Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/00052

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 25 өдөр

     Дугаар 101/ШШ2020/00052

Улаанбаатар хот

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн  тоотод оршин суух  Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн  тоотод оршин суух,  Ед холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэрьяа нар оролцов.                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.М миний бие нь 2012 онд Б.Етэй танилцаж 2014 оноос хамран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 8 сарын 22-нд хүү М.Т******* төрсөн. Бид тодорхой шалтгаан улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Б.Е нь олон удаа миний биед хүрч зоддог байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 9 сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсөж торнисон. Одоо бид дахин хамтран амьдрах боломжгүй тул хүү М.Т*******т тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Ед холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Ед 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулж, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зохицуулсан.

          Зохигчид 2012 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүү Е.Т******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/

Одоо хүү Е.Т******* 4 настай эх О.Мийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү Е.Т*******ийн төрсний гэрчилгээг олгохдоо эцэг Б.Егээр овоглож бүртгэсэн байх ба 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Т*******ийн овгийг эх Мээр овоглож бүртгэжээ.

Хариуцагч нь хүү М.Т*******ийн эцэг мөн эсэх талаар маргаж, ямар нэг тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж тус тус зохицуулсан тул хүү М.Т*******т хуульд зааснаар тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр эх О.Мийн асрамжид байгаа хүү М.Т*******т тэтгэлэг тогтоон эцэг Б.Егээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна.

М.Т******* эхийн асрамжид байгаа нь эцэг Б.Егийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд О.М нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эх О.Мийн асрамжид байгаа 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Т*******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Егээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Егээс 35,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгосугай.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ