Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 02

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч: А.Баяс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнд овогт Адъяагийн Баяст холбогдох 201615000331 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг “Цахиурт” гэх газар оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 35-05 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Мэнд овогт Адъяагийн Баяс /РД: ЙИ73120419/

Шүүгдэгч А.Баяс нь согтуурсан үөдээ 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвайн тос” шатахуун түгээх станцын орчим засмал зам дээр 71-50 УНЗ улсын дугаартай “Дайхацу” маркийн авто машин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 7 дугаар бүлгийн 7.12 дахь хэсэгт заасныг зөрчин улсын дугааргүй улаан өнгийн ЛТМ маркийн мотоцикль жолоодож явсан иргэн Э.Дэмбэрэлсүнгүрэв, уг мотоцикльд зорчиж явсан иргэн Н.Чулуунбат нарыг мөргөж иргэн Н.Чулуунбатын биед тархины доргилт, духны ясны хугарал, дух баруун чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, дух, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгний зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Баяс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ахынх хөдөөнөөс айраг ирсэн, ирж айраг уу гэсэн. Тэгээд ахынд очиж айраг уусан. Тухайн үед ахын хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн байсан юм. Тэгээд хүүхдэд нь цай хоол өгөх гээд эмнэлэг явж байгаад шатахуун түгээх станцын хойд талаар эргэх гэж байхад өмнөөс мотоцикль ирж байсан. Би амьжаад гарчих байх гээд замаар эргэтэл мотоцикль ирээд мөргөсөн. Хохирогчид хохирол төлбөрт 1.800.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Н.Чулуунбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед ахындаа очоод ахын хүү болох Дэмбэрэлсүнгэрэвээр гэртээ хүргүүлэх гээд мотоциклийнх нь араар сундлаад Арвайхээр сумын 5 дугаар баг “Арвайн тос” ШТС-ын арын төв засмал зам дээр явж байтал урд талаас машин гарч ирээд замын тусгаарласан цагаан шугам давж орж ирээд мөргөсөн. Цагаан өнгийн жижиг суудлын тэрэг байсан. Тэгээд машинд мөргүүлчихлээ гээд өөрийн төрсөн дүү Н.Охиндолгорыг утсаар дуудсан. Манай дүү цагдаа дуудсан байсан. Мотоциклийг Дэмбэрэлсүнгэрэв жолоодож явсан. Би ард нь сууж явсан. Миний толгойн гавлын яс цууралтай баруун өвдөг зэрэгт гэмтэл учирсан. Эмнэлэгт хэвтсэн зардал болох 315.000 төгрөг, томографийн зураг авахуулсны төлбөр 75.000 төгрөг төлсөн. Хааяа эм тариа авч өгдөг. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 40-41 хуудас/

Гэрч Г.Дэлгэр-Өлзий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Арвайн тос” колонк орох гээд засмал замаар дохиогоо өгчихөөд эргэтэл өмнөөс мотоцикльтой хүмүүс ирээд мөргөөд унасан. Тухайн мотоцикльтой хүмүүс хол юм шиг харагдсан. Тэгээд манай нөхөр амжих байх гээд уулзвар руу эргэх үед би мотоцикль ирж байна шүү гэж хэлэх хооронд юу юугүй мөргөлдсөн. Бид хоёр уулзвар руу эргэх гээд хурдаа хасчихсан зөөлөн явж байсан. Манай нөхөр амжчих байх гээд эсрэг урсгал руу орсноос болоод осол болчихлоо. Тэр хүмүүс ч хурдтай ирсэн. Манай нөхөр айлд айраг уусан байсан. Архи пиво уугаагүй байсан. /хх-ийн 42 хуудас/

Гэрч Э.Дэмбэрэлсүнгэрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 9 дүгээр багт манайд Н.Чулуунбат ах ирсэн. Тэгээд Ягаан толгой руу Чулуунбат ахыг хүргэж өгөх гээд би өөрийнхөө ЛТМ маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикльтой сундлаад засмал замаар явж байгаад “Арвайн тос” колонкийн харалдаа ирэх үед өөдөөс нэг машин ирж явсан. Тэгээд гэнэт эсрэг урсгал руу ороод колонкийн уулзвар руу эргэсэн. Тэр үед нь бид хоёр мотоцикльтойгоо мөргөлдсөн. Бид хоёр тухайн үедээ зөрөх гэж байгаа юм болов уу гэж бодож байтал гэнэт колонкийн уулзвар руу эргэчихсэн. Тэгээд л мөргөлдсөн. Би тухайн үед 40км цагийн хурдтай явсан. Өмнөөс ирж явсан машин их хурдан яваагүй, ажуухан явж байснаа гэнэт колонкийн уулзвар руу эргэчихсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Чулуунбат ах ч эрүүл байсан. /хх-ийн 44 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Жолооч А.Баяс нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч А.Баяс нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Э.Дэмбэрэлсүнгэрэв нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.2.а заалт “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэснийг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлөхгүй. /хх-ийн 49 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 354 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:… Н.Чулуунбатын биед тархины доргилт, дух ясны хугарал, дух баруун чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, дух, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 53 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ¹11/26, ¹11/27 дугаар үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогчоос шүүхэд ирүүлсэн хохирол төлбөр авсан тухай баримт, шүүгдэгч А.Баясын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 5-13, 19-29, 32-37, 46-47, 60-66, 73-74, 76 хуудас/

Шүүгдэгч А.Баясын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1210 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77, 79 хуудас/

Шүүгдэгч А.Баясын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Баяс нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Арвайн тос” шатахуун түгээх станцын орчим засмал зам дээр 71-50 УНЗ улсын дугаартай “Дайхацу” маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7 дугаар бүлгийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Э.Дэмбэрэлсүнгэрэвийн жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн ЛТМ маркийн мотоциклийг мөргөж, уг мотоциклиор зорчиж явсан хохирогч Н.Чулуунбатын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч А.Баясын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Чулуунбатын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед ахындаа очоод ахын хүү болох Дэмбэрэлсүнгэрэвээр гэртээ хүргүүлэх гээд мотоциклийнх нь араар сундлаад Арвайхээр сумын 5 дугаар баг “Арвайн тос” ШТС-ын арын төв засмал зам дээр явж байтал урд талаас машин гарч ирээд замын тусгаарласан цагаан шугам давж орж ирээд мөргөсөн. Цагаан өнгийн жижиг суудлын тэрэг байсан. Гэрч Г.Дэлгэр-Өлзийгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Арвайн тос” колонк орох гээд засмал замаар дохиогоо өгчихөөд эргэтэл өмнөөс мотоцикльтой хүмүүс ирээд мөргөөд унасан. Манай нөхөр айлд айраг уусан байсан. Гэрч Э.Дэмбэрэлсүнгэрэвийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чулуунбат ахыг хүргэж өгөх гээд өөрийнхөө ЛТМ маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикльтой сундлаад “Арвайн тос” колонкийн харалдаа засмал зам дээр нэг машин гэнэт эсрэг урсгал руу ороод колонкийн уулзвар руу эргэхэд бид хоёр мотоцикльтойгоо мөргөлдсөн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 354 дугаар шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ¹11/26, ¹11/27 дугаар үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, шүүгдэгч А.Баясын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч А.Баяст холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Баяс нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Чулуунбатын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Н.Чулуунбатад буцаан олгож, шүүгдэгч А.Баясын ¹945240 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,   

Шүүгдэгч А.Баясын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн, 71-50 улсын дугаартай YR-V маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Баяс нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Чулуунбатад 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Мэнд овогт Адъяагийн Баясыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч А.Баяст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Баяст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч А.Баяст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Чулуунбатын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Н.Чулуунбатад буцаан олгож, шүүгдэгч А.Баясын ¹945240 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч А.Баяс нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Чулуунбатад 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Баясын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн, 71-50 улсын дугаартай YR-V маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч А.Баяст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч А.Баясын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч А.Баяст мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баяст авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ