ногооннуур сумын Ховд багт... Д гэдэг хүний малаас таны алдсан 3 ямаа шиг ямаа харлаа” гэж хэлсэн ...М.Секуг дагуулаад 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд багт очиж Д-ын малаас 3 ямааг таньж асуухад Х.К гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. ...Харин хоёр удаа хайж очсон зардлыг Т.А өөрөө төлж өгч, надаас сайн дураараа уучлалт гуйсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

            гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Ж-ийн гэрт очиж “таны алдсан гэх гурван ямаа Ногооннуур сумын Ховд баг Д гэдэг хүний малын дотор явж байна” гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд багт очиж Д-ын малаас 3 ямааг таньж асуухад Х.К гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

            гэрч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2019 оны 8 дугаар сарын үед Т.А бид хоёр нэг ямааг 40,000 төгрөгөөр тооцож 3 ямааг 120,000 төгрөгөөр худалдаж авсан. Т.А өөрийн эзэмшлийн ямаа, эхнэрээсээ салаад саадаг хүн байхгүй болохоор нь зарж байгаа юм гэж хэлсэн." гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эгч Х.К-аас 6 ямаа худалдаж авсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 ямааг хулгайн ямаа байна гэж хурааж авсан. Тухайн үед би эгчээс нэг ямааг 60,000 төгрөгөөр худалдаж авсан тул 3 ямааны үнэ болох 180,000 төгрөгийг холбогдох хүмүүсээс гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...Уг хохирлыг Т.А бэлэн мөнгөөр бүрэн төлж өгч барагдуулсан.” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би нэг өдрийн өмнө сүргээсээ тасарч үлдсэн гурван ямааг өөрийнхөө хашаанд аваачиж хашсан байсан. Тэгээд тэр өдөр нь Х.К-д аваачиж өгөх юм бол хэн нэгэн хүн хараад хэлэх юм болов уу гэж айсандаа тэр өдөр аваачиж өгөөгүй. Харин маргааш нь орой Х.К-ийн гэрт ганцаараа туугаад аваачиж өгсөн. Би тухайн үед бусдын мал гэдгийг мэдсээр байж хулгайлж аваад бусдад худалдаж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримтыг шууд гэрчилжээ.

 

Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай байдал нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, “хар алаг зүсний зөв талын чихний урдаас ухам буруу талын чихний урдаас хэрчим эмтэй ямаа, шар зүсний зөв талын чихний араас ухам эмтэй, хар зүсний зөв талын чихний урдаас хэрчим имтэй 3 тооны ямааг” хураан авсан тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

 

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Нургайып нар гомдолдоо “180,000 төгрөгийн үнэ бүхий 3 толгой ямаа хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр  хангасан шүүгдэгч Т.А-ын үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.  

Анхан шатны шүүх Т.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.А-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150  дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гурван сарын хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоожээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн шаардлагад нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Т.А-ын 2 удаагийн үйлдэл буюу 2 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт тус тусад нь ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхдээ 3 сарын хорих ялаар сольж гэж шууд тооцсон” нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүнийн үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

 

Зүй нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмэхэд 90 хоног гарч байгаа бөгөөд ялыг хэдэн сараас эхэлж тооцох вэ гэдгээ анхан шатны шүүх бодитой тооцоогүй тулд давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоол гарсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 90 хоногийг тооцоход 2 сар 28 хоног гарч байх тул 3 сарын хорих ял биш 2 сар 28 хоногийн хорих ялыг нэмж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын  02-ны өдрийн  2019/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг: 

“3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Т.А-д Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон, уг хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 8 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтын “9 сарын хугацаагаар” гэснийг “8 сар 28 хоногийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр  үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                      Д.КӨБЕШ                                                                                               

Д.МӨНХӨӨ