Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/748

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батдулам,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020620865 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Г*******”-д мэдээгүйжүүлгийн их эмч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 8-р хорооны “Намуун дэнж” хотхоны 37-р байрны 46 тоотод оршин суух,

- урьд Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах “Г*******”-ийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд “зүүн хөлийн шилбэнд хадуулсан түгжээт хадаасыг авах” мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10-т заасан “мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг” хийх, мэдээгүйжүүлгийн үеийн хяналт болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан мэдээгүйжүүлэгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийж, хуудсыг бөглөөгүй, хагалгаанд орохын өмнөх харшлын анамезын талаар асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн мэдээгүйжүүлэг хийсний дараа эмийн харшлын урвал илэрсний улмаас нас барсан гэх үйлдэлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өвчтөнд мэдээ алдуулалт хийхэд харшлын урвал өгч улмаар таталт өгч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байхдаа нас барсан. Миний бие өвчтөнд мэдээгүйжүүлэг хийхдээ хууль, журам, стандартад заасан ажиллагааг хийсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл “ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д М.Мөнхцэцэг нас барлаа..” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******:

“...2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд осолд ороод ...нарийн шилбэ нь хөндлөн хугарч, “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д Галт эмчийн хяналтад ...хөлийн шилбэ яс хадуулах хагалгаанд орсон. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр талийгаач маань Улаанбаатар хотод ирж “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д үзүүлээд ...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ...10:30 минутын орчимд хагалгаанд орохоор болсон гэсэн. Би хүлээгээд байж байхад 19 цагийн орчимд манай хамаатны Тогоохүү над руу яриад “Энэ хүүхэд чинь бүтэхгүй болсон байна шүү дээ, бушуухан ирээрэй” гэж хэлсэн ...00:00 цагийн орчимд Тогоохүү над руу яриад нас барчихлаа гэсэн ...охин маань 8 настай, 2 настай 2 хүүхэдтэй, ээжийгээ харуулдаж хараад хэцүү байна. Хохирлоо нэхэмжилж байна гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Гэрч *******:

“...Миний төрсөн дүү болох Төмөртогоогийн охин болох нь М.Мөнхцэцэг 2 жилийн өмнө зүүн хөлийнхөө шилбэ ясыг хугалаад хадуулах мэс ажилбар хийлгэж байсан сүүлийн үед хадуулсан шилбэнээс идээ буглаа үүсээд байна гэж яриад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь хэвтэн эмчлүүлж, 5 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Галт эмч хэлсний дагуу хагалгаанд орохоор болсон. ...дүүтэйгээ уулзах гээд очиход хагалгаанд оруулахаар аваад явсан байсан. ...13 цагийн үед Галт эмч над руу залгаад Мөнхцэцэгийн талаар хэлэхдээ сая мэс заслын үеэр Мөнхцэцэгт мэдээгүйжүүлэлт хийсэн чинь эмийн бодисын харшил өгөөд дөнгөж хийтэл доошоо өвдөөд байна гээд Мөнхцэцэг орилсон, ...унтуулгын эмч Ариунболд эмээс харшилсан ...унтуулчихсан байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч *******:

“....Мөнхцэцэг гэх иргэн нь 2018 онд надаар мэс засал хийлгэж, 2020 оны 05 дугаар сарын сүүлчээр манай эмнэлэг дээр ирээд намайг таниад “та өмнө нь намайг эмчилж байсан эмч байна” гээд баярлаж байсан. Би уг хүнийг эхлээд хараад бол таниагүй өмнөх картыг нь харахад миний эмчилсэн хүн байсан. Мөнхцэцэг нь өмнө нь 2018 онд мотоциклоос унаж гэмтсэн ирж шилбэндээ мэс засал хийлгэж түгжээт хадаас хадуулсан байсан. Ингээд сая ирсэн шалтгаан нь уг хадаасаа авхуулмаар байна гэж байсан юм. Угаасаа 1 жил 6 сарын дараа хадаасыг авхуулах шаардлагатай байдаг бөгөөд гадны биетээ авхуулах зорилгоор ирсэн байсан. Нас барахаас нэг хоногийн өмнө нь талийгаач нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай шинжилгээ бүрдүүлээд насанд хүрэгчдийн гэмтэл согогийн 1-р тасагт хэвтсэн. 05 сарын 27-ны өдөр хэвтсэн байдаг юм. 05 сарын 28-ны өглөө 11 цагийн орчим мэс засалд орохоор бэлдээд мэдээгүйжүүлэгч эмч мэдээгүйжүүлэх үйл ажиллагаанд бэлдэж байсан. Талийгаачийн нугасны хөндийд мэдээгүйжүүлэгч эмч нь мэдээ алдуулах тариагаа хийсэн. Хагалгаанд орохын өмнө мэдээ алдуулах уг процессыг хийдэг бөгөөд мэдээ алдсан тохиолдолд мэс засал эхэлдэг юм. Мэдээ алдуулах бодисыг мэс заслын өмнөх тасалгаанд хийсэн. Тариа хийснээс нэг их удалгүй талийгаач “ууц нуруу руу загатнаад байна” гэж хэлсэн. Энэ үед мэдээгүйжүүлэгч эмч Ариунболд хажууд нь хараад хянаад байж байсан. Талийгаач “загатнаад өвдөөд байна” гээд орилоод ахар сүүл хавьцаагаа маажаад байсан. Тэгснээ талийгаачийн хөл гар нь хөшөөд байгаа бололтой байсан. Мэдээгүйжүүлэх эмч Ариунболд энэ үед арга хэмжээ авч эмчилгээг удирдсан. Энийг бол Ариунболд эмч өөрөө сайн мэдэх байхаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч :

“....2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Мөнхцэцэг гэх эмэгтэй нь хадаас авхуулах мэс засалд орохоор байсан. Эмчлэгч эмч нь Галт, мэдээгүйжүүлэлтийн эмч Ариунболд нар байсан. Тухайн үед ажил үүргийнхээ хуваарийн дагуу өвчтөний гарын шуунд уян зүү тавьж, даралтаа үзсэн. Унтуулгын эмч Ариунболд орж ирэхээр нь би нугасанд тарих бупивакайн /Bupivacain/-г эмч Ариунболдод шалгуулаад ийм тариа хийх гэж байгаа талаараа хэлж ампулын толгойг хагалж эмчид өгсөн. Эмч Ариунболд нь тариагаа шифризэнд соруулж аваад өвчтөнийг өндийлгөж суулгаж байгаад нугасанд нь тариаг хийсэн. Бупивакайн / Bupivacain/-г 2,5-3 гр орчим хийх ёстой байдаг. Хүнийхээ биеийн жин үйлчлэх хугацааг эмч өөрөө тооцож хийдэг юм. Тариа тариад удалгүй өвчтөний хөл гар нь татаад эхлэхэд өвчтөнийг тайвшруулах зорилгоор унтуулгын тиопентал тариаг Ариунболд эмчийн зөвшөөрлөөр би тариаг өвчтөний судсанд 500 мл тарьсан. Татаад байсан учраас тайвшруулж унтуулахаар уг тариагаа бага багаар хийсэн юм. Тарианы үйлчилгээ гараад дахиад таталт өгөөд эхлэхээр нь өвчтөнийг ерөнхий мэдээ алдуулалтанд оруулахаар дахиж тиопентал, тракриумыг судсаар хийсэн. Тухайн Мөнхцэцэг гэх өвчтөнд бупивакайн /Bupivacain/-г хийхээс өмнө сорил тавиагүй. Тухайн үед эмч Ариунболд надад сорил тавь гэж хэлээгүй учраас би сорил тавиагүй. Ариунболд эмч тийм заавар зөвлөмж өгөөгүй учраас би сорил тавиагүй. Журам нь мэдээгүйжүүлэлтийн эмч заавар зөвлөмж өгсөн тохиолдолд сорил тавьдаг байгаа. Урьд өдөр нь эмч Ариунболд уг өвчтөнийг үзсэн байх ёстой. Сорил тавилгүйгээр өөрөөс нь асуумж асууж мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1 хавтас 27-28 дахь тал/,

Гэрч :

“...2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Мөнхцэцэг гэх хүнд хагалгаа орно гэсэн хуваарийн дагуу эмчийн бэлд гэсэн хагалгааны багаж материалыг бэлдээд өмнөх хагалгааны багаж материалаа боож ариутгаад байж байсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч сувилагч нар өвчтөнийг мэдээ алдуулах хийсний дараа орж болно гэсэн зааврын дагуу би багаж хэрэгслээ аваад ордог байгаа. Бид нар хагалгааны гадаа коридорт байж байтал дуудахгүй байсан тул Гантөгс бид хоёр ороогүй байгаа. Тухайн үед миний ойлгосноор эмчлүүлэгчид ямар нэгэн биеийн өөрчлөлт гарсан учраас бид нарыг дуудах болоогүй хагалгаа хийгдэх болоогүй байна гэж ойлгосон. Удалгүй цагийг нь сайн санахгүй байна хэсэг хугацааны дараа “хагалгаа хойшлогдохоор боллоо” гэж эмчлэгч эмч Галт хэлсэн учраас бид нарын хагалгааны өрөө рүү оролгүй дараагийн ажилдаа шилжсэн. Энэ өдрөө ажлаасаа буугаад маргааш ажилдаа ирэхэд Мөнхцэцэг гэх эмэгтэй нас барсан гэдгийг нь ажил дээр ирж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Гэрч :

“...2019 оны 7 сараас Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд ажиллаж байна. ...Харшлын маягт гэж тусдаа байхгүй. Харин мэдээгүйжүүлэгч эмчийн маягт хуудас тусдаа байгаа. Уг маягтад байгаа асуумжийн дагуу асуугаад бөглөөд өвчтөнөө мэдээ алдуудалт хийхээ өвчтөндөө тайлбарлана. Эрүүл мэндийн сайдын 611 тоот маягтыг бүгд бөглөнө гэж заасан байгаа. Бөглөөгүй тохиолдолд ямар дүрэм журам зөрчигдсөн юм бэ гэдгийг нь мэдэхгүй байна. Ариунболд эмчийн хувьд өөрөө мэдээгүйжүүлгийн хуудсаа бөглөхөө мэдэж байж яагаад бөглөөгүйг нь би одоо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

Гэрч :

“...2020 оноос чанарын албаны даргаар ажиллаж байна. ...М.Мөнхцэцэг гэх эмэгтэй нас барсан асуудалд манай чанарын албанаас талийгаачийн өвчний түүхийг хянаж үзсэн байгаа. Одоогоор би яг нарийн сайн санахгүй байна өвчний түүхэнд үзлэг дутуу байсан бол үүнийгээ яагаад хийгээгүй талаар нь анхааруулж байсан. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байсан учраас мэдээгүйжүүлгийн эмч Ариунболд, эмчлэгч эмч Галт нарт ямар нэгэн сахилгын арга хэмжээ аваагүй байгаа. Унтуулгын өмнө үзлэг хийхдээ өвчтөний биеийн байдал асуумжийг асуугаад унтуулга хийхдээ харшлах эсрэг заалт бий эсэхийг мэдээгүйжүүлгийн эмч өөрөө тогтоох үүрэгтэй. Мэдээгүйжүүлэг хийхдээ харшлын асуумжийг заавал асуух ёстой бөгөөд харшилтай гэж хэлбэл сорилыг тавина. Мөн эмч өөрийн дотоод итгэлээр харшилтай гэж хэлсэн бол сорилыг мөн тавьж болдог байгаа. Ариунболд эмчийг яагаад бөглөөгүйг би одоо хэлж мэдэхгүй байна. Өвчний түүхийг би харлаа мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1194 дугаартай шинжээчийн:

“....Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ....” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн:

“...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэс заслын мэдээгүйжүүлгийн явцын бичиглэлд “нугасны хөндийн мэдүүгүйжүүлгийн” эм болон тун хэмжээ бичигдээгүй байна. ...мэдээгүйжүүлгийн ямар төрлийн эм тариа хэрэглэсэн болон харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, харшлын сорил тавиагүй байна. Мэдээгүйжүүлгийн эмч харшлын талаар асуумж авч, шаардлагатай тохиолдолд сорилыг тавих ёстой. ...Мэдээгүйжүүлгийн эмч мэдээгүйжүүлэг хийгдэхийн өмнө харшилтай эсэх талаар асуумж авах ёстой, Үүнийг хийгээгүй байна. ...шинжилгээний хариу өвчний түүхэд хавсрагдаагүй байна. ...амь аврагдах боломжгүй байжээ. Талийгаач нь хэт мэдрэгшлийн шокийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182 тоот тушаалаар нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт” /1 дүгээр хавтаст хэргийн 94-97 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтран гаргасан 103 дугаартай шинжээчийн:

“...эмийн эмчилгээний бичиглэл өвчний түүхэнд хавсрагдаагүй байна. ...эмчилгээ оношилгоо зохих журмын дагуу хийгдэж байгаа эсэхэд тухайн тасгийн эрхлэгч, эмнэлгийн чанарын алба, эмчилгээ эрхэлсэн захирал нар хяналт тавин ажиллах үүрэгтэй ...2020 оны 22815 тоот дахин хэвтэх үеийн өвчний түүхэнд асуумжийн хэсгийг бөглөөгүй байна, мөн мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй тул мэдээгүйжүүлгэд ямар тариаг хэдэн граммаар хийсэн, тун хэмжээний талаарх дүгнэлт өгөх боломжгүй байна. ...2020.11.10-ны 1268 дугаартай дүгнэлт, 2021.02.24-ний өдрийн 122 дугаартай дүгнэлтүүд тус тус үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 212-222 дахь тал/,

Шинжээч эмч Ц.Ганболдын:

“Мэдээгүйжүүлэг хийсэн эмч энэ талаар заавал хөтөлж бичиж тэмдэглэл авах ёстой. Мэдээгүйжүүлгийн эмч нь мэдээ алдуулалтын явцад цаг хугацаа эмийн тун хэмжээ амин үзүүлэлтүүдийг тэмдэглэх тусгай маягт хөтөлнө. Өвчний түүхийг харахад харшлын асуумж аваагүй байсан. ...биед үзлэг хийсэн асуумж авах ёстой байсныг хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

“Г*******”-ийн 22815 дугаартай өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 69-81 дэх тал/, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/, Нугасны хөндийн мэдээгүйжүүлгийн стандарт /2 дугаар хавтаст хэргийн 97-102 дахь тал/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Билгүүний мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 26 сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт заасан стандарт удирдамжийг зөрчсөн байхыг шаарддаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд эмч *******ыг стандарт зөрчсөн талаар дүгнэлт байхгүй. Хохирогч нас барсан нь золгүй тохиолдол бөгөөд үүнийг гэмт хэргээс ялгахын тулд эмчийг ямар стандарт журмыг зөрчсөн талаар тогтоох ёстой. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтад мэдээгүйжүүлгийн явцын талаарх баримтыг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн архиваас авсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах “Г*******”-ийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд “зүүн хөлийн шилбэнд хадуулсан түгжээт хадаасыг авах” мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийх стандартын 6, 10-т заасан “мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг” хийх, мэдээгүйжүүлгийн үеийн хяналт болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаартай тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг хийж, хуудсыг бөглөөгүй, хагалгаанд орохын өмнөх харшлын анамезын талаар асуумж авах зэрэг хийвэл зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн мэдээгүйжүүлэг хийсний дараа эмийн харшлын урвал илэрсний улмаас нас барсан гэх үйлдэлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д М.Мөнхцэцэг нас барлаа” гэсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “манай хамаатны Тогоохүү 00:00 цагийн орчимд над руу яриад нас барчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч ******* “Галт эмч над руу залгаад Мөнхцэцэгийн талаар хэлэхдээ сая мэс заслын үеэр Мөнхцэцэгт мэдээгүйжүүлэлт хийсэн чинь эмийн бодисын харшил өгөөд дөнгөж хийтэл доошоо өвдөөд байна гээд Мөнхцэцэг орилсон, ...унтуулгын эмч Ариунболд эмээс харшилсан ...унтуулчихсан байгаа гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч ******* “Мэдээ алдуулах бодисыг мэс заслын өмнөх тасалгаанд хийсэн. Тариа хийснээс нэг их удалгүй талийгаач “ууц нуруу руу загатнаад байна” гэж хэлсэн. Энэ үед мэдээгүйжүүлэгч эмч Ариунболд хажууд нь хараад хянаад байж байсан. Талийгаач “загатнаад өвдөөд байна” гээд орилоод ахар сүүл хавьцаагаа маажаад байсан. Тэгснээ талийгаачийн хөл гар нь хөшөөд байгаа бололтой байсан. Мэдээгүйжүүлэх эмч Ариунболд энэ үед арга хэмжээ авч эмчилгээг удирдсан” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч “Тухайн Мөнхцэцэг гэх өвчтөнд бупивакайн /Bupivacain/-г хийхээс өмнө сорил тавиагүй. Тухайн үед эмч Ариунболд надад сорил тавь гэж хэлээгүй учраас би сорил тавиагүй. Ариунболд эмч тийм заавар зөвлөмж өгөөгүй учраас би сорил тавиагүй. Журам нь мэдээгүйжүүлэлтийн эмч заавар зөвлөмж өгсөн тохиолдолд сорил тавьдаг байгаа. Урьд өдөр нь эмч Ариунболд уг өвчтөнийг үзсэн байх ёстой” гэсэн мэдүүлэг,

- Гэрч “хэсэг хугацааны дараа “хагалгаа хойшлогдохоор боллоо” гэж эмчлэгч эмч Галт хэлсэн учраас бид нарын хагалгааны өрөө рүү оролгүй дараагийн ажилдаа шилжсэн. Энэ өдрөө ажлаасаа буугаад маргааш ажилдаа ирэхэд Мөнхцэцэг гэх эмэгтэй нас барсан гэдгийг нь ажил дээр ирж мэдсэн” гэсэн мэдүүлэг,

- Гэрч “Харшлын маягт гэж тусдаа байхгүй. Харин мэдээгүйжүүлэгч эмчийн маягт хуудас тусдаа байгаа. Уг маягтад байгаа асуумжийн дагуу асуугаад бөглөөд өвчтөнөө мэдээ алдуудалт хийхээ өвчтөндөө тайлбарлана. Ариунболд эмчийн хувьд өөрөө мэдээгүйжүүлгийн хуудсаа бөглөхөө мэдэж байж яагаад бөглөөгүйг нь би одоо мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,

- Гэрч “Унтуулгын өмнө үзлэг хийхдээ өвчтөний биеийн байдал асуумжийг асуугаад унтуулга хийхдээ харшлах эсрэг заалт бий эсэхийг мэдээгүйжүүлгийн эмч өөрөө тогтоох үүрэгтэй. Мэдээгүйжүүлэг хийхдээ харшлын асуумжийг заавал асуух ёстой бөгөөд харшилтай гэж хэлбэл сорилыг тавина. Мөн эмч өөрийн дотоод итгэлээр харшилтай гэж хэлсэн бол сорилыг мөн тавьж болдог байгаа. Ариунболд эмчийг яагаад бөглөөгүйг би одоо хэлж мэдэхгүй байна. Өвчний түүхийг би харлаа мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй байна” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1194 дугаартай шинжээчийн “Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн “2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэс заслын мэдээгүйжүүлгийн явцын бичиглэлд “нугасны хөндийн мэдүүгүйжүүлгийн” эм болон тун хэмжээ бичигдээгүй байна. Мэдээгүйжүүлгийн ямар төрлийн эм тариа хэрэглэсэн болон харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, харшлын сорил тавиагүй байна. Мэдээгүйжүүлгийн эмч харшлын талаар асуумж авч, шаардлагатай тохиолдолд сорилыг тавих ёстой” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтран гаргасан 103 дугаартай шинжээчийн “2020 оны 22815 тоот дахин хэвтэх үеийн өвчний түүхэнд асуумжийн хэсгийг бөглөөгүй байна. Мөн мэдээгүйжүүлгийн хуудас байхгүй тул мэдээгүйжүүлгэд ямар тариаг хэдэн граммаар хийсэн, тун хэмжээний талаарх дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн дүгнэлт,  

- Шинжээч эмч Ц.Ганболдын “Мэдээгүйжүүлэг хийсэн эмч энэ талаар заавал хөтөлж бичиж тэмдэглэл авах ёстой. Мэдээгүйжүүлгийн эмч нь мэдээ алдуулалтын явцад цаг хугацаа эмийн тун хэмжээ амин үзүүлэлтүүдийг тэмдэглэх тусгай маягт хөтөлнө. Өвчний түүхийг харахад харшлын асуумж аваагүй байсан” гэсэн мэдүүлэг болон Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182 тоот тушаалаар нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт”, “Г*******”-ийн 22815 дугаартай өвчний түүх, Нугасны хөндийн мэдээгүйжүүлгийн стандарт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Э.Ганбат нараас “өвчтөнд нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийхдээ хууль, журам, стандарт зөрөөгүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “шүүгдэгч ******* нь “Г*******”-ийн мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа мэс засалд орохоор төлөвлөгдсөн өвчтөн нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийхдээ “Мэдээгүйжүүлгийн эмчийн мэс заслын өмнөх үзлэг, мэдээгүйжүүлгийн явц, сэрээх үеийн хяналтын хуудсыг бөглөөгүй, мэс заслын өмнөх үзлэгийг хийгээгүй, өвчтөнөөс харшилтай эсэх талаарх асуумж аваагүй, шаардлагатай тохиолдолд харшлын сорил тавих үүргээ биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд өвчтөн М.Мөнхцэцэг нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барьсан нь мэдээгүйжүүлгийн их эмч *******ын дээрх үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох бөгөөд материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Иймд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгох бөгөөд энэ хуулиар эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь амь хохирогч М.Мөнхцэцэгийн хагалгааны мэдээгүйжүүлгийн их эмчээр ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний биеийн байдлыг зөв үнэлж, дүгнэн стандарт эмчилгээ хийж, шат дараалсан арга хэмжээ авах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч М.Мөнхцэцэгийн төрсөн аав Ж.Мөнхдалай нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхдалай нь хохирол, хор уршигт нийт 26.573.950 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 5.963.600 төгрөгийн баримт байна. /1-р хавтаст хэргийн 122 дахь тал/ Үүнээс шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч нараас хохирол төлбөр төлөөгүй байх тул иргэний хариуцагч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс 5.963.600 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхдалайд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нэхэмжлэлээс үлдэх 20.610.350 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заажээ.

Амь хохирогч М.Мөнхцэцэг нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барахдаа 33 настай байсан бөгөөд Монгол Улсын статистик мэдээллийн санд хүн амын дундаж наслалт “эмэгтэй 76 нас” гэж тогтоосон, мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420.000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хэмжээг дээрх хууль, тогтоолд зааснаар хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан тул Монгол Улсын эмэгтэй хүний амын дундаж наслалт 76 нас байх бөгөөд амь хохирогч М.Мөнхцэцэг нь нас барах үедээ 33 настай байсан тул дундаж наслалтын зөрүү болох 43 жилийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр үржүүлэн гарсан 18.060.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж нийт 90.300.000 төгрөгийг иргэний хариуцагч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирол, хор уршгийн төлбөрт 5.963.600 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 90.300.000 төгрөг, нийт 96.263.600 төгрөгийг иргэний хариуцагч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхдалайд олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөн тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.  

Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “ ...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу “хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүн”-ийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан байна. 

Шүүгдэгч *******ын тухайд тэрээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хэдийгээр урьд өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан боловч “хорих ял шийтгүүлээгүй, хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдээгүй” байх тул түүнд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой боловч шүүгдэгч ******* нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх” шаардлагыг хангаагүй, тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн тухайд маргасан, хохирол төлбөр төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул түүнд 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад зааснаар оногдуулах ялаас хоёр жилийг дүйцүүлэн хасах боломжгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005020620865 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-өөс хохирол, хор уршгийн төлбөрт 5.963.600 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 90.300.000 төгрөг, нийт 96.263.600 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхдалайд олгож, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ