Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/731

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2305000000984 тоот дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эмэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *******,******* тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 749 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд нэг өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч ******* цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 27-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч *******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 27-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч *******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8-р хороо “Кореа таун” хотхоны орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 350.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Г.Баттулгыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******, 10-р хорооллын автобусны буудал орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 160.000 төгрөг, бэлнээр 140.000 төгрөг авч залилсан,

- Хохирогч Г.Хишигдоржийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн , тоот гэртээ байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Д.Гандолгорыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *******ны нутаг дэвсгэр 10-р хорооллын автобусны буудал дээр байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч С.Отгонбаярыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн эмнэлгийн гадна байхад нь Төрийн банкны ******* тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч бусдад нийт 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“... би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк хаягаараа түрээсийн байр түрээсэлнэ гэсэн пост оруулсан хүмүүстэй утсаар яриад байр сонирхож байтал “Real pcy” гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч “10-р хорооллын автобусны буудлын хойд талд нэг өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн пост оруулсан байхаар нь тухайн хүнтэй чат бичээд 25-р эмийн сангийн автобусны буудал дээр уулзахаар болоод байр түрээсэлнэ гэсэн хүнтэйгээ уулзсан. Тэгээд урьдчилгаа 200.000 төгрөгөө Төрийн банкны ******* дугаарын тоот данс руу шилжүүлсэн тэгээд байраа 05 сарын 14-ний өдөр үзэхээр болоод салцгаасан. Өнөөдөр “Real pcy” гэсэн фейсбүүк хаягтай хүн рүү чат бичээд “байраа үзье” гэсэн чинь хариу өгөөгүй залгахаар утсаа авахгүй байсан. 20-25 орчим насны махлаг шар дугуй царайтай нүдний шилтэй эмэгтэй охин ирж уулзсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 02 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч *******гийн:

“...2023 оны 04 сарын 18-ны өдөр 13 цагийн үед фейсбүүк-д “1 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын групп дээр “Miyenonssi MI” гэсэн хаягаас “10-р хорооллын автобусны буудлын хойд талын байранд нэг өрөө түрээсэлнэ” гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухайн зар тавьсан байсан хүний хаяг руу чат бичээд байр үзэхээр болоод 10-р хороололд уулзаад түрээслэх гэж байгаа байраа “энэ байна” гээд заасан тэгээд ороод үзэх гэж байсан чинь “тухайн байрны өрөөнд өөр хүмүүсийн түрээс нь дуусаагүй байсан учраас оруулж үзэх боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ бид хоёр 25-ын замын урд талын автобусны буудлын урд байдаг Тайж нэртэй зочид буудлын хажууд Си юү руу ороод бид 2 нэгэнтэйгээ танилцаад ойр зуурын юм ярьж байгаад мөнгөө шилжүүлэх болоод би 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь нөгөө хүн рүү чат бичээд “хаана уулзаж байгаад гэрээгээ хийх бэ” гэж асуусан чинь намайг “Шар хадны тийшээ хүрээд ир” нэг бол “буцаад 10-р хороололд хүрээд ир” гээд намайг төөрүүлээд байх шиг байсан тэгэхээр нь би “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь намайг “дансаа явуулчих” гээд данс авснаас хойш надтай ерөөсөө уулзаагүй. Би өөрийн Голомт банкны тоот данснаас Төрийн банкны ******* тоот дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Голомт банкны тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй баримт /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Хохирогч *******гийн:

“... 2023 оны 04 сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод хүүхдээ эмчилгээнд үзүүлчхээд явж байх үед манай найз над руу фейсбүүк хаягаараа “хорооллын эцсийн энд Korea town гэсэн байранд байр түрээслүүлнэ гэсэн зар явж байна байр хайж байсан биз дээ” гэж чат ирсэн. Тэгэхээр нь явуулсан зар луу нь ороод харсан чинь гайгүй байр шиг харагдаад байхаар нь түрээслэхээр болоод тухайн зар тавьсан байсан Солонгос нэртэй Soyyung Imnida гэх хаяг руу нь чат бичээд “байраа очиж үзэж болох уу” гэж асуухад “болно гэхдээ урьдчилгаа мөнгөө хийж байж та нарт байрны орц хаалганы дугаарыг нь хэлж өгнө” гэсэн. Тэгэхээр нь бага зэрэг хар төрөөд нөгөө хүнээ “над руу иргэний үнэмлэхийн зургаа явуулчих” гэж хэлсэн чинь намайг “эхлээд мөнгөө хийвэл иргэний үнэмлэхийн зураг болон байрны орцны дугаар хаалганы дугаарыг нь хэлж өгье” гээд байхаар нь урьдчилгаа мөнгө гэж 350.000 төгрөгийг шилжүүлсэн тэгэхэд тухайн хүн над руу “маргааш холбогдоорой” гээд утасны дугаар өгөөд ярьж байгаад байрныхаа түлхүүрийг аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь нөгөө хүнийхээ утасны дугаар луу залгаж үзэхэд холбогдохгүй фейсбүүк хаягаар чат бичихээр харахгүй байгаад байсан тэгээд залилуулсан гэдгээ ойлгоод тухайн хүн рүү дахиж холбогдоод “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь “удахгүй мөнгө орж ирэхээр нь өгье” гэж хэлсэн ба удахгүй над руу 50.000, 100.000, 50.000 төгрөгөөр цувуулж өгөөд 150.000 төгрөгийг өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Хохирогч :

“...Би 2023 оны 04 сарын 06-ны өдөр фейсбүүк ээр Энхсувд Отгонцэцэг гэсэн фейсбүүк хаягаас “10-р хороололд байр түрээслүүлнэ” гэсэн зар явж байсан. Тэгэхээр нь тухайн зар луу ороод харахад “10-р хороололд нэг өрөө байр 750.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн байсан тэгээд тухайн хүнтэй чатлаад “байраа хаана очиж үзэж болох уу” гэж асуухад “10-р хороололд үзэж болно уулзаж байгаад үзүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10-р хорооллын хойд талын автобусны буудал дээр хүрч ирээд нөгөө хүнтэйгээ уулзахад нэг охин хүрч ирсэн ба “байр нь хаана бэ” гэж асуухад автобусны буудлын хойно байгаа цэнхэр угсармал 9 давхар байрыг заагаад “тэнд байгаа байр” гэж хэлсэн “очиж үзье” гэж хэлэхэд “байранд өмнөх түрээслэгч нь байгаа маргааш нөгөөдрөөс хугацаа нь дуусаж байгаа тэр үед нь очоод үзүүлье” гэж хэлсэн. Тэгээд түрээслэхээр болоод 10-р хорооллын хойд талын автобусны буудал дээр нөгөө хүн лүүгээ урьдчилгаа мөнгө гээд 160.000 төгрөгийг Төрийн банкны данс руу нь шилжүүлээд бэлэн 140.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш тэр хүнтэй холбогдох гээд чадахгүй байхаар нь залилуулсан гэдгээ ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна. “...би өөрийн Хаан банкны данснаас 5919100285 тоот данснаас Төрийн банкны ******* тоот дугаарын данс руу 160.000 төгрөг шилжүүлсэн бэлнээр 140.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Хохирогч :

“... 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр өглөө 10 цагийн үед фейсбүүк групп-ээр “байр түрээслүүлнэ” гэсэн зарын групп руу ороод хайгаад байж байхад “Korea town тэнд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар явж байсан. Тэгээд тухайн зар тавьсан хүн лүү чат бичээд “байр түрээсэлье” гэсэн чинь тухайн хүн надаа утасны дугаараа өгсөн тэгээд тэр хүнтэй яриад мэдээлэл авч байсан чинь “өнөөдөр чамаас гадна дахиад нэг авах гээд үзсэн байгаа тэрнээс өмнө мөнгөө хийчихвэл чамд түрээслүүлье” гэж хэлсэн тэгэхээр нь би “урьдчилгаа мөнгө гээд 500.000 төгрөг шилжүүлсэн тэгээд маргааш байрандаа ороорой” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь уулзах ёстой газраа очоод нөгөө хүн лүүгээ чат бичсэн чинь “очиж амжихгүй байна” гэж хэлсэн ба надад хэлэх үедээ “өмнө түрээслэх ёстой байсан хүмүүс нь гараагүй байна маргааш ирээд байрандаа орчих” гэж хэлсэн ба “үлдэгдэл мөнгөө хийчих” гээд байхаар нь 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө хүн лүүгээ чат бичээд залгаад үзсэн чинь утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

Хохирогч :

“... фейсбүүкээр байр түрээслэх гээд зар хайгаад явж байсан Syuung Imsimida гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “10-р хороололд 1 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэсэн зар байсан. Тэгээд тухайн зар луу ороод зар тавьсан хүнтэй чатлаад байраа түрээслэхээр болоод нөгөө хүнтэйгээ 10-р хороололд уулзахаар болсон. Тэгээд уулзаад “түрээслэх гэж буй байраа харъя” гэж хэлсэн чинь “өмнөх түрээслэх хүн нь маргааш гарна тэгэхээр очиж үзээрэй одоо урьдчилгаа мөнгөө өгөх юм бол маргааш хүрч ирээд байрны түлхүүрээ аваарай” гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн рүү 10-р хорооллын хойд талын автобусны буудал дээр байх үедээ нөгөө хүнийхээ Төрийн банкны данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш нөгөө хүнтэйгээ холбогдох гээд чат бичээд дугаар луу нь залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан тэгээд залилуулсан гэдгээ ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна. “...би найз Энхтайван овогтой Гантогтохын Хаан банкны **********тоот данс руу байр түрээслэх гэж байсан гэж мөнгөө шилжүүлж байгаад нөгөө хүний данс руу шилжүүлэг хийлгүүлсэн. “...утган дээрээ 99986564 түрээс гээд шилжүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

Хохирогч :

“...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүк дээрээс “байр түрээсэлнэ, түрээслүүлнэ” гэсэн зарын групп дээрээс “хороололд байр түрээслүүлнэ” гэхээр нь залгаж, ярихад “модны-2 Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн үүдэн дээр хүрээд ир” гэхээр нь яваад очтол нэг хүүхэн байж байсан. Тухайн хүнтэй уулзаад ярьж байтал “байранд хүмүүс орно гээд байна хэн нь түрүүлж урьдчилгаа өгсөнд түрээслүүлнэ” гэхээр нь “байрыг чинь үзье” гэсэн чинь “айл нь гараагүй байна өглөө айл нь нүүнэ” гэсэн. Тэгээд “өглөө ирээд орчих” гэж хэлсэн. Тэгээд “урьдчилгаа өгчих” гэхээр нь “тэгье” гээд төрийн банкны ******* дугаартай ******* гэх дансанд байрны урьдчилгаа гээд 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “маргааш өглөө нь уулзъя, ярья” гээд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө утас руугаа залгатал холбогдохгүй байсан. Тухайн хүн 160-165 орчим см өндөртэй, махлагдуу, би жирэмсэн төрөн дөхсөн гэж хэлж байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 167 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 2.050.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт тус тус олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь: 

үргэлжилсэн үйлдлээр “10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд нэг өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч ******* цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 27-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- Хохирогч *******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 27-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Голомт банкны дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгаар,

- Хохирогч *******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8-р хороо “Кореа таун” хотхоны орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 350.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- Хохирогч ******** цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******, 10-р хорооллын автобусны буудал орчим байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 160.000 төгрөг, бэлнээр 140.000 төгрөг авч залилсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- Хохирогч ************* цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн , тоот гэртээ байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- Хохирогч ***************цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *******ны нутаг дэвсгэр 10-р хорооллын автобусны буудал дээр байх үед нь Төрийн банкны ******* тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр,

- Хохирогч *************** цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн эмнэлгийн гадна байхад нь Төрийн банкны ******* тоот дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ************** эзэмшлийн Хаан банкны **************дугаартай дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах” гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гандолгорт 300.000 төгрөгийн, хохирогч Г.Баттулгад 300.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байна.

Харин хохирогч *******д 350.000 төгрөгийн хохирол учирснаас 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул үлдэх 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, хохирогч Л.Мөнхдалайд 200.000 төгрөг, хохирогч *******д 500.000 төгрөг, хохирогч Г.Хишигдоржид 700.000 төгрөг, хохирогч С.Отгонбаярт 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас нийт 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй болон урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний 749 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, нийт 33 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000984 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, нийт 33 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар, 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхдалайд 200.000 төгрөг, хохирогч *******д 500.000 төгрөг, хохирогч Г.Хишигдоржид 700.000 төгрөг, хохирогч С.Отгонбаярт 500.000 төгрөг, хохирогч *******д 150.000 төгрөгийн тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ