Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1288

 

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01288

 

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01288

 

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 625 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Т-

Хариуцагч: Э.Э-

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Сүхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Э.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг түр хугацаанд 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, уг мөнгийг хүлээлгэж өгсөн ба зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Барьцаа хөрөнгөд түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгосон.

Э.Э- нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагчаас гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг алданги 7 875 000 төгрөг, нийт 23 625 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 3 сард зээл чөлөөлөх зарын дагуу н.Мөнхжаргалтай холбогдож, уулзахад Н.Т-тай хамт ирсэн. Миний банк бус санхүүгийн байгууллагад төлөх 15 000 000 төгрөгийг тэд төлсөн өгсөн бөгөөд надад бэлнээр 15 000 000 төгөргийг хүлээлгэж өгөөгүй.

Дараа нь нотариат орж зээлийн болон барьцааны гэрээг Н.Т-тай байгуулсан. Би Н.Т-д 15 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан. Би мөнгийг бага багаар төлөх сонирхолтой байсан боловч Н.Т- надаас хүү, алданги их хэмжээгээр нэхдэг байсан. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Э-гаас 23 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх  хэсэг 375 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай ГД-0045563, Ү-2203003484 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 100 төгрөгийн 276 075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Э.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 274 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие тухайн үед амьдралын хэрэгцэээ шаардлагын улмаас яаралтай мөнгөний хэрэгцээ гарч өндөр хүү, торгууль бүхий зээлийн зах зээлийн хүү, алдангиилэрхий зөрүүтэй байхад дүгнэлт хийлгүй зээл авсан.

Зээлдэгч миний сул талыг ашиглан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зах суртахууны хэм хэмжээнд харшилсан хэт өндөр хүү, алданги бүхий зээлийн гэрээ хийхэд хүргэсэн. Мөн хүүгийн хэмжээ нь хэт өндөр, хохиролтой байх тул уг зээлийг цаашид төлөх боломжгүй байгааг анхаарч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг шүүхээс хэрэглэх боломжтой юм.

Иймд шүүхээс тогтоосон хүү 750 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Э.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 625 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Н.Т- нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Э.Э-д 15 000 000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, 5 хувийн хүү төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлөөр зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Э.Э- нь “Тэрх капитал ББСБ” ХХК-иас зээлсэн үндсэн зээл болон хүүд төлөх ёстой мөнгөн төлбөр болох 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Т-аас зээлэн авч төлсөн үйл баримт нь талуудын тайлбар, болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч Э.Э- нь нэхэмжлэгч Н.Т-д зээлийн төлөлт огт хийгээгүй талаар талууд маргаагүй.

 

            Зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүд 750 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 7 500 000 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас 23 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Харин талууд мөн өдөр зээлдэгч Э.Э-гийн хамтран өмчлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх боловч мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэрийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай, ГД-0045563, Ү-2203003484 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан боруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 146 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА