Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00611

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00611

 

 

 

Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1982 дугаар магадлалтай,

Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Жэй траст кредит ХХК-д холбогдох

 

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох, автомашины урьдчилгаанд төлсөн 57,440,000 төгрөг, автомашинд хийсэн нэмэлт тоноглолын үнэ 14,210,000 төгрөг, нийт 71,650,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь хариуцагч Жэй траст кредит ХХК-д  холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашины урьдчилгаанд төлсөн 57,440,000 төгрөг, автомашинд хийсэн нэмэлт тоноглолын үнэ 14,210,000 төгрөг, нийт 71,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5, 56.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баярсайхан хариуцагч Жэй траст кредит ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ФГМ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Жэй траст кредит ББСБ-аас 66,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 744,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жэй траст кредит ББСБ ХХК-аас 488,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгохоор шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1982 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасныг баримтлан Жэй траст кредит ББСБ ХХК болон Ч.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот Зээлийн гэрээний 2.14 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Жэй траст кредит ББСБ ХХК-аас 22,495,595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот Зээлийн гэрээний бусад хэсгийг болон 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ФГМ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 49,154,405 төгрөгт холбогдох нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 488,700 гэснийг 270,428 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 1982 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим хуульчлагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9 дэх хэсгүүдийг үндэслэл болгон талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улмаар 56.5 дахь хэсгийн дагуу өгсөн авснаа буцаах шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч уг шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлахдаа, хууль тогтоомжид заагдаагүй хугацаа хэтрүүлсний хүү" гэж гэрээнд заасан байгаа нь хууль зөрчсөн гэдэг агуулгаар тайлбарлаж байсан болохоос, Иргэний хуулийн 200, 201-р зүйлийн Гэрээний стандарт нөхцөл, түүнийг тайлбарлах зохицуулалтыг үндэслэн зээлийн гэрээний 2.1.4 дэх заалт тодорхой бус, ойлгомжгүй, аж ахуй эрхлэгч гэрээнд тухайн нөхцөлийг шууд ойлгомжтойгоор заагаагүй гэх мэт байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан, үндэслэлээ гаргаж тавьсан зүйл анхан болон давж заалдах 2 шатны шүүх дээр аль алин дээр байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гомдлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын огт хэлж яриагүй, тайлбарлаж мэтгэлцээгүй хууль зүйн үндэслэл, байр суурийг нэхэмжлэгчийн өмнөөс гэнэт гаргаж ирэн, гомдлыг шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 6.6 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн.

Магадлалд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцсон гэж тайлбарласан боловч талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой ойлгомжтой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, Хугацаа хэтрүүлсэн хүү жилийн 18.00% /сарын 1.5%/ гэж заасан нь талууд хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтэрсэн зээлийг хүүг төлөхөөр хуульд нийцүүлэн тохиролцсон гэж үзэх боломжгүй. Стандарт нөхцөл бүхий гэрээнд ийнхүү тодорхой бус заалт оруулсанд нэхэмжлэгч буюу зээлдэгчийг буруутгах боломжгүй. Үндсэн хүүгийн хэмжээ сарын 1.25 хувь байхад хугацаа хэтрүүлсэн хүү 1.5 хувь гэж заасан нь дээрх хуулийн заалт зөрчиж байгуулсан хэлцэлд хамаарна" гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, ИХ-ийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 24.3-т "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Зээлдэгч эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний хариуцлагын зорилгоор нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй байх хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, ИХ-ийн 452.2 болон БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 24.3 дахь заалтуудыг зөрчсөн гэдэг дүгнэлт хийхийн тулд эдгээр зүйлд заасан 20%-ийн хэмжээг хэтэрсэн хувь хэмжээгээр гэрээнд нэмэгдүүлсэн хүү тогтоосон тохиолдолд л яригдах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээний стандарт нөхцөл тодорхой бус, ойлгомжгүй тогтоосон, хэрэглэгч буюу зээлдэгчид ойлгомжгүй нөхцөл бүхий гэрээний заалт гэсэн тайлбар /хуульд заасан нэмэгдүүлсэн хүүний 20%-ийн хэмжээг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт байхгүй, угаасаа ийм үйл баримт байхгүй/-аар ИХ-ийн 452.2 болон БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж буруу дүгнэсэн. Угтаа бол талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд жилийн 15 хувь, эргэн төлөлтийн график зөрчигдвөл тус хэтэрсэн хугацаанд хамаарах хэтэрсэн хугацааны хүү 15%+ нэмэгдүүлсэн хүү-3% /15-ын 20% нь 3 болох/ нийт 18% үүнийг хамтад нь хугацаа хэтрүүлсний хүү гэсэн томьёоллоор нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн зохицуулалт, хувь хэмжээг оруулсан нь ИХ-ийн 453.1-т заасан зохицуулалтад бүрэн нийцсэн. Дээрх ИХ-ийн 452.2 болон БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 24.3-т заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтыг бүрэн баримталсан гэрээний нөхцөл байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хуульд заасан 20 хувийн хязгаарыг зөрчөөгүй хүүгийн хэмжээг тогтоосон байхад гэрээний 2.1.4 дэх заалт нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэх шалтгаанаар 20 хувийн хязгаар тогтоосон заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу. Гэрээний нөхцөл, утга, үг хэллэг тодорхой бус гэдэг шалтгаан нөхцөл нь ИХ болон БЭБХЭМХТТЗҮАтХ-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн 20 хувийн хэмжээг тогтоосон заалтыг зөрчсөн эсэх асуудал дээр огт яригдах ёсгүй. Дахин хэлэхэд, ИХ-ийн 452.2 болон БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 24.3-т заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт хийх гэж байгаа бол тэнд заавал гэрээний заалт хуульд заасан 20 хувийн хэмжээг хэтрүүлсэн гэх үйл баримт байх ёстой. Давж заалдах шатны шүүхээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нийлбэрээр нь жилийн 18% /үндсэн хүү 15%, нэмэгдүүлсэн нь түүний 20 хувь буюу 3%/ сарын 1.5% /үндсэн хүү 1.25%, нэмэгдүүлсэн нь түүний 20 хувь буюу 0.25%/ гэж тогтоосон байгаа нь ойлгомжгүй буюу нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан хэмжээгээр тохиролцсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлт хийлгүй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээ цуцлагдаж, барьцаа автомашиныг хураалгасны хариу болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү хэд хэдэн хувь болох, зээлийн гэрээний 2.1.4-т заасан хугацааны хэтрүүлсний хүү болох жилийн 18 хувь, сарын 1.5 хувь гэдэг нь ямар хүүгийн нийлбэр, задаргаа болох талаар бүрэн ойлголттой байсан бөгөөд гэрээ байгуулж, Ланд крузер-200 маркийн автомашин худалдан авах мөнгөө хариуцагчаас зээлэх үедээ гэрээний нөхцөл, хүүгийн хэмжээг бүрэн ойлгож, мэдсэний үндсэн дээр гэрээг хүлээн зөвшөөрч, байгуулсан байдаг. Нөгөө талаас, Монгол Банкнаас баталсан банк, санхүүгийн байгууллагаас олгох зээл дээр ашиглах нэмэгдүүлсэн хүү бодох аргачлал, журам зэрэг нийтэд нээлттэй байдаг. Хариуцагч ББСБ-ын хувьд ч өөрийн мэдээллийн сувгуудаар зээлийн бүтээгдэхүүний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ил тод, ойлгомжтой, тодорхойгоор харилцагч, үйлчлүүлэгч нар мэдээлдэг зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй байх ямар ч нөхцөлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс барьцаа автомашин /Ланд крузер-200/-д нэхэмжлэгчийн хийсэн нэмэлт гоёл, тоноглолын зардал болох 8,430,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэхдээ ИХ-ийн 94.3 дахь хэсэг Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй" гэсэн зохицуулалтыг үндэслэл болгосон. Энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан. Талуудын хооронд ИХ-ийн 235-р зүйлд заасан Фидуцийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэхэмжлэгч зээлээр худалдан авсан Ланд крузер-200 маркийн автомашиныг хариуцагч /зээлдүүлэгч ББСБ/-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаанд тус автомашины хууль ёсны өмчлөгч, гэрээнд заасан нөхцөлийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээд нь хариуцагч байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн сонирхол, хоббины дагуу унаж буй машиндаа хийсэн гоёлын нэмэлт тоноглол /машины гоёлын хормой, спойлер, гишгүүр, гадны хальс наалт/-ыг эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зарцуулсан зардал хэмээн гаргуулсан нь буруу шийдвэр болсон. Машин жолоодож буй этгээдийн хүсэл, хоббины дагуу машинд хийсэн гоёл чимэглэлийн зардлыг түүнийг арчлах, засварлахад зарцуулсан зардалтай адилтгаж үзэх боломжгүй. Угаас, фидуцийн гэрээний хугацаанд фидуцийн зүйлийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар тохиролцож, зээлдэгч машиныг унаж, хэрэглэх харилцаанд ИХ-ийн ерөнхий ангид заасан шударга эзэмшигчийн ойлголт огт яригдах ёсгүй бөгөөд зөвхөн үндсэн үүргийн гэрээний дагуу үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөх эрхийг шилжүүлсэн эд хөрөнгийн өмчлөгч, ашиглагчийн асуудал яригдах учиртай. Гэтэл хариуцагчийн өөрийн дураар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, зөвхөн өөрийн сонирхлын дагуу хийсэн гоёл чимэглэл, тоноглолын зардлыг ИХ-ийн 94.3-ыг үндэслэл болгон тухайн автомашиныг хадгалах, арчлах, засах зорилгоор зайлшгүй гарах байсан мэтээр дүгнэж /тухайн машин осол аваарьт орсны улмаас зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан зэрэг тохиолдлыг бол хүлээн зөвшөөрч болно/, тус зардлыг хариуцагчаар төлүүлэх дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан алдаа гаргасан бөгөөд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөнд зайлшгүй шаардлагатай гэж үзэх ямар ч үндэсгүй гоёлын тоноглол, чимэглэлийн зардлыг энэ талаар зөвшөөрөл өгөөгүй хариуцагч төлөх үүрэг хүлээх ёсгүй. Харин ч эсрэгээрээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох автомашиныг хариуцагч нь анхны байсан хэвээр нь шаардан гаргуулах эрхийг эдлэх нь гэрээний зарчимд нийцнэ. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт хийх хугацаа, үндсэн хүүгийн хувь хэмжээ, нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх үүрэг зэрэг нь тодорхой тусгагдсан бөгөөд гэрээ нь 2.1.4 дэх заалтыг эс тооцвол гэрээний бусад бүх нөхцөл, заалт хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг тогтоосон 2.1.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэн, уг хүчин төгөлдөр бус заалт дээр үндэслэн зээлдэгчээр төлүүлсэн 14,065,595 төгрөгийн төлбөрийг буцаан өгөх ёстой гэж дүгнэхдээ тус төлбөр дотор зээлдэгчээр төлүүлсэн үндсэн хүү багтсан байсныг үл ойшоож, дээрх 14,065,595 төгрөг нь бүхэлдээ нэмэгдүүлсэн хүүний төлбөр мэтээр хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Тодруулбал, зээлийн гэрээний хүчин төгөлдөр заалт болох 2.1.3-ын дагуу эргэн төлөлтийн график хоцорсон хугацаанд хамаарах сарын 1.25%, жилийн 15%-иар бодогдсон хүү 11,614,642.59 төгрөгийг хариуцагчаар буцаан төлүүлэхээр шийдвэрлэж, алдаа гаргасан. Тодруулбал, 14,065,595 төгрөг дотор гэрээний 2.1.3-т заасан хүүгийн хэмжээгээр буюу сарын 1.25% болох үндсэн хүүгийн хэмжээгээр бодогдсон 11,614,642.59 төгрөгийг зээлдэгчээр төлүүлэх эрх Зээлдүүлэгч буюу хариуцагчид байсан. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 1982 дугаартай магадлал болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь хариуцагч Жей траст кредит ББСБ ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгож, автомашины урьдчилгаа болон зээл төлсөн 57,440,000 төгрөг, Ландкрузейр 200 машинд хийсэн нэмэлт тоноглолын төлбөр 14,210,000 төгрөг, нийт 71,650,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч, бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

 

6. Анхан шатны шүүх 2018.05.30-ны өдрийн ЗГМ18/38 тоот зээлийн гэрээ, 2018.05.30-ны өдрийн ФГМ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Жэй траст кредит ББСБ-аас 66,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, 2018.05.30-ны өдрийн ЗГМ18/38 тоот Зээлийн гэрээний 2.14 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Жэй траст кредит ББСБ ХХК-аас 22,495,595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018.05.30-ны өдрийн ЗГМ18/38 тоот Зээлийн гэрээний бусад хэсгийг болон 2018.05.30-ны өдрийн ФГМ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 49,154,405 төгрөгт холбогдох нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.05.30-ны өдөр №ЗГМ18/38 тоот зээлийн гэрээ, №ФГ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулагдаж, 133, 875,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 1,25 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хүү сарын 1,5 хувь, зээлийн зориулалт нь автомашины зээл байхаар тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн.

 

8. Хариуцагчийн зүгээс Ландкруйзер 200 маркийн суудлын автомашиныг зээлийн төлбөрт тооцох үед зээлдэгч 119,611,046.18 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан, зээлийн гэрээний үүрэгт 38,815,000 төгрөгийг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ тухайд маргаагүй байна.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцсон гэж тайлбарласан боловч талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой ойлгомжтой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, Хугацаа хэтрүүлсэн хүү: жилийн 18.00%, сарын 1.5% гэж заасан нь талууд хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтэрсэн зээлийн хүүг төлөхөөр хуульд нийцүүлэн тохиролцсон гэж үзэх боломжгүй. Стандарт нөхцөл бүхий гэрээнд ийнхүү тодорхой бус заалт оруулсанд нэхэмжлэгч буюу зээлдэгчийг буруутгах боломжгүй. Үндсэн хүүгийн хэмжээ сарын 1.25 хувь байхад хугацаа хэтрүүлсэн хүү 1.5 хувь гэж заасан нь дээрх хуулийн заалт зөрчиж байгуулсан хэлцэлд хамаарна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсний хүү нь жилийн 18.00 хувь байна гэдэг заалтыг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтатган нийлүүлж тогтоосон гэж тайлбарласныг гэрээний 2.1.4 дэх заалтыг аж ахуй эрхлэгч этгээд иргэнтэй байгуулж байгаа гэрээнд уг нөхцөлийг шууд ойлгогдохоор заагдсан гэж үзэхгүй, Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх гэрээний заалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн зээлдүүлэгч хуульд заасан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан үр дагаврыг үүсгэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

11. Зээлдэгч, зээлдүүлэгч нар гэрээний гол нөхцөл болсон зээлийн хэмжээ, зээлийг төлөх үүрэг, зээлийн гэрээний хариу төлбөр буюу үндсэн хүүг харилцан тохиролцон талууд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний зарим хэсгийн заалт хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байгаа нь уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

12. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгч хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл хүү төлнө гэж тохирсон, үүний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан авахаар шаардах эрхгүй юм.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хууль хэрэглээний хувьд зөв гэж үзнэ.

 

13. Зээлдэгч нь гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас фидуцийн гэрээний зүйлийг үүргийн гүйцэтгэлд тооцож авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх гэрээ дуусгавар болж, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 119,611,046.18 төгрөг фидуцийн зүйлээр төлөгдөж дуусах юм.

 

14. Нэхэмжлэгч нь 01-06 УБР улсын дугаар бүхий Ландкрузейр 200 маркийн автомашиныг эзэмших, ашиглах явцдаа засан сайжруулалт хийж, хаалганы доторлогооны 280,000 төгрөг, хос хормой, гишгүүр, спойлерийн 2,150,000 төгрөг, Xpel хальс 6,000,000 төгрөг, 3D шалавчийн 280,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, хариуцагч дээрх нөхцөл байдлыг баримтаар няцаагаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь автомашины хувьд шударга эзэмшигч байсан, уг автомашин хариуцагчийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжсэн байсан тул салгаж үл болох засан сайжруулалтын үнийг шаардах эрхтэй буюу хаалганы доторлогоо, хос хормой, гишгүүр, спойлерийн, Xpel хальс зэргийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт  нийцжээ.

 

15. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэж дүгнэн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангагдахгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

16. Ч.Баярсайхан нь 2018.05.30-ны өдөр Таван богд ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 23,625,000 төгрөгийг худалдагч болох Таван богд ХХК-д төлсөн байх тул хариуцагч байгууллагад шилжүүлсэн мөнгө гэж үзэн гаргуулах үндэслэлгүй гэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

 

17. Зээлийн гэрээний 2.14 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагчаас зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 14,065,595 төгрөг, засан сайжруулалтын үнэ 8,430,000 төгрөг, нийт 22,495,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1982 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 270,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН