Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* тэдгээрийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, нарт холбогдох эрүүгийн 2305000210320 тоот дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******,*******,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ий ажлын байрны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, хохирогч эзэмшлийн 32 инчийн зурагт, 150 ампер цагтай Делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай Солит аккумлятор, гагнуурын аппарат, импакттай том дрилл, импакттай жижиг дрилл, дорцовны ком, товуудны шфриц, конбинзон, аккумлятор цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.005.200 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшлийн “” ХХК-ий хашаанд өдрийн 10 цаг 30 минутын үед очиход манай ажилтан болох ,, нар экскаватороо янзлаад хонож ажилласан гээд байж байсан. Бид нар оффис дээрээ байж байгаад өдрийн 14 цаг 30 минутын үед бүгдээрээ гарцгаагаад Чойрын зүг ажилтай явж байтал Налайхын цаана манай том машинд цахилгааны асуудал гараад, буцаад Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Улаанбаатар хотоос цахилгааны утас хайж явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй, хаасан байсан бөгөөд ажлын байрнаасаа утас авахаары хамт 23 цаг өнгөрч байхад ажилчдын оффис байр руу ороод хартал зүүн талын цонх хагарсан байдалтай, онгорхой байсан. Тэнд байсан 32 инчийн зурагт 1 ширхэг, 150 ампер цагтай делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, дөрвөлжин улаан аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, солонгос ногоон гадартай гагнуурын аппарат 1 ширхэг, импакттай дрилл ком багаж 1 ширхэг, импакттай дрилл том 1 ширхэг, импакттай дрилл жижиг 1 ширхэг, дорцовны ком сет 1 ширхэг, товуудын шфриц 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, ахын өмсөж байсан конбинзон тус тус алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БГ2-23-331 дугаартай “...Эд зүйлс 2.035.200 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...бичлэгийн 17 цаг 18 минут 56 секундэд сэжигтэй хоёр этгээд “сай” загварын тээврийн хэрэгсэл дотроос буугаад “” ХХК-ий хашаа руу орж байгаа байдлаар бичигдсэн байв. Бичлэгийн 17 цаг 35 минут 36 секундээс 17 цаг 40 минут 16 секунд хүртэл сэжигтэй хоёр этгээд нь “” ХХК-ий хашаанаас эд зүйл зөөж, тээврийн хэрэгсэл дотроо тавьж байгаа байдлаар бичигдсэн байх ба бичлэгийн 17 цаг 41 минут 32 секундэд тээврийн хэрэгсэл хөдлөөд явж байгаагаар хяналтын камерт бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын эхээр ажилд орсон. Манай компани нь том машинаар уул уурхайн техникийг ачаад, уул уурхайн компани руу тээвэрлэж, тээврийн мөнгөө эргүүлж авдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би компанийн захирал Ариунболдтой уулзаад “миний эцгийн бие муу байна, үлдсэн цалингаа аваад ажлаасаа гарах хүсэлтэй байна” гэж хэлэхэд “чи ажлаас гарч болно, одоогоор мөнгө орж ирээгүй байгаа тул чиний цалинг өгөх боломжгүй байна” гэж хариулсан. 2022 оны 09 дүгээр сард миний төрсөн эцгийн биеийн байдал муудсан учир өөрийн хүсэлтээр тухайн байгууллагаас гарсан. Ажлаас гарсны дараа Ариунболд захирал руу 3 удаа залгаж үлдэгдэл 2.000.000 төгрөгийн цалингаа авах талаар хэлэхэд “мөнгө орж ирээгүй байна” гэж хэлээд цалин өгөхгүй байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед найз Пүрэвцогт манай гэрт ирсэн. Бид хоёр гадуур ажил амжуулж байгаад би Пүрэвцогтод “захирлын гар утас руу залгахад утсаа авахгүй байна, хоёулаа ажил дээр нь очиж уулзъя” гэж хэлээд, хамт 16 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ий ажлын байранд очоод, хашааны хойд хаалгаар орж, байшин руу орох гэтэл хаалга нь түгжээтэй, хүн байхгүй эзгүй байсан. Би Пүрэвцогтод хандаж “цонхыг нь хагалж ороод дотор нь байгаа эд зүйлийг нь аваад гарья” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, ойролцоогоор 60 сантиметр урттай, 30 орчим сантиметр өргөнтэй цонхыг нь Пүрэвцогт хагалаад, тус цонхоор орж байшин дотор байсан 32 инчийн зурагт, 150 ампер цагтай аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, гагнуурын аппарат гар масстай нь хамт 1 ширхэг, импакт дриллний ком 1 ширхэг, дроцовны ком 1 ширхэг, товуудын шифриц зэрэг эд зүйлсийг хагалсан цонхоор гаргаад надад өгөх үед нь би тухайн эд зүйлүүдийг Пүрэвцогтын эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота сай” загварын 86-68 улсын дугаартай автомашинд зөөж ачсан. Эд зүйлсийг машинд ачиж дуусаад Пүрэвцогт хагалсан цонхоор эргэж гараад, хагарсан цонхыг хааж орхиод, машиндаа сууж миний түр оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүрэг, Баганарангийн 44-р гудамжны 25 тоот хашаанд бид хоёр очоод, авсан эд зүйлсийг машинаас зөөж манай гэрт оруулсан. Одоо үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 223-224 дахь тал/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүрэг, 65-р сургуулийн автобусны буудлын хойно байх нийтийн байранд оршин суудаг найз Лүндаажанцангийн гэрт очоод, түүний хамт гадуур ажил хөөцөлдсөн. Лүндаажанцан надад “...“” ХХК дээр очиж захирал Ариунболдтой уулзъя, би түүнээс цалингаа авах ёстой юм” гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр миний эзэмшлийн 96-38 УНС улсын дугаартай “Тоёота сай” загварын, цагаан өнгийн машинтай тухайн байгууллага руу явсан. Тухайн өдрийн 16 цагийн үед “” ХХК-ий хашаанд орох үед эзгүй байсан ба бид хоёр цонхоор харсан чинь дотор нь эд зүйлс харагдаж байсан. Лүндаажанцан надад “энэ дотор байгаа зүйлийг нь аваад яваад явъя, чи цонхыг нь хага цохичих” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн цонхыг бүдүүн модоор цохих үед шил нь хагарсан. Би цонхоор ороод байшин дотор байх эд зүйлсийг хагарсан цонхоор Лүндаажанцанд өгөх үед тэр эд зүйлсийг өрсөн. Тэгээд би тухайн байшингаас гараад гадаа өрсөн эд зүйлсийг Лүндаажанцангийн хамт өөрийн эзэмшлийн автомашинд ачиж хөдлөөд Лүндаажанцангийн гэрт очоод хулгай хийсэн эд зүйлийг түүний гэр рүү нь зөөж оруулаад би гэр лүүгээ харьсан. Өөрийн хийсэн үйлдлийг би гэмт хэрэг гэж мэдэж байсан. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Лүндээжанцан, ******* нар нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж”, хохирогч Б.Ариунболдод 2.005.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Сай” УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 23.500.625 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргаангүй. ******* нь тухайнд байгууллагад урьд нь ажиллаж байсан бөгөөд найз *******той үйлдлээрээ нэгдэж авсан эд зүйлээ зарж борлуулаагүй, ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Харин үүнийг барьцаалан цалин хөлсөө авах зорилготой байсан бөгөөд хулгайлах санаа зорилго байгаагүй. Авсан эд зүйлээ биет байдлаар буцаан өгсөн...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нар нь:

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ий ажлын байрны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, хохирогч эзэмшлийн 32 инчийн зурагт, 150 ампер цагтай делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай солит аккумлятор, гагнуурын аппарат, импакттай том дрилл, импакттай жижиг дрилл, дорцовны ком, товуудны шприц, конбинзон, аккумлятор цэнэглэгч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдэж хохирогчид 2.005.200 төгрөгийн хохирол учруулан хулгайлан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БГ2-23-331 дугаартай үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

Хүний орон байрын халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.    

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ариунболдод нийт 2.035.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь биет болон биет бус байдлаар хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөр төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх эсвэл 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2, 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч *******, ******* нарын тухайд хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн боловч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заажээ.

Иймээс шүүгдэгч *******, ******* нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Сай” УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “” ББСБ-ын зээлийн барьцааны хөрөнгө бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр 23.500.625 төгрөгийн үнэтэй байх тул шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000210320 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, мөн “” ББСБ-ын зээлийн барьцааны хөрөнгө болох 96-38 УНС дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Сай” УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 23.500.625 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, мөн “” ББСБ-ын зээлийн барьцааны хөрөнгө болох 96-38 УНС дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ