Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0039

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү  

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Х” ХХК

          Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

          Нэхэмжлэлийн шаардлага: “2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25- 88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0770 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр  

          Хэргийн индекс: 128/2025/0857/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах”-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0770 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5, 59 дүгээр зүйлийн 59.3, 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүх шийдвэртээ хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөсөн агуулга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчид бичгээр гаргасан манай 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот гомдлыг хариуцагч Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 02/8038 тоот дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан хариу өгсөн.

Сангийн яам манай гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэртээ"...сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам" -ын 4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах гэж заасан байна. Танай ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна." гэх үндэслэлийг заасан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж бид үзэж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.", 59.8 "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ.", 59.9 "Захиалагч гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн байршуулах үүргийг хүлээнэ." гэж тус тус заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт заасан зохицуулалтын агуулгаас үзвэл гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаах 3 үндэслэлийг заасан. Үүнд:

- хуулийн 59.3."... гаргах гомдол үндэслэл бүхий байх",

- хуулийн 59.4."... гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байх.",

- шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдол бол.

Эдгээр үндэслэлээс бусад үндэслэлээр хуулийн 59.5 дах заалтыг хэрэглэн гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж буцаах үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа. Учир нь хуулиар тогтоосон 3 үндэслэлээс өөр үндэслэл, хэм хэмжээ, журмаар нэмж тогтоох нь хуульд нийцэхгүй гэж бид үзэж байгаа юм. Аливаа дүрэм, журам хуульд нийцэж гарах ёстой.

Нэхэмжлэгч тал энэ үндэслэлээр маргасан боловч шүүх шийдвэртээ "..хуулиар тогтоосон үндэслэлүүдэд журмаар нэмэлт үндэслэл, хэм хэмжээ тогтоосон нь хуульд нийцсэн эсэх," "нэхэмжлэгчийн үндэслэл яагаад буруу тухай" асуудлаар няцаасан дүгнэлт огт хийгээгүй тул бид энэ шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

Иймд “анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0770 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:    

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

          2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн БХБЯ/20240101043 дугаартай “Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/-н барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 585 дугаартай албан бичгээр тендерт шалгараагүй болохыг мэдэгджээ.

          3. “Х” ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор …хүлээн авна.” гэж зааснаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/25-88 дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/8038 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан байна.

          4. “Х” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан “2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг даалгах”-аар маргаж байна.

          5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Э, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0302 дугаар захирамжаар[1] захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож байна.

          6. Энэ нөхцөлд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны “2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот гомдлыг хянан шийдсэнээрээ нэхэмжлэгчид давуу байдал бий болгохгүй, сэргэх эрх байхгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

          7. Тодруулбал, нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдох гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол бөгөөд нэхэмжлэгчид нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд хандах боломж үүсжээ.

          8. Нөгөөтээгүүр, маргааны нэг үйл баримтыг 2 газар тус тусад нь шийдвэрлэх нь процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй бөгөөд шүүхийн шийдэж буй асуудлыг Сангийн яам давхар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

          9. Мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам” нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй, хүчин төгөлдөр акт учир Захиргааны ерөнхий хуульд зааснаар нийтээр дагаж мөрдөнө. Энэхүү журмыг хүчингүй болгох эсэх талаарх маргаан нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                         ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                         ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

 

         

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 84-85 дахь тал