Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/01070

 

 

 

 

 

 

 

                           2020         03       31                             

                               101/ШШ2020/01070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХА0000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, эрхүүгийн гудамж, 0 байр 0 тоотод оршин суух, Ламын гэгээн овогт Э-н Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦА0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Батлан хамгаалах яам гудамж, 0байр 0 тоотод оршин суух, Харчу овогт Баасансүрэнгийн Тд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаа, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.О миний бие 2006 оны 10 сарын 20-нд Б.Ттай гэр бүл болж гэрлэлтийн 1357 тоот балгаагаар бүртгүүлж хамтран амьдрах болсон. Бидний хамран амьдрах хугацаанд 2008 оны 12 сарын 01-нд охин Т.Энх-Орчлон төрсөн. 2010 оноос хойш бид зан харилцааны таарамжгүй байдал болон хардалт сэрдэлтийн улмаас гар хүрч, доромжилдог болсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оны 7 сард салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань эх Э.Огийн асрамжид амьдарч өсөж торнисон бөгөөд эцгийн зүгээс охин болон Т.Энх-Орчлонд асран хамгаалах тэтгэмж өгч байгаагүй ба сүүлийн гурван жилийн хугацаанд огт харилцаа холбоо тогтоогоогүй болно. Миний бие одоогоор охины хамт Австри улсад амьдран сурч байгаа ба Б.Т нь шинэ гэр бүл 2013 онд зохин одоо эхнэр хүүгийн хамт амьдардаг тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн мараан байхгүй, мөн охин болох Т.Энх-Орчлонг миний асрамжид үлдээж эцэг Б.Тас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т миний бие 2006 оны 10-р сарын 20-нд Э.Отай 1357 тоот баталгаагаар гэр бүл болж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2008.12.01-нд Т.Энх-Орчлон охинтой болсон. Э.О нь 2010 оны гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж хоногоор явах болсноор бидний харилцаа таарамжгүй байдалд орж 2012 оны 7 сараас тусдаа амьдрах болсон. 2013 ондоо Э.О нь охины хамт Австрали улсыг зорж тухайн орондоо цагаачилж суурьшихдаа “Одоо Т минь амьдралаа бод хүлээх хэрэггүй бид буцаж явахгүй гэж ятгаж байсан. Би Эхнэр Бямбасүрэнтэй 2017.09.09-нд сэтгүүлчийн коллежид танилцаж байсан.  Улмаар хамтран амьдарч 2017.02.19-нд Бат-Уухай хүүтэй болсон. Б.Т би охин Энх-Орчлонгийн боловсрол ирээдүйг бодож Э.Отай хамт явуулсан. Цаашид түүний асрамжид өсөж хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйл үгүй. Э.О бид удаан хугацаанд тусдаа амьдарсан дахин ойлголцоход хүндрэлтэй байдаг. Б.Т бид одоо амьдарч байгаа Бямбасүрэнтэйгээ гэрлэлтээ батлуулах хүсэлттэй байна. Б.Т, Э.Отай ямар ч эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Э.О хариуцагч Б.Т нар нь 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 1357 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Энх-Орчлон төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 7, 8, 10 дахь талд/

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Э.О, Б.Т нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул өргөдөл гаргагч Э.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаагийн өргөдлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 4 дахь талд/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

     Гэрлэгсэд 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Т.Энх-Орчлонгийн асрамжийн талаар мараагүй эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зохицуулснаар охин Т.Энх-Орчлон хуульд зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр охин Т.Энх-Орчлонд тэтгэлэг тогтоон эцэг Б.Тагаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

Охин Т.Энх-Орчлонг эхийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Тулгын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Э.О нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон           

                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ламын гэгээн овогт Энхбаярын О, Харчу овогт Баасансүрэнгийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Энх-Орчлонг эх Э.Огийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Т.Энх-Орчлонг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Тар тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,068 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тас 106,068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Од олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                            Л.ЭНХЖАРГАЛ