Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/01071

 

 

 

 

 

 

 

                           2020         03       31                             

                               101/ШШ2020/01071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХП000 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, бага тойруу гудамж, галын депо 00 байр00 тоотод оршин суух, Чорос овогт Га-ийн Б-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ШУ00000регистрийн дугаартай,Баянзүрх дүүрэг 000 дүгээр хороо, цайз 00а гудамж, 000 тоотод оршин суух, Засагт хайрхан овогт Даваадоржийн Бд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б миний бие 2011 онд Д.Бтай танилцан 2012 онд гэрлэлтийн 0225139 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 онод 4-р сарын 3-ны өдөр охин Мишээл төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эх Г.Болор-Эрдэнийн асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Мишээл миний асрамжид үлдээж эцэг Д.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бтэй 2012 онд гэрлэлтийн 0225139 тоот баталгаагаар бүргүүлж гэр бүл болсон. Г.Бтэй эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Д.Мишээлийг харж хандаж эцэг хүний үүргээ биелүүлэх болно. Г.Б гаргасан нэхэмжлэлтэй танилцаж зөвшөөрч байна. Тийм учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Д.Б нар нь 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад Г-011 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.Мишээл төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9, 10 дахь талд/

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Г.Б, Д.Б нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн өргөдөл гаргагч Г.Болор-Эрдэнийн өргөдлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 5 дахь талд/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

     Гэрлэгсэд 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Одоо охин Б.Мишээл 6 настай, эх Г.Болор-Эрдэнийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Энэрэнгүй үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 6 дахь талд/

          Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Б.Мишээлийн асрамжийн талаар мараагүй эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зохицуулснаар охин Б.Мишээлд хуульд зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр охин Б.Мишээлд тэтгэлэг тогтоон эцэг Д.Бгаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

Охин Б.Мишээлийг эхийн асрамжид үлдээсэн нь эцэг Д.Бгийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Г.Б нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон           

                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чорос овогт Ганхуягийн Б, Засагт хайрхан овогт Даваадоржийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийг эх Г.Болор-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 107,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                            Л.ЭНХЖАРГАЛ